|

Монголд дайн болоод байна уу?

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар танилцууллаа. Баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Улсын хэмжээнд давхардсан тоогоор эргүүлийн 206, замын хөдөлгөөний зохицуулалтын 878 чиглэлд 4028 офицер 5097 цагдаа, 685 сонсогч  үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг зөрчлийн 8158 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага ирснээс 960 хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэв.

Цагдаагийн алба хаагчид 11 гэмт хэргийг илрүүлж, согтуугаар танхайрсан 1282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан найман иргэнийг  баримтжуулж, зөрчил гаргасан 7136 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон долоон эмэгтэй, 18 хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулсан байна. Ердөө хоёрхон хоногийн дотор 1110 гэр бүл хүчирхийлэлд өртөж, 30 шахуу эх, хүүхэд хамгаалах байранд хоргоджээ. Ингэхэд Монголд дайн болоод байна уу?

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр гарсан хүн амины ноцтой хэргийн хохирогч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав оны эхний өдөр цаг бусаар хорвоог орхисон байна. Талийгаачийн аав Р.Төмөрхуягийг ходоодны хорт хавдрын улмаас нас барсан гэх боловч, сэтгэл санаанаас дарамтаас үүдэлтэйгээр хавдрын өвчлөл хүндэрч нас барсан байх магадлалтай гэдэг мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь тэр эр хүүгээ амь үрэгдсэний дараа уг хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийг зөв шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байгаа тухайгаа удаа дараа хэвлэлийн бага хурал зарлаж, нийтэд мэдээлж байсан билээ. Олон нийт болон талийгаачийн гэр бүл Т.Гомбосүрэн агсныг эрхэлж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулан улс төрийн зорилгоор амь насыг нь хөнөөсөн гэж үзэж байсан ч хэргийн шалгалтын явцад ахуйн чанартай маргаанаас үүдсэн санамсаргүй гэмт хэрэг болж, хэргийн холбогдогчийг ял завшуулахаар оролдож байгаа тухай Р.Төмөрхуяг гуай хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ хэлсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл ЗТХЯ дээр гарсан уг хэрэг нэг гэр бүлийн хоёр хүний амийг авч одлоо. Шалтгаан нь мөн л архидан согтуурснаас үүдэлтэй. Оны өмнөхөн Архангай аймагт МАН-ын гишүүнчлэлтэй хоёр эр сумын ИТХ-ын гишүүний гэрт дайрч ороод зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр эцгийг нь алж талсан тухай АН-ын нарийн бичгийн дарга нар мэдээлсэн. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллага мэдээлэл хийж, "Архангайд гарсан хэрэг улс төрийн шалтгаангүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл ямар шалтгаантай юм. Ингэхэд Монголд дайн болоод байна уу?

Өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, нийгэм зэрлэгших талдаа гарсныг Хууль зүйн сайд нь хэлэхгүй байсан ч баярын хоёрхон өдөрт гарсан хүчирхийллийн дуудлага, хүн амины ноцтой хэргүүд бэлээхэн хэлээд өгч байна. Тэгвэл нийгэм ингэтлээ зэрлэгшээд байгаагийн шалтгаан нь юу юм?

Б.Заяа

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу