|

ХАВРААС АЙГЧИД

ХАВРААС АЙГЧИД

 

Хавар ер нь их хачин зугаатай улирал. Хамаг сайн муу юм бүхнийг хөдөлгөдөг. Гэвч бидний тэсэн ядан заримдаа бараг хоног тоолон хүлээдэг сайхан цаг. Ичигсэд сэрж, хорвоо дэлхий сэргэж, холын дуу ойртож, голын мөс ханзардаг. Хүний сэтгэл үймэрч, хөл хөдөлгөөн ч нэмэгддэг. Хатуу хөлдүү өвөлд дараатай байсан бүх зүйл хавар л хүлээс баринтагаа задалж, хүмүүсийн хүсэл урмас сэргэдэг. Тэр цаг тун ойрхон иржээ. Энэ улирал олон хүнд сайн явдал бас зарим хүнд айдас дагуулдаг. Тэртусмаа манай өнөөгийн эрх дархтануудад ирэх хавар нэг л айдас дагуулж, хүн л юм болохоор төрөлх зөн совингоороо мэдрээд зүйл бусын үйл явдал өнөөдөр өрнөж байна. 
Хавраас өмнө засаг цалин тэтгэвэр нэмэх нь айдас. Хавраас өмнө шударга үнэнчийн дүр үзүүлэх нь айдас. Хавраас өмнө эдийн засгийн өчүүхэн ололт амжилтаа сурталчлах нь айдас. Учир нь хавар ард түмний тэсвэр тэвчээр алдрах гээд байна. Амжиж жаахан намжаах гэсэн айдас. Гэнэт бүгдээрээ "миний талд ард түмэн байгаа” гэж хашгирах нь ердөө айдас. Хэн нэгнийхээ хулгай дээрмийг илчлэх бас л айдас. Үнэндээ гэмтнүүд маань хавраас айгаад эхэллээ. 
Хавар ер нь хачин сайхан улирал. Амны хаалт, ороолт малгайны цаана нуугдаж байсан нүүр царайс ил болно. Орилж хашгирсан эсэргүүцэл тэмцлийн дуу хоолой ч царцуу биш цээл болж хэд дахин хүчтэй цуурайтна. Хөл гар осгож даарахын зовлонгүй, гэр майхан, хөшөө бунхан бараадах ч шаардлагагүй. Давхар хувцастай, хувцасгүй, олон цөөн гэх маргаангүй, нимгэн нөмгөний үнэн тоо ч түмний нүд, төрийн цонхоор тодорхой харагдана. Олны нэр барьсан зальт этгээд үү, эсвэл эгэл эх оронч уу гэдэг ч мөн л хавар илэрхий болно. Итгэл сэтгэл, илбэ хуурмаг нь ч ялгарна. Тиймээс хавраас л айна. 
Хавраас өмнө огт ойлгомжгүй олон долоон үг чалчих нь айдас. Хавраас өмнө нүгэл буян, нүцгэн үнэн, нүүрсний үнэ ярих нь айдас. Хавраас өмнө утаа сарниулах, угаар багасгах гэж цуурах нь айдас. Хавраас өмнө эмнэлэг сувилал, эдгэрэл, өвчлөл эрүүл мэнд, эх үрсдээ санаа зовних нь бас л айдас. Хавраас өмнө боловсрол сургууль, сурах бичиг, сургалт хүмүүжилд сэтгэл нь чилж, зөөлөн суудалдаа тухлах аргагүй өндөлзөх нь айдас. Бүгд л "эх оронч, хайртай хүү” болох гэж ярьж болох бүх сувгаар ялаа шиг дүнгэлдэх нь айдас. Тэд хавраас үнэхээр айж байна. 
Хавар ер нь хачин сэхүүн улирал. Эрх чөлөө, шударга ёс, сэнх татсан урин салхитай хамт сэвэлздэг. Дарлал гэдэг доромжлолоос эхлэлтэйг мэдрүүлдэг. Амьдралд бас сайн сайхны амт үнэр буйг сануулдаг. Цөөнхийн бялуурал, олонхын ядуурал гэж юу болохыг илчилдэг. Эрдэм чадлаараа бус элдэв аргаар цагийн завшаанд гарагчид үлгэрийн мангасаас ч илүү үнэн "мангас” болохыг харуулдаг. Элдэв нүх хонгилд ч энд тэндээс нь нарны гэрэл нэвтэрдэг. Алдар хүндийн хуурмаг өндөрлөгөөс хаврын хайлмаг цастай хамт хуурамч явдалтнууд гулсаж унадаг. Унах ёстой ёроолдоо эдлэх ёстой үйлээ үүрдэг. Тиймээс л хавраас айгчид хавраас өмнө хоргодох газраа хонхойлж эхэлдэг. 
Хавраас өмнө олонд хандаж манай хаяанд буувал магад жаргалтай болно гэж нам бүхэн найр тавих нь айдас. Даанч нам бүхний хаяанд өвлөөс өөр улирал байхгүйг түмэн олон төвөггүй мэддэг болчихож. Мөсөн хонгилд хорин хэдэн жил хорьсон, чирсэн, дааруулсан дагжаасан гашуун утаатай гамшиг нүүрлэсэн өдрүүдийг хавраас өмнө мартуулахыг хүсэх нь харваас өнөөх айдас. Мөнхийн л бороо ногоотой газрын бодлого ярьж, их номтны дүрд хувилах нь айдас. Ар гэр, үр хүүхдээ адсаган дээрх шалз шиг хаячихаад амар түвшин аз жаргалтай гэр бүл, төр засгийн тухай бурах нь айдас. Хавраас өмнө ухаантны төрхтэй гол дүрд уран сайхны тоглолт хийх нь мөн л айдас. 
Хавар ер нь хачин залуу улирал. Хуучирч хоцрогдсоноо нүүрээ татуулж, үсээ будуулаад ч нуухад хэцүү. Сайдаас өөр сандал дээр суугаагүй, сархаднаас өөр гашууныг үзээгүй яваад хаврын залуу хурданд гүйцэгдэж, хөл солбиулан, хүзүү сунгах бүр ч хэцүү. Тийм цагийн эрхгүй ҮНЭНД баригдаад гутлаа үдэж, зангиагаа засаад жам там хоёртой нүүр тулах нь бүр хэцүү. Гэвч одоо яах билээ. Өөрийн жаргал цэнгэлийг өрөөлийн зовлон гунигаар тулж явсных нь гор ирнэ. Хар хүч, хөлс хөдөлмөрөөрөө бус хамах завшихаар амьдарч ирсэнийх нь ор гарна. 
Хавраас өмнө хамаг бүгдээ нуух далдлах нь айдас. Хавраас өмнө нуур далай шиг цалгиж, гурил будаа, цай давс тараах нь айдас. Хавраас өмнө ашиглалтын гэрээ, ашигт малтмалын бичгээ амбаар савандаа хав дарах нь айдас. Хавраас өмнө хууль ярьж, гууль үнэд орох нь айдас. Хавраас өмнө гадаад мөнгөний ханш буулгах, газрын тосны үнэ багасах ч айдас. Хавраас өмнө хаяагаа манаж, ханилснаа түлхэх нь айдас. 
Хавар нь ер нь хачин шударга улирал. Сэм нам сууж, ханцуй дотроо наймаалцаж, хуйвалдаж, зууралдсан бүхэн ил болдог. Өнгө мөнгөний төлөө үзэл бодлоо арилжиж, авахаас нэр, явахаас мөр төдий бологчдын зуурдын амжилт нь үүрдийн босгонд тээглэж унадаг. Нуруутай сайхны царай гаргавч хуруу гараа бузарт дүрсэн хуурмаг явдлууд нь ил цагаан болж, ичих нүүргүй ч очих газар нь зүүдээ хичнээн яривч үүдээ нээх гарцаагүй улирал. Өгсөх замдаа уулын чулуу бутраагаад уруудах цагтаа тээглэж унадаг болохыг яруу тодоор харуулна. Тиймээс л хавраас айгчид одоо аргаа барж эхлээд байна. 
Хавраас өмнө найр наадам ярьж, морь мал хөөцөлдөх нь айдас. Хавраас өмнө нутгийн зөвлөл, судгийн ногоонд шаналах нь айдас. Хавраас өмнө хөмсөг зангидаж, төмсөгний хэрэгт бусдыгаа түлхэх нь айдас. Хавраас өмнө бараан замаа цайруулах гэж цагаан инээд цалгиулах нь айдас. Мурийтай тоглоом, зөрүүтэй үгнээсээ уучлал гуйх нь айдас. Барьж явсан ах нарынхаа цүнхийг хаячихаад, үнэрлэж явсан өгзөгөө үмхий гэх нь айдас. Уснаас хуурай гарах гэж цуснаасаа спирт хайх нь хүртэл айдас. 
Хавар нь ер нь хачин шазруун улирал. Хуурч мэхэлсэн, хакердаж аргалсан "хар машиныг” хар мангастай нь, хар хонгилтой нь, харанхуй МАНАН- тай хага цохих нэхэл дагал ихтэй, сэхэл ухаарлын улирал. Зугаагаа зурагтаар зарлаж, увайгүй хэргээсээ уучлал хүсээд өнгөрөх ЖИЖИГ ДУНД ҮЙМЭЭН таригчдын жинхэнэ банзал сөхөгдөх цаг ирж байна. Нууж дарсан хэргүүд нь гуя хас шиг нь ил гялалзаж, жигшүүр бүхэндээ живэх цаг ирж байна. Хууль бусаар хураасан бүхнийхээ дунд нойр дутуу шөнүүд ирж байна. Найр тавьсан гадныхантайгаа хамт сайр дагаад зугатах цаг ирж байна. Хавар, түмэн олны хайр тэдэнд багадаагүй. Одоо харин хавар, ард олон тэднээс хууль шаардах цаг ирж байна. 
Хавраас өмнө бултаараа тарах тухай арга барагдан шивнэх нь айдас. Хавраас өмнө шөнөөр хуралдаж, үүрээр тарах нь айдас. Хавраас өмнө ашиг тараах гэж хушга царайлах нь айдас. Хавраас өмнө өр зээлгүй болж байгаа хэмээн өрөвдүүлэх гэж өмөлзөх ч бас айдас. Аяа хавраас айгчид хөөрхий...
Хавар ер нь хачин шаналгаатай улирал. Хавар ер нь хачин шарваач улирал. Хавар ер нь хачин шалиг улирал. Магадгүй энэ мэтээр хөөрхий хаврыг олон янзаар сайн муугаар тодорхойлж болно. Гэлээ ч хавар бол хавар. ХАНЗ ТАТАХ, ХАНШ НЭЭХ УЛИРАЛ. 
Зулай төөнөх нарны илч илт нэмэгдэж, булай хэргүүдийн зах зух эхнээсээ ил болж байна. Нар цаашилж, цагийн тохироо бүрдэж байгааг сануулна. Түмэн олны нүд нээгдэж, түрхрэх дуу тун ч ойрхон сонсогдоно. Хаварт баярлаж байна. Харин түүнээс айгчид хуйхаа маажиж, нуухаа нухалж байна. 
УДАХГҮЙ ДЭНЖ НОГООРЧ ДЭЛХИЙ ДЭЛГЭРЭХ ХАВАР Ч АЙСУЙ. ДЭЭР НЬ БАС ҮНЭН ШУДАРГЫН ҮҮР ЦАЙХ "ХАВАР” Ч АЙСУЙ. ТИЙМЭЭС Л ХАВРААС АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2019-01-17