|

МСҮТ-Д СУРАЛЦАГЧ 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ АВНА

МСҮТ-Д СУРАЛЦАГЧ 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ АВНА

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Төрийн албан хаагчтай холбоотой журмуудыг батлав

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагч 100 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна.

Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө.  Тухайлбал "D” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол 70 мянга, "С” бол 80, "В” бол 90 мянга, "А” бол 100 мянган төгрөг авна гэсэн үг юм. Гэхдээ тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ.

2018-2019 оны хичээлийн жилд техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад 37 мянга гаруй хүн суралцаж байна.

Товч мэдээ

-   "Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталлаа. Үнэлгээ нь шуурхай, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гэсэн гурван шаттай байх юм. Ингэснээр хохирлыг шуурхай, бодитой тооцож, гамшигт нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, яаралтай болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжирч, хойшлуулшгүй сэргээн босголт болон хөгжлийн төлөвлөлтийн үр дүн нэмэгдэнэ гэж үзлээ.

-  Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

-  Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд босгох хүрэл хөшөөний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.

-   Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

 Яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов

Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Бэгзжавын Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар тус тус томилжээ. Мөн Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилов.

Түүнчлэн Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу