|

Х.Тэмүүжин: "60 тэрбумынхны хоолоо идээд баасан баас нь ЖДҮ"

 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сая УИХ-ын даргын нэр дэвшүүлэлт явж байх зуурт хуульчдын дунд "УИХ-ын даргаар Ц.Нямдоржийг сонгож болохгүй” гэдэг хөдөлгөөн шахуу зүйл өрнөлөө шүү дээ. Сонгож болохгүй тодорхой шалтгаануудыг ч ярьж, бичсэн. Яагаад Ц.Нямдорж биш гэж? Тэгвэл өөр хэн гэж?
-Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, байнгын ажиллагаатай парламенттай болсон 27 жилийн түүхэнд УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн хоёрхон тохиолдол гарлаа. Нэг нь Ц.Нямдорж, нөгөө нь М.Энхболд. Сүүлийн хоёр сар үргэлжилсэн үйл явцыг бүгд харсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн үед 60 тэрбумын схем буюу төрийн албан тушаал, эрх мэдлийг үнэ хүргэж, түүгээрээ сонгуулийн мөнгө босгох схем зурж, тэр нь өөрөө биелэл болсон мэтээр маш их хэмжээний мөнгөний сонгууль хийж, тэгээд УИХ-д хэт олонхи буюу нэг нам дангаараа 65 суудал бүхий УИХ бүрдсэн үр дүн гарлаа.  
-ЖДҮ-ийн мөнгөнөөс үзэхэд УИХ-ын гишүүдээс мөнгө босгох биш, харин ч гишүүддээ мөнгө хуваарилаад байгаа юм биш үү?
-Нэр дэвшиж байгаа гишүүдээсээ мөнгө босгох биш, цаана нь, төрд байгаа албан тушаалыг худалдах замаар нам дээрээ их хэмжээний мөнгө босгоод, түүгээрээ сонгуульдсан байна л даа. Өмнө бол улс төрийн намууд УИХ-ыд нэр дэвшигчдээсээ мөнгө нэхэх замаар сонгуулийнхаа кампанийн мөнгийг босгох гэж оролддог байлаа шүү дээ. МАН энэ удаа арай өөр аргаар мөнгө босгож, хүмүүсээ сонгуульд гаргасан тохиолдол боллоо. Түүний үр дүн нь сонгуулийн дараа төрийн албанд гарсан маш том хөдөлгөөн. МАН-ынхан өөрсдөө ч хэлж байх шиг байна, олон нийт, судалгааны байгууллагууд ч хэлж байна. Сонгуулийн дараа төрийн албаны хөдөлгөөн, түүнээс улбаалсан маш их хэмжээний шүүхийн зарга, маргаан явлаа. 60 тэрбумынх шиг схемыг нам өөрөө зурж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Нэр дэвшээд гарсан УИХ-ын гишүүд л "миний хүн”, "чиний хүн”, "миний сонгуульд ажилласан хүмүүсийг төрд оруулмаар байна” гэдэг байдлаар дор бүрнээ, дов довон дээрээ өөрсдийн хүнийг шахах гэж оролддог байсан. Өнөөдрийнх шиг ийм хэмжээний зохион байгуулалтад орж байгаагүй. Энэ удаа бол нам мөнгийг нь аваад, тендер зарлаад, шахааг нь хийгээд, авсан мөнгөөрөө УИХ-ын гишүүдээ гаргаж ирлээ.
Өмнө нь би үүнийг "хэн нэгний санаа байх, бодит үйл хэрэг болоогүй байх” гэж боддог байсан. Одоо яагаад бодитой юм байна гэж бодож байна гэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдэг хүн "Ийм зүйл бодитой болсон учраас энэ хүнд хариуцлага тооцох ёстой” гээд өмнөх намын даргаа энэ үндэслэлээр албан тушаалаас нь буулгалаа. Худал хэлэх эрхгүй байх ёстой Хууль зүйн сайд нь "Энэ үнээн. Би хажууд нь хараад сууж байсан. Шүүхэд гэрчээр дуудвал яваад очиход бэлэн” гэдэг байдлаар барин тавин баримттай ярилаа. Тэр битгий хэл хариуцлагатай алба хашиж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна МАН-ын бага хурлын 300 гишүүн цуглаж суугаад "Энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Манай нам бол санхүүгийн ийм схем зурж УИХ-д 65 суудал авсан нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Хөндлөнгөөс харж байгаа би эргэлзэхээс илүү дотор нь байгаа хүмүүс барин тавин хэлээд байгаа учраас "Энэ зөвхөн санаа байсан байна” гэж хэлэх аргагүй боллоо. Энэ нь бодит үйл явдал болсон гээд энэ схемийг сонссон хүн хариуцлагаа хүлээгээд бууж байгаа бол түүнийг нь гүйцэлдүүлсэн, хэрэгжүүлсэн хүмүүс ч гэсэн ар араасаа хууль, шүүхийн байгууллага руу явах байлгүй дээ.
-М.Энхболд гуай тэр хүмүүсээ чирээд явж чадах болов уу?
-Мэдэхгүй. Өмнө нь бас нэг хүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаас болж УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж байсан. Энэ хоёр хүн бол парламентат ёсны том сургамж юм даа. Тэр сургамж дээр суурилаад хэн УИХ-ын дарга байж болохгүй вэ гэдэг дээр хуульчид өөрсдийн хувийн байр сууриа илэрхийлж байгаа юм байна. Буруу ч байр суурь биш байх аа.
-Хэрвээ болчихвол яах юм? Ямар хохирол учрах гээд байна?
-Ил байгаа нь л 60 тэрбум гэж орилоод байгаа болохоос биш үнэн хэрэгтээ юу болоод байна вэ гэдгийг улс төр жаахан анзаардаг, салхи хаашаа салхилж байна гэдгийг ойлгодог хүмүүс бол "Энэ бол хонгилын жинхэнэ эзэн хонгилын түлхүүрээ авч чадаагүй учраас хонгилын түлхүүрээ авах гэж зодолдож байна” гэдгийн хүн болгон л хэлж байна. Тэр хонигл нь шударга уу, шударга бус уу, хамаагүй. Ямар ч байсан хуулийн байгууллагын эрх мэдлийг тоосго шиг өрж тавьж байгаад хонгил үйлдвэрлэчихсэн гэдэг нь бол тодорхой боллоо.
-Хонгилын жинхэнэ эзэн нь хэн гэж?
-Энэ хонгилыг бүтээлэсэн хүн нь Ерөнхийлөгчийн албан тушаал дээр байсан нөхөд. Дараачийн Ерөнхийлөгч нь өмнөх Ерөнхийлөгч нартайгаа ижил хэмжээний эрх мэдэлтэй, нөлөөтэй байхыг зүй ёсоор хүснэ шүү дээ. Яагаад гэвэл хонгил нь нураагүй, бодитой байж байгаа тохиолдолд. Тийм учраас "Хонгилын эзэн сонгогдчихоод байхад хонгилын түлхүүр яахаараа өөр хүний гарт байдаг юм” гэдэг дургүйцэл нь ямар нэг байдлаар тэр түлхүүрийн сэжмээс атгачихсан хүнийг унагах гэж оролдоно шүү дээ. Энэ бол нуугаад байх зүйл биш.
-Тэгвэл Х.Баттулга гэдэг хүн У.Хүрэлсүхэд тусалсан биш, өөртөө тусалсан хэрэг байх нь ээ дээ. УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч анх өргөн барихад хүн болгон цочсон шүү дээ. Яахаараа МАН-ын даргын хүслийг АН-ын Ерөнхийлөгч гүйцэлдүүлдэг юм бэ? Бүр нам доторх зодоон дотор нь явж ороод...гээд?
-Энэ бол МАН доторх У.Хүрэлсүх, М.Энхболд гэдэг хоёр хүний зодоон гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр улс төрийн хүчний харьцаанд орсон өөрчлөлтийн үр дагавар. Ийм үйл явц тэртэй тэргүй болох нь тодорхой байсан. Хэн нь эхэлж галыг өрдөж, хэн нь эхэлж сэлмээ сугалах нь вэ гэдэг л сонин байсан болохоос биш. Тэгээд У.Хүрэлсүх гэдэг хүн 40 гишүүнтэйгээ хонгилын түлхүүрийг шинэ эзэнд нь атгуулах гээд үзчихлээ л дээ. Атгуулдаг дээрээ харин дахиад зодоон гарах нь уу, үгүй юу. Ямар ч байсан дараачийн алхам нь АТГ-ын даргыг өөрчлөх байх. Аягүй бол УЕП-ыг өөрчлөх байх.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн М.Энхболд даргад хандаж хэлсэн санагдаж байна. Тэгж яривал та өөрөө Х.Баттулга гэдэг хүнийг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн биз дээ гэж?
-Бага хурал дээрээ тэгж хэлэх шиг болсон. Хэн нэгэн хүн хэн нэгнийг захиалсан гэдэг үгийг хар таамгаар хэлэх нь хэр зохимжтой юм бол. Л.Оюун-Эрдэнэ бол их ноцтой гурван зүйл хэлсэн. Нэгдүгээрт, хонгилыг өрөгчид гэж хэлээд байдаг хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж "Дараачийн эзэн хэн байх вэ, бид яаж энэ албан тушаал дээрээ үлдэх вэ” гэх мэтчилэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур тохирох, худалдаачин маягаар асуудлыг шийдэх гэж оролдсон гэдэг зүйл Л.Оюун-Эрдэнийн амнаас гарчих шиг болно лээ. Тэр нь үнэн бол тэнд хэн хэн сууж байсан, юу ярьсан гэдгийг ухаж ярих хэрэгтэй.
Хуулийн байгууллагын том дарга нар гэхээр хамгийн түрүүнд Улсын дээд шүүхийн нөхөд орох байх, прокурор нь орох байх, цагдаа, тагнуулын нөхөд, АТГ-ын нөхөд орох байх. Дээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн нөхөд орох юм даа. Энэ зургаагаас өөр хуулийн байгууллага гэж цоллогдох институц байхгүй шүү дээ. Тиймээс энэ зургаан хүний Сингапур явсан билет энэ тэрийг шалгах хэрэгтэй л дээ. Үнэхээр үнэн үү гэдгийг.
Хоёрдугаарт, "ял аваад явах гэж байсан хүнийг та өршөөсөн шүү дээ” гэдэг бол маш ноцтой үг. МАН-ын даргад яахаараа шүүхээс гадуур хэн нэгнийг өршөөх эрх байдаг юм бэ? Шүүх эрх мэдэл гагцхүү шүүхэд хадгалагдах Үндсэн хуулийн зарчимтай атал яагаад МАН-ын дарга шүүхийн шийдвэр яаж гарахыг шийдэж, хэнийг ялаас мултлахыг зааж байгаа юм бэ. Нэг бол УЕП, үгүй бол УДШ-ийн ерөнхий шүүгч гэдэг хоёр нөхрийн асуудал хөндөгдөнө. Нөгөө талаар "ял авах гэж байсан” гэдэг чинь угаасаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг л хэлнэ шүү дээ. Тийм учраас хэнийг гэмт хэрэгтэн гэж үзээд байна? Энэ бол их ноцтой үг.
Гуравдугаарт "ялаас өршөөгөөд өрсөлдөгчөө захиалсан шүү дээ” гэхээр АН-ын нэр дэвшигчийг яагаад МАН-ын дарга мэддэг болчихов оо? Өмнөх Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН их хурлаараа шийддэг байсан. Их хурлын 700 хүний 400 хүнийг хахуульдаж, эсвэл толгойг нь сайхан угааж байгаад захиалгаар тодруулж магадгүй л дээ. АН бол өөр, МАН шиг дарга нь шийддэг нам биш. Эсвэл нэг хүний нам байсан бол даргад нь захиалаад шийдэж болох байсан байх. Гэтэл энэ чинь АН. Сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд АН бүх гишүүдийнхээ дунд сунгаа хийсэн. Жишээ нь би Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжээгүй. Гэхдээ л АН-ын олонхи сонгоод гаргаад ирсэн. Өөр нэг намын даргын захиалгад орох нь байтугай дотроо байгаа зарим гишүүдийнхээ үзэл бодлоос давсан олонхийн шийдвэрээр Х.Баттулга гэдэг нэр дэвшигчийг гаргаж ирсэн. Тэгэхээр яахаараа Х.Баттулга гэдэг хүнийг М.Энхболд гэдэг хүн захиалсан байх вэ?
-Жаахан логик муутай байна гэж үү?
-Логикгүй сонсогдохоос гадна энэ гурван асуудлаараа магадгүй Л.Оюун-Эрдэнэ гишүүн шүүхэд дуудагдвал нотлох баримтаа гаргаж ирэх хэрэгтэй болох байх. Цаашдаа асуудал чангарах тусам огт баримтгүй зүйлээр улс төр хийдгээ болих байх л даа. Ямар ч байсан шүүхэд дуудагдах нь дуудагдах байх. Хэн нь дуудахыг би таашгүй. Худлаа мэдээг үнэн мэтээр, огцом бөгөөд гайхмаар ярьж чадах нь манай зарим УИХ-ын гишүүдийн нийгэмд тодрох арга болоод хувирчихлаа шүү дээ. Лу.Болд гишүүн телевизээр "Арми цэрэг оруулж ирж жагсаалыг тараах гэж байна, цус урсгах гэж байна” гэж хэлэхийг би харсан. Яахаараа Засгийн газрын захиалгатай жагсаалын эсрэг Засгийн газрын бүтцийн байгууллагууд хүч хэрэглэх гэж. Батлан хамгаалах яам Засгийн газрын харьяанд байгаа, цагдаа Хууль зүйн сайдын харьяа. Хэн ч харсан илт логикгүй юмыг зүв зүгээр гарч ирээд л цочтол ярьж байгаа байхгүй юу.
-Бид одоо хяналтаа алдлаа. Цус асгарвал хариуцлага хүлээхгүй... гэсэн шүү?
-Олон нийтийг үймээн самуунд уриалсан ийм хариуцлагагүй мэдэгдэл хийх нь эрх баригчдын өөрсдийнх нь баталсан хуулиар эрүүгийн гэмт хэрэг. Зүгээр нэг л жишээ энэ. Ийм байдлаар огт үндэслэлгүй, ямар ч логикгүй, гэхдээ хүний чихэнд цочир, аймшигтай сонсогдох үгийг хэн чангаар хэлж чадаж байна, тэр хүн баатар болж харагддаг улс төрийн технологийг манайхан үйлдвэрлэчихлээ. Үүнийхээ хөлд буцаад өөрсдөө үрэгдэнэ л дээ, энэ бол маш аюултай.  
-Сүүлийн хийсэн мэдэгдлийг санаж байна уу? "Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарчихлаа”, "Сингапурын компани биш, 24 настай охин авчихлаа” гэх мэтээр өдөр алгасахгүй хийсэн шүү дээ?
-Олон нийтийг цочроогоод, уур уцаарыг нь хүргээд, сэтгэл хөдлөлөөр нь хөгжим тоглож байгаа юм шиг давалгаалуулах гэж оролдож байна. Энэ нь эцэстээ улсаа идээд дуусах вий гэдэг л эмгэнэлтэй дур зураг харагдаж байна даа. 2019 он ер нь бариа нь тодорхойгүй поп уралдаан болж хувирах юм шиг байна. Хэзээ дуусах нь тодорхойгүй, юу нь хүргэх нь тодорхойгүй.
Ардчиллыг устгадаг хоёр л зүйл байна. Нэг нь улс төрчдийн попрол, нөгөө нь авилга. Энэ авилга, улс төрчдийн попрол хоёроос яаж салах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулахгүй бол энэ улс орон сүйрлээ.
-ЖДҮ-гийн 950 сая төгрөг яг юуны төлбөр юм бэ? Эхлээд бид "аан тойрогтоо зарцуулсан сонгуулийн мөнгөө буцааж авч байна” гэж харсан чинь сүүлдээ тал нь авсан, тал нь аваагүй болоод, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулсны төлбөр ч юм шиг болчихлоо?
-Нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой. 60 тэрбумын схемийн илэрч байгаа үр дагавар нь энэ ЖДҮ-ийн зээлээс хулгайлсан хүмүүс. Тиймээс 60 тэрбум, ЖДҮ хоёрыг ялгаж салгах ёсгүй. Нэг л жүжиг тоглоод байна шүү дээ. Нэг хэсэг нь 60 тэрбумынх болоод, нөгөө нь ЖДҮ болоод, хэн ялсан нь шударга болох гээд, ялагдсан нь шударга бус болох гээд. Хэрвээ МАН 2016 оны сонгуулиар 65 судал аваагүй бол ЖДҮ-ийн зээлээс хулгайлах боломж олдохгүй. Хэтэрхий их хүчтэй олонхи болсон хүмүүс өөр өөрсдийгөө тэжээх, өөрсдийнхөө гаргасан зардлыг олохын тулд хамгийн түрүүнд ЖДҮ-ээс зээл олгох журмыг өөрчилсөн байна. Ард нь ЖДҮ-ийн зээл авахаар төсөл нь шалгарчихсан 300 гаруй  аж ахуйн нэгж санхүүжилтээ хүлээж байхад журмыг нь өөрчилж, тэр хүмүүсийг жагсаалтаас хасангуутаа өөрсдийнхөө хамааралтай 120 гаруй аж ахуйн нэгжийн жагсаалтыг оруулж ирээд зээл авчихсан. 2016 он хүртэл ЖДҮ-ийн зээлийн санхүүжилт жилдээ арав хүрэхгүй тэрбум төгрөг байсан байдаг юм. Гэтэл 2017 онд 34 тэрбум, 2018 онд 95 тэрбум болгоод, хэд нугалаад гаргаад явчихлаа. Энэ мөнгийг зүгээр л хулгай хийх зорилгоор төсвөөс гаргасан байхгүй юу. Журмаа ч, хуулиа ч өөрчлөөд явсан. Сангаас ийм хэмжээний мөнгө авах санаачлага ганц У.Хүрэлсүхийнх биш шүү. Өмнөх Засгийн газрын үед журмаа өөрчлөөд, эвтэй найртай хувааж авахаар болсон байдаг юм.
-Эвтэй найртай хуваасан гэдэг баримт нь байна уу?
-2017 онд Засгийн газар солигдсоноос хойш ердөө дөрөв хоногийн дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны хуралдаан дээрээ "ЖДҮ-ийн зээл гээд 92 тэрбум төгрөг тавьчихсан байна. Гишүүдийн гэсэн тодотголтой мөнгө байна. Энэ мөнгөө хэдүүлээ больё” гээд нам дотроо ярьж байсан зүйлээ байнгын хороон дээр ярьсан тэмдэглэл нь байдаг юм. Тэгэнгүүт нөгөөдүүл нь бас зөндөө юм ярьсан байна. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх хэрэгцээ гарсан учраас тэрний санхүүжилт 50 гаруй тэрбум төгрөгийг гаргахын тулд гишүүдийнхээ энэ мөнгийг болъё гэдэг санаачилгыг Сангийн сайд нь гаргажээ. Тэгээд "Дэмий юм ил гараад яригдаад байна” гэдэг байдлаар бүлэг дээрээ ярихаар буцаасан байгаа юм. Тэгээд бүлэг дээрээ ойлголцсон юм байгаа биз, 2018 оны төсөв дээр ЖДҮ-ийн зээл гээд тодорхой мөнгө суулгасан. Тэр суулгасан мөнгөө өмнөх Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн хүмүүст шагнал байдлаар хуваарилж өгсөн байна.
-Бүлэг хоёр хуваагдсанаас болоод тал нь хоцорчихож. Тэгээгүй бол 65-улаа аваад энэ хэрэг ч илрэхгүй байж?
-Тийм л юм болохгүй юу. 65-лаа авсан бол илрэхгүй байхгүй юу. Хоёр хуваагдсанаас болоод нэг хэсэг нь үлдэж хоцроод 60 тэрбумынхан болоод, нөгөө хэсэг нь ЖДҮ-чин болоод үзээд байгаа болохоос биш сэдэл санаачилга, зохион байгуулалтаа бол бүгдээрээ хийсэн байдаг юм. Илт зохион байгуулалттайгаар хууль өөрчилж байгаад хулгай хийгээд олноороо найрласан. Зорилго нь Засгийн газраа хамгаалж үлдэх байсан.
-Хуульчдын бүлэг ажиллаад Цэц рүү зарим нь яваад, Захиргааны шүүх, Иргэний шүүхэд ЖДҮ-гээр маргаан үүсгээд явж байна. Эрүүгийн шүүх рүү явж байгаа хүн бий юу?
-Байгаа.
-Энэ маань үр дүнгээ өгөх болов уу? Ерөнхий прокурор, АТГ-ын дарга жишээ нь ажлаа өгөх нь өнөө маргаашийн асуудал болчихлоо шүү дээ. М.Энхболд нь хонгилын түлхүүрээ алдаад эхэлчихлээ?
-Энэ үүссэн нөхцөл байдал бол популизм болоод авилгатай холбоотой гэж дээр хэлсэн. Популизм болоод авилгатай бусад улс орнууд яаж тэмцэж байна гээд харахаад гурван хүч нэгдэж тэмцэж байна.
Нэгдүгээрт хуульчид. Худал зүйлийг "ийм учраас худлаа байна аа” гээд баримттайгаар гаргаж ирээд хуулийн хариуцлага руу татаж оруулах ажлыг хуульчид хийгээд эхэлж байна. Гэхдээ хуульчид үүнийг дангаараа хийж чадахгүй. Хуульчид бол хуулийн хариуцлага тооцуулах, хуулийн дагуу асуудлыг шийдүүлэхэд тусалж байна. Харин тэр нуугаад байгаа авилга, худлаа яриад байгаа популизмыг ил болгодог ажлыг сэтгүүлчид хийж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр ажиллаад хулгай, худлыг нь гаргаж ирж тавьж байна. Популистууд чинь нэг үгээ олон дахин ярьдаггүй юм байна л даа. Хүмүүс амархан уйддаг учраас өдөр өнжихгүй, долоо хонохгүй үг нь өөрчлөгдөж байдаг. Үүнийг нь өдөр өдрөөр нь, цаг цагаар нь гаргаж тавих нь сэтгүүлчдийн үүрэг.
Энэ хоёр дээр нэмэгдээд тодорхой асуудлаар ажилладаг иргэний нийгмийнхэн орж ирж байна. Хуульчид хууль зүйн шахалтыг, сэтгүүлчид мэдээллийн шахалтыг үзүүлдэг бол иргэний нийгмийнхэн нийгмийн шахалтыг нь үзүүлж байдаг. Энэ гурвын хамтын үйл ажиллагаагаар жишээ нь АНУ-д Трампын худал үгүүдийг гаргаад ирж байна шүү дээ. Европт болж байгаа үйл явцыг бас хар. Монголд ийм аргаар худлаа ярьж байгаа популизм, хулгай хийж байгаа авлигыг шийдэхгүй бол улстөрчид нь улс төрийн аргаар шийднэ гэдэг хөг өнгөрчихлөө. Улстөрчид улс төрийн аргаар шийдэх гэж оролдохоор хоёр хулгайч гарч ирээд хоорондоо хэрэлдээд, иргэд сүүлдээ учрыг нь ойлгохоо болиод "Хэн ялагдсан нь хулгайч юм байна” гэдэг ойлголт руу явж байна. Мөн чанартаа ялгаагүй.
-Нийгмийн массд бас нэг өрөөсгөл бодол байх шиг байна. ЖДҮ яах вэ, жижиг хулгай. 60 тэрбумаа яах юм гэдэг. ЖДҮ-г жишээ нь нэг нэг тэрбумаар нь авсан болохоор жижигхэн гээд байгаа юм уу?
-ЖДҮ-ийн сан болон бусад сангаас авсан хулгайг нийлүүлбэл хэдэн арван 60 тэрбум байгаа. Өмнө нь явж байсан улс төрийн арга л яваад байна л даа. 60 тэрбумын дэргэд 280-хан сая доллар шүү дээ гэдэг шиг. Уг нь бол 760 тэрбум төгрөгийн асуудал яригдаад байгаа шүү дээ. Хулгайч баригдахаараа "тэнд хүн алчихсан байна” гэж заадаг гэдэг. Түүн шиг л юм болж байна.
-Ингэхэд "Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд гэдэг хүн хэр зэрэг шударга хүн юм? Яагаад та тэр хүний өгсөн баримтыг тийм итгэлтэйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан юм?
-Ганц Т.Ганболд биш л дээ. Одоогоос дөрвөн жил гаруйн өмнөх хэрэг. Тухайн үед ийм гомдол барьж орж ирсэн, хүнээр дайгаад болон өөрөө биечлэн уулзсан 5-6 бизнес эрхлэгч байна. Тэгдэг ингэдэг гэнээ гэж бусдын ярьсныг дамжуулсан нь бол зөндөө. "Бодитой ийм юм боллоо шүү” гэж орж ирсэн 5-6 хүн байна. Тэдний хамгийн том гомдол нь "хүний эрх ярьдаг, хууль ёс ярьдаг, хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаална гэж ярьдаг АН-ын өнгөн дээр ардчилсан намын нэр бүхий лидерүүд албан тушаал дээр байж байхад хуулийн байгууллага бизнес эрхлэгчдийг тонон дээрэмдээд байна аа. МАН байхдаа авилгаа л авдаг байсан, бизнес дэрээмддэггүй, компани авдаггүй байсан. Гэтэл танай намын өнгөн дээр байгаа албан тушаалтнууд бизнесийг дээрэмддэг боллоо, лиценз дээрэмддэг боллоо, бизнесийг бүтнээр нь дээрэмдэх гэж оролддог боллоо” гэж ирсэн. Тэдний нэг нь Т.Ганболд. Бүгдтэй нь энэ гомдол саналаа хуулийн байгууллагаар яаж шийдүүлэх вэ гэж ярилцаж байсан. Хууль зүйн боломж нь бас бага байсан.
-Яагаад?
-Хүн ер нь 60 өдөр хоригдоод, нийгмээс тусгаарлагдаад, айдас хүйдэст автаад, ар гэр нь зовж шаналаад ирэхээрээ мөнгө өгч байгаад ч болтугай эндээс гарья, гадаа гарч байгаад учраа ольё гэдэг шийдэл рүү явдаг. Мөнгөө өгөөд л гарахыг боддог. Би тухайн үед УИХ-ын чуулган дээр хэлж л байсан. "Наад хуулийн байгууллага чинь бизнес эрхлэгчдийг гахай болгох уу, үнээ болгох уу гэж байгаад тонодог болсон байна. Гахай гэдэг нь нэг удаа хагалаад томоохон мөнгө авахыг хэлж байна. Үнээ гэдэг нь байнга сааж, шимэгчилж амьдрахыг хэлж байна. Бүх баялаг бүтээгчид чинь улстөрчдийн болоод тэдэнтэй хуйвалдсан хуулийн байгууллагын албан тушаалтнуудын үнээ болоод дууслаа. Дундаас дооших нь гахай болоод дууслаа” гэж хэлсэн. Мөнгөө төлөөд гарлаа, гарсан хойноо нөгөө хүнийнхээ эсрэг гомдол гаргах гэхээр тухайн үеийн Эрүүгийн хуулиар авилга өгсөн нь авсантайгаа адилхан ялтай байсан. Нөгөөх нь ч түүгээр нь айлгаж шантаажилдаг.
Тиймээс тухайн үед надад хамгийн түрүүнд төрсөн зүйл бол авилга өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүйгээр энэ ажлыг хийхгүй юм байна аа гэж бодсон. Одоо байгаа энэ хуулиар тонуулж дээрэмдүүлж байгаа бизнесүүд гомдоллож ярихаас биш хуулийн аргаар шийдүүлэх боломжгүй юм байна. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн тухай хууль гаргаж, бизнес эрхлэгчдийн хуулийн байгууллагын гох дэгээнд өлгөгдөөд байгаа гох дэгээнээс нь салгахгүй бол нэг гомдол гаргахад нь л өөр юмаар бариад хийчихнэ. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль гаргах ёстой, авлига өгсөн нь биш, авсан нь шийтгүүлдэг зохицуулалтыг хийх ёстой юм байна. Үүний дараа бизнес эрхлэгчдийн яриад байгаа энэ гомдлыг шийдвэрлэх боломжтой юм байна гэдэг итгэл үнэмшил надад төрсөн. Тэдгээр хуулиудыг хэлэлцэж байх үед нэлээд ширүүн маргаан мэтгэлцээн болж байсан.
-Т.Ганболд тан дээр яг юу гэж орж ирсэн бэ?
-Хамгийн анх 2014 оны хавар над дээр ирсэн. Тэр үед Ерөнхийлөгчөөс өргөн барьсан "давхар дээлний” хуулийг УИХ хэлэлцэж хэлэлцэж байсан юм. ТББХ-гоор орох гээд, би С.Дэмбэрэл гишүүнтэй ярилцаж байсан. Давхар дээлний хууль үндсэндээ энэ Засгийн газрыг хөдөлгөхөд зориулагдаж байгаа учраас байгаа Засгийн газартаа зориулж хууль батлах нь зөв уу, буруу юу ярилцья гэсэн. Гэтэл ТББХ орох болтол С.Дэмбэрэл гишүүн алга болчихсон. Яав, юу болов? гэсэн чинь "Хэцүү байна ш тээ” л гэдэг ганц үг хэлсэн.
-"Юу болсон бэ?”
-"Ганболд гээд дүүг маань Дарханд бариад хийчихсэн байна”.
-"Хэн хийсэн юм?”
-"Цагдаагийнхан”... Би гайхаад цагдаагийн удирдлага руу утасдаад асуусан чинь "Дээрээс чиглэлтэй” гэсэн.
-Уг нь бол та дээр нь сууж байгаа биз дээ, Хууль зүйн сайд гээд?
-Харин тийм. "Ямар дээрээс вэ?” гэсэн чинь шууд нэгдүгээр хүн лүү заж байгаа байхгүй юу. Үнэн юм уу, худлаа нэрийг нь барьсан уу, мэдэхгүй. Тэгээд л бөөн юм болоод бужигнасан. Давхар дээлний хууль УИХ дээр дэмжигдэлгүй унасан. "Тэгвэл давхар дээлгүйгээр энэ Засгийн газрыг хөдөлгөе. Дараачийн Ерөнхий сайд нь тэр байж магадгүй, та нар ингээч тэгээч” гэдэг зүйл ярьж эхэлсэн. "Тийм юм байхгүй ээ” гэнгүүт нөгөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудал дэгдсэн шүү дээ. Цагдаагийн хоёр хурандаатай холбоотой. Тэр үед Т.Ганболд дахиад над дээр орж ирсэн. "Өөрийн чинь эсрэг ажиллагаа явуулаад байгаа хүн чинь Д.Дорлигжав шүү дээ. Намайг дээрэмдсэн гээд байгаа хүн чинь Дорлигжав байгаа юмаа” гэж ирсэн. "Би хүний үгээр ажил явуулахгүй ээ, чи баримтаа өгчих” гэсэн. Манай хүн баримт бол авчирч өгөөгүй. Д.Дорлигжав гэдэг хүнээс яаж салах вэ, УЕП дээр ийм хүн байгаа нөхцөлд энэ улс орон цаашаа явахгүй шүү гэдэг гомдол л ярьсан. Би дээрэмдүүлчихээд зүгээр сууж чадахгүй. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гээд гомдол гаргасан санаж байна.
-Ямар үндэслэлээр гомдол гаргах вэ?
-2010 онд шиг санаж байна. Би бас Д.Дорлигжавыг УЕП-оор томилогдоход нь "Энэ хүн чинь хуульчийн гэрчилгээтэй юм уу?” гэдэг асуултыг тавьж байсан юм. Яагаад гэвэл Прокурорын тухай хуульд УЕП нь хуульчийн гэрчилгээ буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хүн байх ёстой байсан. Тухайн үед бол тэр хүнд хуулчийн гэрчилгээ байгаагүй. Дараа нь Үндсэн хуулийн Цэцээс "Хуульчийн гэрчилгээ гэдэг нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх биш, өмгөөлөгч, прокурорын шалгалтанд орох эрх юм” гэдэг дүгнэлтийг гаргасан. Хэний захиалгаар ийм шийдвэр гаргасан нь ч ойлгомжтой байсан. Яг тэр маргаанд би өөрөө УИХ-ыг төлөөлж оролцсон. Энэ бол дэлхий нийтээрээ хуульч мэргэжилтнүүдээс шаардаж байгаа өндөр хариуцлага, шаардлагыг үгүй хийж байгаа шийдвэр шүү гэж хэлээд гарч байсан. Цэцийн тарьсан гайнуудын нэг л дээ.
Тэгээд Европт явж байхад Дорлигжав Ерөнхий прокуророор томилогдсон байсан. Дараа нь гарах маргаанаас сэрэмжлээд би дахиад асуусан. Хуульчийн гэрчилгээ байна уу? гэхэд "Хууль зүйн яамнаас үүнтэй холбоотой маргаан байхгүй” гэдэг тайлбар ирсэн. Тийм учраас томилсон гэдэг хариу өгсөн. Тэгвэл тэр тайлбараа надад өгөөч ээ гэсэн, өгөөгүй.
Яг тэр үндэслэлээр Т.Ганболд гэдэг хүн Д.Дорлигжавыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Тэр нь Д.Сугар гэж ҮХЦ-ийн гишүүн дээр хуваарилагдсан. Д.Сугарын асуудал ч Д.Дорлигжавыг УЕП байх үед УИХ-д нэг хоёр удаа ирж байлаа шүү дээ.
-Тийм ээ, санаж байна. МИАТ-аас хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаад дараа нь ҮХЦ-ийн гишүүн болоод дэвшээд явсан байх?
-Тэгээд ҮХЦ дээр Т.Ганболдын маргаан яваагүй. Д.Сугарын маргаан ч цаашаа яваагүй. Харилцан тохиролцсон уу, яасан мэдэхгүй. Маргаан үүсгээд шийдвэр гарсан бол бас ямар үр дагавар гарах байсан нь сонирхолтой. Миний олж харснаар Т.Ганболд гэдэг хүний характер бол дээрэмдүүлснийхээ төлөө зүгээр сүүхгүй л гэсэн хатуу итгэлтэй байсан.
-Дараа нь та арванхоёрдугаар сард сайдын ажлаа өгөхийн өмнө 4 сая ам долларын баримтыг гаргаж тавьсан. Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд болох гэж байна гээд гаргаж тавьсан юм уу, эсвэл 4 сая долларын баримтаас болж Д.Дорлигжавыг эсэргүүцсэн юм уу?
-Аравдугаар сард намрын чуулган эхлээд төсөв энэ тэрээ батлуулаад явж байтал Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Хууль зүйн сайд хэн болох вэ? гэсэн чинь нөгөө хүний маань нэр гараад ирсэн. Тэр үед Т.Ганболд над дээр ирээд "За нөгөө баримт чинь энэ байна” гээд нийт 9 сая ам.долларыг хэдэн удаа задалж шилжүүлсэн баримт өгсөн.
-Бүгдээрээ Д.Баатарын данс руу орсон байх уу?
-Үгүй ээ. Д.Баатарын данс руу орсон нь бол 4 сая доллар. Бусад өөр хүнээр дамжуулж шилжсэн гэсан. Т.Ганболдын хэлснээр Д.Баатарын данс руу хийсэн чинь маш ихээр уурласан учраас бусдыг нь өөр хүмүүсийн дансаар тойруулж хийсэн гэсэн. Би ямар хажууд нь байсан биш, үнэн худлыг мэдэхгүй шүү дээ. Тэгээд "Дорлигжав Ерөнхий прокуророос зайлж байгаа нь сайн хэрэг, гэхдээ Хууль зүйн сайд болгомооргүй байна аа” гээд нөгөө материалуудаа надад өгсөн. Гэхдээ нэг болзол тавьсан. "Зөвхөн миний зөвшөөрсөн үед гаргаж тавина шүү” гэчихээд өөрөө алга болчихсон. Өөр ажил амжуулсан уу, яасан мэдэхгүй. Хүлээгээд холбоо барихгүй болохоор нь би маш тодорхой байсан Д.Баатарын нэр дээрх 4 сая долларын баримтыг л гаргаж тавьсан. Тэр баримтыг ил болгосныхоо төлөө би чинь хүн гүтгэсэн хэргээр АТГ-т эрүү үүсгэж шалгагдсан.
-Дорлигжав өөрөө өөрийгөө АТГ-т өгөөд шалгуулаад, авилга аваагүй гэдгээ тогтоолголоо гээгүй бил үү?
-Тэрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан над дээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байсан. Нэр бүхий мөрдөгч надаас ирж тайлбар авсан. 2015 оны өвөл.
-АТГ яагаад хүн гүтгэсэн асуудал шалгах болчихов?
-Би бас асуусан. АТГ хэзээдээ хүн гүтгэсэн асуудал шалгадаг болчихов оо? Танай байгууллагын чиг үүрэгт байгаа юм уу, үгүй юу? гэж. Тэгэхэд "цагдаагийн байгууллага Хууль зүйн яамны харъяа учраас шалгаж болохгүй байна гээд прокурор манайх руу шилжүүлсэн юмаа” гэсэн.
Хоёрдугаарт "ямар үндэслэлээр намайг хүн гүтгэсэн гэж байгаа юм бэ? гэхэд "Хууль зүйн сайд Д.Дорлигжав таны нэр дээр тодорхой баримтууд гаргаж гомдол ирүүлсэн” гэсэн. Тэр баримтууд нь нөгөө Т.Ганболдын надад өгсөн баримт байсан. Тэр баримт Т.Ганболд бид хоёрт л байсан. "Энэ баримтыг хаанаас авсан бэ? Миний мэдэж байгаагаар энэ баримт Т.Ганболд бид хоёрт байгаа. Хэнээс нь авсан бэ?” гэхэд "Т.Ганболдоос аваагүй ээ, танаас аваагүй ээ. Гурав дахь хүнээс авсан” гэсэн. Дорлигжав өөрөө тэр хүнээс аваад цагдаад баримт болгож өгсөн юм байна л даа. Тэгвэл эхлээд тэр баримтыг гаргаж өгсөн хүнээсээ байцаалт авчихаад над дээр ирээ гээд би явуулсан.
-Гурав дахь нь хүн нь хэн байх вэ? Ерөнхийлөгч үү?
-Тийм байх.
-Т.Ганболд өөрөө өгсөн юм уу?
-Хүнээр өгүүлсэн юм шиг байна. Тэгээд АТГ-ынхан их сонин байдалд орсон л доо. Тэгээд "Таны нэг жиргээ байна аа?” гэж байна. "Тэнд ямар нэг хүний нэр байна уу?” гэхэд "Байхгүй байна аа” гэж байна. Тэгвэл нэр нь ороогүй байхад "Юун гуя” гэж үсэрч босч ирсэн тэр хүнээсээ эхлээд тайлбараа ав. Дараа нь сандарч гарч ирээд мэдэгдэл хийсэн Голомт банкны захирлаас бас тайлбараа ав. Тэгээд ийм гомдол санал  гаргасан бас нэг хүнээс тайлбараа ав. Өөр хүний дамжуулж өгсөн материал учраас би бас үнэн худлыг нь нотлуулмаар байна  гэсэн.
АТГ-ынхан "Таны ярьсан зүйлийг ойлголоо, Тан дээр эрүүгийн хэрэг үүсгэх боломж алга аа. Нэгдүгээрт гүтгэсэн нь нотлогдохгүй, хоёрдугаарт тун эргэлзээтэй юм байна. Тийм учраас тан дээр үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болох байх аа. Харин албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний мөнгө авсан албан тушаалтны асуудал нь хуулийн дагуу шалгагдаад явах байх. Тэр үед би дахин тан дээр ирж уулзана, бас тан дээр байгаа нотлох баримтыг авах хэрэг гарах байх шүү” гэсэн.
Би ч бас "Та нарыг надаас мэдүүлэг авч байх энэ үед чинь Эрүүгийн хуулийн өөрчлөлт яригдаж байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад, Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн хууль гарсны дараа би энэ өөртөө байгаа баримтыг та нарт өгч болно. Тэр үед энэ хүмүүс ч гэсэн гомдол саналаа хэлээд та нар дээр очих байх аа. Хууль тогтоогчийнхоо хувьд би энэ ажлаа хийнэ, та нар бас хууль сахиулагчийнхаа хувьд нөгөө ажлаа сайн хийгээрэй” гээд явуулсан.       
-Д.Дорлигжавыгаа буцаагаад шалгах юм болоо юу?
-Тиймэрхүү л юм яриад гарсан. Би бол гомдож, хохирсон хүмүүсийн л санаа бодлыг өмнөөс нь илэрхийлсэн. Өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг нь хэлсэн.Өөрөө "юун гуя" гээд үсрээд гараад ирсэн хүний өмнөөс юу хэлэх вэ дээ. Аль нь худлаа, аль нь үнэн байсныг хуулийн байгууллага шалгаж тогтоох байлгүй.
-Миний бодоход хэрэв та Ц.Элбэгдорж гэдэг хүнийг, эсвэл найз нөхдийг сөрөөгүй бол та Н.Алтанхуягийн Засгийн газар дөрвөн жилээ гүйцээгээд, хуулийн байгууллагын шинэчлэл энэ тэрээ дуусгачих байсан юм биш үү? Жижиг зүйлээс болоод том зорилгоо хаячихсан л гэж хардаг шүү дээ?
-Яг үнэндээ бол би Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнтэй нэг их муудалцаад яваагүй. Тухайн үед Засгийн газар, хууль сахиулах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд руу Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн бус оролцоо маш их байсан. Үндсэн хуульд бол Ерөнхийлөгчийг "Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм аа” гэдэг ганц л үг байгаа шүү дээ. Түүнээс биш цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт хууль сахиулах байгууллагын ажилд Ерөнхийлөгчийн оролцоо байх ёсгүй. Үндсэн хуулиар тийм эрх мэдэл олгоогүй. Гэтэл ердийн хуулиар маш их эрх мэдэл олгосон. Сүүлдээ бүр цагдаагийн дарга миний хүн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний хүн гэх мэтчилэнгээр хуулиас гадуур хүмүүсээ байршуулах замаар эрх мэдлээ тогтоогоод эхэлчихсэн байсан. Ийм зүйлүүдийг таслан зогсоох, хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заагаагүй эрх мэдлүүдийг таная гэдэг бодлогыг л Н.Алтанхуягийн Засгийн газар явуулсан. Тэр нь тэр хүнд таалагдаагүй. Тэр хүнд таалагдаагүйгээс гадна Ерөнхийлөгчийн нэр барьж тонгочдог байсан хүмүүсийн тонгочих орон зай алга болонгуут тэд нар нь Ерөнхийлөгч дээр очоод "Таны эсрэг яваад байна, таны эрх мэдлийг танаад байна, дургүйцлээ илэрхийлээд байна. Тантай л ер нь байлдаад байгаа юм биш үү” гээд дахин дахин хов зөөгөөд байхаар нөгөө хүн ч гэсэн итгэж үнэмшээд "Ерөөсөө энэ Алтанхуягийн Засгийн газрыг онхолдуулах ёстой юм байна. Тэмүүжинг Хууль зүйн сайдаас зайлуулах ёстой юм байна” гэдэг л байр суурьтай болсон юм шиг байна лээ.
Хоёрдугаарт нэр бүхий банктай холбоотой 500 сая долларын баталгааг Засгийн газраас гаргуулах гэж оролдсон. Миний болон Засгийн газрын байр суурь бол "Нэгдүгээрт Засгийн газарт ийм эрх мэдэл байхгүй ээ. Засгийн газар биш боловч "Эрдэнэт”-ийн 51 хувь дээр баталгаа гаргаад өгчихсөн "Жаст”-ын хэрэг байна. Засгийн газар хувийн компанид баталгаа гаргаж өгвөл яг "Жаст”-ын хэргийг давтана. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж хувирна. Хууль зүйн сайд ямар ч тохиолдолд ийм зүйл дээр гарын үсэг зурж, эрх зүйн дүгнэлт хийж болохгүй ээ” гэсэн. Дороос бодлогоо боловсруулаад оруулж ирж байгаа манай яамны мэргэжилтнүүдийн байр суурь ч тийм байсан. Тийм учраас би Ерөнхий сайдад "Намайг Хууль зүйн сайд байх тохиолдолд Засгийн газар ийм баталгаа гаргахгүй ээ. Та харин хувиасаа дэмжлэгийн захидал гэж бичиж болох юм. Засгийн газар бол албан ёсоор баталгаа гаргахгүй” гэсэн.
-Ингэхэд Ц.Нямдорж гуай таван удаа Хууль зүйн сайд хийсэн бил үү?
-Тийм л гэж ярьдаг.
-Ц.Нямдорж гуай өөрийнхөө тухай хоёр л үнэлэлтэй хүн л дээ. Нэгдүгээрт би бол шударга хүн гэдэг. Хоёрдугаарт рецедив гэмт хэрэгтнүүдийг нам дарсан гавъяатай гэдэг. Та бол шууд Ц.Нямдорж сайдаас ажлыг нь авсан хүн. Таван удаа Хууль зүйн сайд хийхдээ яг ямар өв үлдээсэн хүн бэ?
-Хувь хүнийх нь хувьд бол муулах, сайлах зүйл алга. Бодлогын хувьд бид хоёр байнга зөрдөг. Маш ялгаатай үзэл баримтлалтай, ялгаатай бодлоготой. Манай хүн бол маш хуучинсаг, социализмын үеийн арга барилаар ажилладаг, өөрөө ч тэр тогтолцоон дотроо л амьдрах чадвартай хүн шиг байгаа юм. Тэгээд өөрийнхөө амьдрах чадвартай тэр тогтолцоон дотор л Монгол Улсыг барьж байх сонирхолтой хүн шүү дээ. Тийм учраас бодлогын хувьд байнга зөрж ирсэн. Эрүүгийн хууль дээр ч, өөр бусад асуудлууд дээр ч ялгаагүй.
-Прокурор байсан учраас тэр юм болов уу?
-Ерөөсөө л социалист хуульчийн л сонгодог дүр шүү дээ. Тэр нийгэмдээ таарсан аяг ааштай, бодол санаатай л хүн байхгүй юу. Түүнээсээ болоод шинэ дэвшилттэй, шинэ нийгмийн үзэл санааг хүлээж авч чаддаггүй л хүн.
-Социализмын сүүл үед "дарга анги” гэдэг нэр томъёо, шүүмжлэл их явдаг байсан шүү дээ?
-Нямдорж гэдэг хүний хуулийн салбарт очоод хийсэн нэг ч алхам жирийн иргэдэд хэрэгтэй байгаагүй. Тэр дарга ангидаа, намдаа, тодорхой эрх мэдэлтнүүдэд хамгийн их хэрэгтэй бүтцийг л хийдэг хүн шүү дээ. Явуулж байгаа бодлого, хийж байгаа бүтэц нь яг л тийм. Хувь хүн гэхээсээ илүү илэрхийлж байгаа байр суурь нь дандаа л хуучин цагийг эргээж сэргээх гэсэн бодлоготой хүн байхгүй юу. Хувь хүнийхээ хувьд зан ааш нь "шударга” гэхүү, өөр юу гэхийг мэдэхгүй. Ямар ч байсан улс төрийн маш сайн мэдрэмжтэй, эрх мэдлийн үнэрийг үнэрлэх маш өндөр чадвартай хүн. Тэр утгаараа ч улс төрд их удаан явж байгаа байх. Харин рецедивүүдийг дарсан гэдэг бол үнэн үнэн. Тэрийг бол яагаад ч үгүйсгэх аргагүй.
-Яаж дарсан юм?
