|

Монголоо манлайлж Дэлхийд МУИС өрсөлдөнө

МУИС-ийн удирдах түвшний албан хаагчид өнгөрсөн оны алдаа, ололт амжилтаа дүгнэх, цаашид хэрэгжүүлэх ажлаа ярилцаж төлөвлөх, 2019 онд баримтлах бодлого, чиглэлийн талаар зөвлөлдөх, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгын хүрээнд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр "Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдье!” уриатайгаар удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд МУИС-ийн захирал, дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, газар, хэлтэс, алба, хүрээлэн, төвийн удирдлагууд болон тэнхимийн эрхлэгчид зэрэг 90 орчим удирдах албан тушаалтнууд оролцов.

Зөвлөгөөнийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ "МУИС-ийн удирдлагын багийн 2018 оны үйл ажиллагааны тайланг БСШУС-ийн сайд 94 хувь буюу А үнэлгээ өгсөн нь МУИС-ийн эрдэмтэн, профессор, багш, ажилтан Та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм” гээд 2017-2018 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг дурдаад, 2018-2019 онд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөнөөр Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам нар 2019 оны тэргүүлэх чиглэл, төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга Б.Энх-Амгалан, ШУС-ийн хөтөлбөрийн бодлого, дотоод зохион байгуулалт, БУС хариуцсан дэд захирал Ц.Амартайван нар  Ахисан түвшний элсэлт, сургалтын тухай, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Элсэлт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Итгэл, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч С.Батцэцэг нар шинээр батлагдсан Багшийн хөгжлийн хөтөлбөр, МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн суралцагчийн сэтгэл ханамжийн судалгааны тайланг танилцуулав.

Зөвлөгөөнд оролцогчдод урилгаар "Торгоны зам” сангийн үүсгэн байгуулагч М.Халиунбат "Аж үйлдвэрийн IV хувьсгал” сэдвээр, Нийтлэлч Д.Болдхуяг "МУИС ба брэндинг” сэдвээр тус тус лекц уншсан бөгөөд оролцогчид зочин багшийн лекц болон бусад илтгэлүүдийн үеэр холбогдох асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлж байлаа.

 

Зөвлөгөөнийг хааж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар "Бид нэг зорилготой, нэг зүг харж урагш тэмүүлэх учиртай. Удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж тухайн жилийнхээ үйл ажиллагаанд баримтлах тэргүүлэх чиглэл, онцлог ажлуудынхаа талаар зөвлөлддөг жишиг тогтооё. Энэ удаагийн зөвлөгөөн ажил хэрэгч, үр дүнтэй боллоо” гээд зөвлөгөөнд идэвхтэй оролцсон нийт удирдлагуудад талархал илэрхийлэв.