-Жаахан зориг гаргаад, цагдаадаа үүрэг өгч байгаад л гудамжинд хуулиас дээгүүр зогсох гэж оролддог байсан хүмүүсийг дарсан шүү дээ. Түүн дээр бол Ц.Нямдорж гэдэг хүн улс төрийн эр зориг гаргасан гэдгийг хаа ч хэлнэ. "Центр Пойнт”-ын хэрэг бол түүний нэг жишээ. Рецедив гэдэг бол социализмын үеийн ойлголт. Ерөнхийдөө гэмт аргын замаар амьдардаг, хүмүүсийг айлган сүрдүүлэх байдлаар төртэй өрсөлдөн татвар авдаг, бизнесийн тонуул хийдэг хүмүүс нэг хэсэг гаарсан шүү дээ. Гаарах гаарахдаа бүр улстөрчдийн хүзүүн дээр гараад суучихсан тохиолдол байсан. Хүзүүн дээрээ гаргаад суулгачихсан хүмүүс нь манай намынхан байсан нь үнэн. Ерөнхий сайдыг нь шанаадаад унагаж байсан гээд л бод л доо.
-Р.Амаржаргал Ерөнхий сайдын үед байх аа?
-Тийм яриа бүр домог шиг түгчихсэн, түүндээ эрэлхчихсэн, "би тэрийг тэгдэг байхад та нар юу юм” гэдэг байдлаар цагдаагийн байгууллага дээр орж ирээд ширээг нь шаагаад зогсч байдаг хүмүүс хүртэл байсан. Тийм үед тийм хүмүүсийг дарж болдог юмаа гэдэг зоригийг цагдаад өгч, хуулийнхаа хүчийг мэдэр гэдэг юмыг бий болгосон нь үнэн. Гэхдээ тэр рецедив гэдэг бүтцээ бүрэн эвдэж чадаагүй л дээ. Зүгээр гудамжнаас л алга болгочихсон. Гудамжнаас алга болгосон хүмүүс хаачсан бэ?
-Хуулийн байгууллага руу орсон уу?
-Нэг хэсэг нь хуулийн байгууллага руу орсон, үнэн. Нөгөө хэсэг нь мөнгөтэй том бизнесмэнүүдийн хамгаалалтын алба болоод хувирчихсан. Мөнгөтэй том бизнесмэнүүд, олигархиуд нь улстөрчдөө худалдаад авчихсан. Одоо манай улстөрчид, бизнесмэнүүд хоорондоо зодолдож уралцаж л байна. Хэнийх нь хажууд ямар рецедив байгаа вэ гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Рецедивүүдийг гудамжнаас алга болгосон нь үнэн боловч мөнгө, хуулийн байгууллага хоёрын хаалга руу гүйж орох үүдийг нь нээгээд өгчихсөн юм аа. Түүний золисонд 2012 онд АН Засгийн газраа байгуулаад цагдаагийн даргаа тавьтал даргын арын өрөөнд нэг рецедив ороод л суучихаж байгаа байхгүй юу, Гомдмоор л доо.
-Б.Билэгт даргыг хэлж байна аа даа?
-Манай цагдаагийнхан одоо хүртэл ярьдаг. Арай гэж рецедивүүдээ дарах гээд оролдож байтал нэг нөхөр цагдаагийн дарга, генерал болж орж ирээд ардаа нэг рецедив нөхрийг суулгаад, тэр нь цагдаагийн боловсон хүчин хэн, хаана очихыг шийдээд эхлэнгүүт ой гутаж байна гэж ярьж байсан. "Энэ хүнээ ав аа” гэхээр нөгөө хүн нь "Миний амин найзаар яах гээд байна” гээд оролдоод эхэлж байгаа байхгүй юу.
-Тэгээд цагдаагийн даргаа сольсон биз дээ?
-Сольсон. Сольсныхоо төлөө Н.Алтанхуягийн Засгийн газаро огцорсон шүү дээ.
-Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайдаар таван удаа ажиллачихаад өөр юу ч хийгээгүй гэж үү? Хүний амьдралын бараг 20 жил шүү дээ?
-Улстөрчдөд legacy буюу өв гэж юм байдаг. Өөр ямар өв үлдээсэн бэ гэдгийг нь харах л хэрэгтэй л дээ. Олон нийт өөрсдөө харах хэрэгтэй. Харин барилга байшин барих тал дээр бол мань хүн сайн л даа. Би бас дуурайгаад хэдэн байшин барьсаан барьсан.
-Дутуу байшингуудыг нь дуусгаж өгсөн үү?
-Дуусгасаан. Дуусгаад даанч алдчихсан л даа (инээв)
-Цагдаа ч сайхан барилгатай болсон байна лээ. ЦЕГ-ын байшин гээд?
-Дахиад л концепцийн, үзэл баримтлалын зөрүү юм даа. Жишээ нь би хуулийн байгууллагуудын барилга байшингийн тухай концепци боловсруулахдаа "Яагаад дүүрэг болгонд нэг цагдаагийн хэлтэс байдаг юм бэ. Тэр цагдаагийн хэлтсүүд чинь хүн амынхаа ачаалаас шалтгаалаад иргэндээ хүрч үйлчилж чадахгүй байна. Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсүүдийн тоог нэмье гээд дүүрэг болгонд хоёр, Баянзүрх, Сонгинохайран дүүрэгт гурван цагдаагийн хэлтэстэй болгоё. 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэстэй байя гэсэн. Яагаад гэвэл цагдаа чинь үйлчилгээ байхгүй юу. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх байгууллага. Тийм учраас хүртээмжээ сайжруулахын тулд ийм байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Нөгөө талд бол дарга нарын суух оффис л томроод байгаа. Иргэдэд үйлчлэх хэсэг, дарга нарын суудаг оффис хоёр луу хөрөнгө оруулалт яаж урсч байна гэдгийг харьцуулахад л бодлогын ялгаа харагдана л даа.
-ЦЕГ бол дандаа л дарга нар биз дээ. Хэрэг шалгадаг биш, үүрэг өгдөг улс байх тийм үү?
-Бид хоёрын ойлголтын нэг зөрүү энэ л дээ. Иргэн бол ЦЕГ луу орж ирж үйлчилгээ нэг их авахгүй шүү дээ. Яахав, танил талтай, мөнгөтэй, дээгүүр нисдэг хэсэг хүмүүс орж яриа хөөрөөгөө хийвэл хийх л байх. Жирийн иргэд бол хаанаас үйлчилгээ авах вэ? Яг тэр үйлчилгээ авдаг цагдаагийн хэлтсүүд нь умгар байшинд байвал иргэд гадаа гудамжинд хөөгдөж гараад л зогсч байгаа байхгүй юу.
Би Хууль зүйн сайд болохоосоо өмнө цагдаагийн албан хаагчдын уулзалт дээр хэлж байсан. Хэрэв цагдаагийн байшин барих гэж байгаа бол байшингийхаа нэг давхрыг та нар нийтийн "00” болго оо. Иргэд айх аюулгүйгээр орж ирээд биеэ засаад гарч байх ёстой. Гудамжинд шээгээд зогсох нь тэр хүнд ч таалагдахгүй байна, харж байгаад нь ч таалагдахгүй байна, үүн дээр нь тоглож байгаа хүүхдүүдэд ч таалагдахгүй байна. Үүнийг шийдэх арга зам нь төрийн байгууллагууд нийтийн "00”-той байх ёстой. Үүнийг цагдаагийн байгууллага санаачлаад хийгээд эхэлчихвэл яасан юм бэ гэсэн. Эхэндээ тэрийг сонссон хүмүүс "Биднийг муухай доромжилж байна аа” гэж бодсон байх.
-Цагдаа нар уу?
-Дарга нар нь. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр би амьдарч байгаа гэж ерөөсөө бодохгүй байгаа байхгүй юу. Одоо бүгдээрээ ярьж эхэлж байна. Цагдаагийн байгууллага, төрийн байгууллага бол тэнгэрийн амьтад биш юм байна аа. Иргэнд үйлчилдэг юм байна, тэдэнтэйгээ ойр байж, тэднээсээ дэмжлэг авч байж хүндлэгддэг юм байна. Улстөрчид бол бидний найз биш байна, нүүдлийн шувуу юм байна. Ц.Нямдорж шиг таван удаа ирдэг сайд бол ховор л байх. Цагдаагийн алба улстөрчидтэй найзлахаас илүү иргэдтэйгээ ойр байх ёстой юм байна гэж ярьж байна.
Дахиад л коцепцийн зөрүү ярья л даа. Цагдаагийн байгууллага "Иргэнээ хамгаална, иргэндээ үйлчилнэ” гэдэг уриатай байвал яасан юм бэ гэсэн чинь бас их уурлаж байсан. "Бид тэгээд яах юм, хулгайчийг хамгаалаад хулгайчид үйлчлэх юм уу?” гэж. Гурван сая иргэнээ бүгдийг нь хулгайч гэж харж байгаа байгууллага цаашаа ардчилсан нийгэмд оршин тогтнох боломжгүй ээ. Дийлэнх иргэд маань харьцангуй шударга, цагдааг дэмждэг гэж ойлгоод тэр иргэддээ үйлчилнэ, хамгаална аа. Тэр иргэдийн эрх ашгийг зөрчөөд зогсч байгаа нөгөө хүмүүст бол хуулийг сахиулж, хуулийн хүчийг үзүүлнэ. Бүгдийг нь хулгайч гэж харж байгаа бол та нар иргэдээсээ тасарсан байна. Иргэнээсээ тасарсан төрийн байгууллага хэзээ ч иргэд, олон нийтээс дэмжлэг авдаггүй. Үүнийг өөрчлөхийн тулд олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах ажиллагаа гэдэг юмаа хий гэж хэлсэн. Тэрний үр дүнд одоо оюутан цагдаа, сургуулийн цагдаа, олон нийтийн цагдаа гээд иргэдийг хамарсан хэв маягууд бий боллоо шүү дээ. Одоо ч гэсэн нэг их олшроогүй ч гэсэн явж л байна. Гэхдээ хамгийн том ололтууд нь нурсан л даа. Тахарын алба байхгүй болсон. Хуульчдын холбоог татан буулгах гэж байна, Захиргааны шүүхийг татан буулгах гэж байх шиг байна.
-Ц.Нямдорж сайд өргөн барьсан биз дээ?
-Тэгсэн.
-Өмгөөлөгчдийн холбоог яагаад дахин байгуулахаар болчихов?
-Хуульчдын холбоо анх байгуулагдсаны дараа Өмгөөлөгчдийн холбоонд байгаа нөлөө бүхий хүмүүсийн дунд яригдаж байсан нэг зүйл бий. Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдөөс татвар авдаг байсан. Тэр татвар буюу ирээдүйд орж ирэх орлогоороо маш үнэтэй байшин авсан. Өмгөөлөгчдийн холбоо нэрээр явдаг нэг хэсэг хүмүүс холбооны нэрээр бизнес хийдэг болчихсон. Өмгөөлөгчдийн мэргэжлийн бизнесийг холбооны нэрээр монопольдох маягтай болсон. 2009 онд Ц.Нямдорж сайдын өргөн барьсан Өмгөөллийн тухай хуульд бүр Өмгөөлөгчдийн холбоо өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар биччихсэн байсан. Ийм байж болохгүй ээ. Та нар өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болохоос биш бизнесийг нь булаадаг байж болохгүй гээд тэр үед хуулийг нь зогсоож байсан. Дараа нь Хуульчдын холбоог байгуулаад, шинээр байгуулсан хуульчдын холбоонд өмгөөлөгчдийн холбооны эрх шилжихээр Өмгөөлөгчдийн холбоо нөгөө өрөө төлж чадахаа байчихсан. Тэгээд нэг хэсэг хүмүүс яаж хуучин цаг шигээ татвараа авч, энэ өрөө төлж дуусах вэ гэдэг зорилгод зургаан жил хөтлөгдөж байна. Сүүлийн таван жил их идэвхитэй явж байна. Миний үед идэвхижиж чадахгүй байснаа Д.Дорлигжавыг сайд болсны дараа Өмгөөлөгчдийн холбоог дахин байгуулдах санаачлага гаргаад чадаагүй. С.Бямбацогт сайдын үед оролдоод чадаагүй. Одоо 2009 оны хуучин түншлэлээрээ Ц.Нямдоржийн үед хууль нь орж ирж байна л даа.
-Гол зорилго нь өмгөөлөгчдийн татварыг цуглуулах л юмаа даа?
-Ц.Нямдоржийн ярьж байгаа олон үндэслэлийг би сонссон. Өмгөөллийн тухай хуулиар биш, эрүүгийн процессийн хуульдаа өмгөөллийн баталгааг хуульчлах тухай асуудал байхгүй юу. Гэтэл өөрсдөө процессийн хуулийг унагаж, өмгөөллийн баталгааг алга болгочихоод өөрсдийнхөө зуурсан бантанг өөр зүйл рүү заагаад нэг хэсэг нь мөнгөө олох, нөгөө хэсэг нь бантангаа өөр хаягтайгаар дахин зуурах зорилгоор Өмгөөллийн хуулийг оруулж ирж байна л даа. Прокурорын яллагааны үйл ажиллагаа  гэхэд жишээ нь Прокурорын байгууллагын тухай хуульд биш, байцаан шийтгэх буюу эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд бичигддэг биз дээ. Яг түүнтэй адилхан өмгөөллийн үйл ажиллагаа процессийн тухай хуульд байх ёстой. Үүнийг оруулаад явж байсан хуулиудаг МАН яагаад 2016 онд буцааж татаад алга болгосон бэ?
-Харин яагаад?
-Нэгдүгээрт шүүхийн системийг эрүүлжүүлэхгүй байх бүх алхмыг хийж байна. Долдугаар сарын 1-ний дараах өмгөөллийн орчин шиг болгож байгаа байхгүй юу. Долдугаар сарын 1-ний дараа Засгийн газартай сөргөлдөх өмгөөлөгч нэг ч олдохгүй байсан гээд бод доо.
-Одоо ч гэсэн олдохгүй байх?
-Одоо бол харьцангуй гайгүй байна. Яагаад гэвэл Хууль зүйн сайд хэн байх, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хэн байхаас үл хамааран хуульчид бие даасан байдлаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх чадвартай болчихсон. Энэ чадвартай байдал нь энэ хүмүүст таалагдахгүй байна. Захын хуульч "Ц.Нямдорж гэдэг хүн УИХ-ын дарга байж болохгүй ээ” гээд байр сууриа илэрхийлчихэж байна. "Ерөнхийлөгч Цэцэд ийм ийм хүмүүсийг томилуулахаар өргөн барьж болохгүй” гээд ярьж байна. Хуульчдын холбоо шалгалтаа аваад лицензээ бие даасан байдлаар өгөхөөр Засгийн газраас үл хамааралтэй лицензтэй хүмүүс бодит байдлыг, хууль ёсны байдлыг итгэл үнэмшлээрээ ярьж байна. Хэрэв одоо энэ хууль батлагдал лицензийг Хууль зүйн яам өгнө. Өмгөөлөгчдийн холбоо дахиад тусдаа шалгалт авдаг болно. Нээлттэй, өрсөлдөөнтэй байсан өмгөөлөгчдийн зах зээлийн Өмгөөлөгчдийн холбоо контрольдох болчихож байна. Лицензийг нь Хууль зүйн яам өгнө гэдэг хуульчдын амыг барих том бодлого явж байна. Үүнийгээ нэг мангас дарж аваад баатар боллоо гэдэг алга ташилтынхаа дундуур гүйлгэх гэж оролдож байна.
-Хэрвээ тэгээд хуульчдыг гартаа оруулчихвал Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хэрэг байгаа юм уу? Бүгд л Засгийн газрын өмнө ёслоно шүү дээ?
-Батална шүү дээ. Бүгдийг нь 100 хувь хийнэ, эрх мэдэлд нь эрүүл саруулаар саад болж байгаа бүх бүтцийг алга болгож гэх оролдож байна.
-Хэрвээ Ц.Нямдорж УИХ-ын даргад дэвшээд томилогдчихвол яах вэ?
-УИХ-ын даргыг томилно гэдэг бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал Ийм их хурлыг "бидний өмнөөс ажиллаж байгаа” гэж итгээд суух уу, үгүй юу гэдгээ бас ард түмэн дараа нь шийдэх байх л даа.
-Сүүлийн үед АН-ын үзэл баримтлал гэж энд тэнд яриад, сургалт лекц зохион байгуулаад яваад байна аа даа. Яагаад?
-Манайд үзэл баримтлалтай намууд алга болоод, улс төрийн намын өөрийнх нь философи алга болчихоор намыг авилга, клиентелизм хоёр эзэлдэг. Одоо ингээд харахаар манай улс төрийн намууд чинь бүгд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болчихлоо шүү дээ. Яаж бөөнөөрөө эрх мэдэлд хүрэх вэ, яаж бөөнөөрөө хулгай хийх вэ, тэр хулгайлсан мөнгөөрөө дахиад яаж эрх мэдлээ авч үлдэх вэ гэдэг л зодоон болоод хувирчихлаа. Түүнээс биш энэ улс оронд ямар өөрчлөлт хийх юм, өөрчлөлт нь иргэдэд ямар хэрэгтэй юм, энэ улс орныг дахиад жаахан урагшлуулахын тулд юу хийх вэ гэдэг  тухай хэнд нь ч ярьж байгаа зүйл алга. Ямар ч бодлого, мөрийн хөтөлбөргүй Засгийн газар одоо юу ярьж байна?
-МАНАН-г л ярьж байна?
-Долларын хаш, шатахууны үнэ өсөөд байдаг. Цагаан сарын дараа иргэд энэ өр зээлээсээ болоод маш их бухимдана. Яг Засгийн газрын хийх ёстой ажил, чиг үүрэг ямар ч эзэнгүй, "0” заачихсан. Юу хийсэн бэ, нэг сайхан дайсан тодруулж аваад л байлдсан. Социализмын үед тийм байсан биз дээ. Өөрсдөө өмд цоорхой байж л "Капиталист хөрөнгөтнүүд ажилчин ангийг тонон дээрэмдэж байна, тэнд нэг том дайсан байна” гээд жагсаад байсан. Өөрсдөө ямар ч эрх чөлөөгүй мөртлөө өөрсдийнхөө амьдралын төлөө биш, өөр хэн нэгний аюул заналын тухай л ярьдаг байлаа шүү дээ. Яг тэр технологи руу явж байна. Тэр М.Энхболд гэдэг хүнд нь өмөөрөөд байх юм байхгүй л байх л даа. Гэхдээ хийх ёстой ажлаа хийхгүй, хэсэг хүмүүсээр мануухай босгож аваад "паа пүү” гэж орилуулж, оруулчихаад өөрсдийнх нь амьдралыг гаргуунд нь хаячихлаа шүү дээ. Энэ их өр зээл, үнийг хөөрөгдөл гээд санаа зовох өчнөөн ажил байхад тэр ажлыг хийх ёстой хүн нь байхгүй, тэс өөр зүйл хийгээд баатар болчихсон явж байгаа байхгүй юу. Улс төржилт, попролтын мөн чанар энэ л дээ.
-Ерөнхий сайд саяхан нэг үг хэлсээн. Баялаг бүтээгдчдээ дэмжинэ гэж хэлээд хүмүүсийн дургүйг хүргэчих шиг болно лээ?
-Нэг хэсэг хүмүүсийг суулгаад "хувийн хэвшлийг дэмжих бодлого боловсруул” гэж байна лээ л дээ. Бодлого нь одоо хүртэл байхгүй Засгийн газар жил хагас явсан байна гэдэг чинь аймшиг шүү. Ерөнхий сайд гэдэг чинь ирэхдээ бодлоготойгоо ирдэг болохоос биш жил хагасын дараа "Одоо бодлогоо олж авья” гэж ярьдаггүй. Энэ бол эмгэнэл шүү.
-За АН-ын үзэл баримтлал юу юм бэ?  Өөрчлөгдөж шинэчлэгдсэн юм уу, огт оргүйгээс бий болсон юм уу?
-Үзэл баримтлал бол Монголын гурван сая хүнд чиглэсэн бодлого. Яаж энэ хүмүүсийг илүү сайн сайхан нийгэмд аваачих вэ, ямар замаар түүндээ хүрэх вэ? гэдэг асуултын харултыг л намын үзэл баримтлал гээд байгаа юм. Өмнө нь МАН-ын үзэл баримтлал, АН-ын үзэл баримтлал юу юм гээд ярихаар нэг их ялгарахгүй байсан л даа. Адилхан л халамж яриад, адилхан л хулгай хийгээд яваад байсан. Тэгээд сүүлдээ "Энэ АН, МАН хоёр чинь ямар ч ялгаагүй юм байна” гэдэг ойлголт руу оччихлоо шүү дээ. Гэтэл манай намын түүхэндээ хийж байсан ажлууд нь дандаа хүний эрхийн асуудлууд, эдийн засгийг либералчлах чиглэл рүү л алхмууд хийсэн байна. Жишээ нь НӨАТ-ын татварын хяналтаас авахуулаад. Гэтэл үүнийгээ эрх мэдэлтнүүд нь үнэхээр ухамсарлаж байсан юм уу, үгүй юу. Ерөнхий явж байгаа хандлага нь бол байсан. Тэгсэн мөртлөө албан тушаал дээр байгаа хүмүүсээс нь аймшгийн аймшгийн саналууд гарч байсан. Юун АН, юун баруун төв, хувийн өмч, зэх зээлийн засаг. Эсрэгээрээ эдийн засгийн нийгэмчлэх фашист саналууд хүртэл гарлаа шүү дээ.
-Товчхондоо АН-д орох юм бол та ийм бодлого барихгүй гэдэг нь бол тодорхой болох юм байна, тийм үү?
-Гол зарчим нь тэр. Намын үзэл баримтлал хоёр чиглэлээр явдаг. Нэгдүгээр олон нийт, сонгогч руу "Бид юу хүсч байна вэ” гэдгээ хэлэхэд тусалдаг. Хоёрдугаарт олон нийт, сонгогч болон, жирийн иргэд нь "Бидэнд ийм юм ярьчихаад эрх мэдэл дээр очихоороо яагаад өөр юм хийгээд байгаа юм бэ” гэж хянахад тусалдаг.
-АН анх байгуулахад тэр үзэл баримтлал байгаагүй юм уу?
-Байсан. АН анх үүсэхдээ л хүний эрх, үндэсний эрх чөлөө, чөлөөт зах зээл, хувийн өмч, иргэний санаачлага оролцооны төлөө байсан шүү дээ. Түүнийгээ тодотгож л өгч байгаа юм. Тэр бүгдээ дахиад нэг цэгцэлж, илүү тодотгож хэлэхгүй бол заримыг нь жаахан бүдэг хэлчихсэн, заримыг нь салаа утгатай хэлчихсэн байна, зарим нь мартагдаад байна. Тиймээс тэрийгээ арай жаахан тодотгоод, цэгцлээд, системчлээд "За одоо үүнийхээ араас явна шүү. Эрх мэдэлд оччихоод өөр юм яриад тонгочоод байхгүй шүү” л гэж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд ардчилалд итгэл алдрах, АН-ыг "өө, чааваас даа” гэж үл тоох, шүүмжлэх болсон шалтгаан юу вэ гэхээр АН-аас хүлээж байсан хүлээлтийн эсрэг АН-ын лидерүүд явсан байхгүй юу.
Жишээ нь ЖДҮ эрхлэгчид гэдэг бол АН-ын дэмжигчид. АН гарах болгондоо тэдний төлөө юм хийх гэж оролддог. Гэтэл тэр хүмүүсийн боломжийг МАН бөөнөөрөө хулгайлаад тоночихсон байхад АН-ын зарим нэг нөхөр үсэрч гараад тэднийг өмгөөлөөд байгаа юм бэ? Та нарыг сонгосон дэмжигчид чинь жилдээ 10-20-хон сая төгрөг эргүүлээд хоолны газар, оёдлын цех ажиллуулаад 2-3 хүнийг ажлын байраар хангаад, та нараас ажил гуйхгүй амьдралаа авч явж байгаа хүмүүс шүү дээ. Тэдний боломжийг гурван зүйл дээрэмдэж байна. Нэг нь банкны хүү. Хамгийн доод тал нь жилийн 30 хувийн хүүтэй зээл олдоно, барьцаа хөрөнгө муутай бол түүнээс дээшээ нисч өгнө шүү дээ. Дээр нь татвар, төрийн хүнд суртал, тонуул дээрэм. Гуравт өөрийн гэсэн орон байшин байхгүй бол түрээс. Энэ гуравт дээрэлхүүлээд босч ирэхгүй байна. Гэтэл энэ хүмүүсийн боломжийг хулгайлаад гурван хувийн хүүгээр тансаглаж байгаа тэр хүмүүсийг өмөөрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-950 саяыг зүгээр банкинд жилийн 15 хувийн хүүтэй хийхэд л сардаа 9,5 саяын хүү авч байна лээ шүү дээ. ББСБ руу хийчихвэл бүр нисч өгөх юм байна?
-Тэгээд дээр нь Монголын хамгийн том том обектуудын хувьчлаад авчихсан, зөвхөн түрээсээрээ яаж амьдардаг билээ. Гэтэл бизнес хийх гээд хүнд дээрэмдүүлээд түрээсэ төлж чадахгүй, эцэстээ бизнесээ хаагаад дуусч байгаа хүмүүс өчнөөн байна. Үзэл баримтлал гэдэг маань энэ зармчаа мөрдөхгүй байгаа хүмүүсийг хэмжиж хэмжүүр байхгүй юу. Яахаараа АН-ын төлөөлөл ЖДҮ хулгайчдыг өмөөрөөд, авлигыг нь хамгаалаад, нөгөө хүү, түрээстээ бариулаад бизнесээ алдаж байгаа нөхдүүдийг зэрэгцүүлж байгаад дэвслээд байгаа юм бэ. Энэ бол АН-ын өөрийх нь суурь луу дайрч байгаа үйлдэл. Ийм зүйлийн дэргэд дуугүй зогсч болохгүй. Дундаж ангийг үүсгэх гээд оролдож байхад дундаж ангид очих ёстой ЖДҮ-ийн зээлийг хулгайлж авангуутаа ББСБ-аараа буцаагаад хүүлээд сууж байгаа хүн хэрхэвч хууль тогтоогч байх ёсгүй. Гэмт хэрэгтэн байхгүй юу, ачигдах газраа ачигдаад явах ёстой. Гэтэл эсрэгээрээ баатар болчихсон, "бид 60 тэрбумыг дарсан, одоо ЖДҮ энэ тэрээ боль” гээд, Чингис хаан есөн удаагийн ял хэлтрүүллээ гэдэг шиг юм яриад сууж байхаасаа ичих хэрэгтэй.
-Тэд нар өөрсдөө тэгж яриад байгаа юм уу, манай зарим хүмүүс тэгж хүлээж аваад, хөөргөөд байгаа юм биш үү?
-Тэд л тэгж яриад, түүнийгээ бусдаар хэлүүлж байгаа шүү дээ. Түүнээс биш боломжоо хулгайлуулсан хүмүүс юу гэж тэднийг хөөргөх юм. Хулгайлсан мөнгөнөөс нь хувь авсан хүн яаж дуугүй байх вэ, "та минь агуу шүү” л гээд суж байгаа шүү дээ. Нэг хэсэг сайхан тоглолоо шүү дээ. ЖДҮ ярихаар "60 тэрбумыг өмөөрлөө” гэдэг. Уучлаарай 60 тэрбумыг чинь ерөөсөө өмөөрөөгүй. ЖДҮ бол 60 тэрбумын чинь үргэлжлэл. 60 тэрбумынхан идсэн хоолоо баасан баас нь ЖДҮ. Тийм учраас та хэдэд нэг нь сайхан үнэртэй, нөгөө нь муухай үнэртэй гэсэн юм ерөөсөө байхгүй. Аль аль нь явдаг газраа яваад, шалгуулдаг газраа шалгуулаад хариуцлагаа хүлээ гэдэг ганц л зарчим байх ёстой.
Гэтэл хэн нь ч хонгилыг нураах тухай, хонгилыг нураах хууль санаачлах, энэ хонгил юунаас болж үүссэн тухай ярихгүй байна. Зөвхөн хүн солих тухай л ярьж байна.
-Ер нь бол ЖДҮ-ийн хариуцлагыг дараачийн их хурлын үед ярих байх гэдэг л үнэн болох нь ээ дээ?
-Ер нь бол сонгогчид улс төрийн хариуцлагыг тооцох байх. Дараа нь хуулийн хариуцлага тооцох тухай ярих байх. Ерөнхийлөгч гэдэг хүнд "60 тэрбум, ЖДҮ адилхан хулгай шүү” гэж хэлэх эр зориг байвал хуулийнханд жаахан урам зориг орох байх. Тэгэхгүй Ерөнхийлөгч нь дуугүй дүмбийгээд, эсвэл хамгаалбал хонгил шинэ эзэндээ л үйлчилнэ шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэмүүн
 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу