|

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй этгээдүүдтэй хариуцлага тооцох хүн энэ улсад алга уу?

 

Өнөөдөр монгол улсад болж бүтэхгүй асар олон юм байдгаас хамгийн наад захын нэгэн жишээг дурьдхад манай улсын төмөр замын салбар бүрэн уналтанд орсон гэдэг нь нэгэнт тодорхой болсон гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх байх.    

Тус байгууллагыг удирдаж байгаа Д.Жигжиднямаа гэгч этгээд нь эрх баригч намын арын хаалганы хүн гэх бөгөөд өдгөө энэ салбарыг бүрэн утгаар нь самарч суугаа гэдгийг үнэнээр нь хэлэх нь зөв гэж бодож байна.   Монголын төмөр замын салбар удахгүй дампуурлаа зарлахад хүрэхнээ гэсэн мэдээлэл гарвал уншигч та бүхэн бүү гайхаарай.

Яагаад гэвэл өнөөдөр тус байгууллагад хууль бус бизнесийн шахаа, албан тушаалын наймаа, авилга, хээл хахууль, удирдлагуудынх нь ёс суртахууны ялзрал, доройтол, өмчийн хулгай, осол аваар... гээд ёрын болгон нэвчиж төмөр замын салбар улам бүр ялзран доройтсоор байгаа нь бэлхнээ үнэн болсон.

Харамсалтай нь төмөр замын салбарын үйл ажиллагаатай холбоотой муу муухай таагүй мэдээлэл өдөр шөнөгүй цуварсаар байхад, хариуцсан албан тушаалтнууд нь юу ч болоогүй юм шиг маасайн инээж манай салбарынхан сайн ажиллаж байгаа гэж хээв нэг яриад сууж байдаг нь туйлын гайхалтай.   

Ний нуугүй хэлэхэд зарим шунахай хүмүүс УБТЗ-ын удирдлагад ирсэн цагаас хойш тус салбарын ажил үйлс улам дордох болсныг төмөр замын салбарын ажилтан албан хаагчид бараг нийтээрээ шахуу ярьж байгаа нь нууц биш.

Д.Жигжиднямаа гэгч этгээд УБТЗ-ын даргаар томилогдсон даруйдаа өмнө нь улсын өмч хөрөнгийг завшиж, авлига авсан хэргээр буруутгагдан, төрийн байгууллагаас хөөгдсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг ажилд авч, хариуцлагатай албан тушаалд томилсон нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ил болсон байдаг.

Хэрвээ уншигч олон санаж байгаа бол Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлийн бага хурал хийх үедээ эдгээр асуудлаас гадна Д.Жигжиднямаагийн хүү хар тамхитай орооцолдсон, орлогч дарга болон нэр бүхий хүмүүсийн хууль бус үйлдлүүдийн тухай дурьдаж байсныг энд нэхэн сануулах нь илүүц биз.

Түүнтэй холбоотой авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй тодорхой баримтууд дээр үндэслэн АТГ-т хэрэг үүсгэн шалгадаг гэх боловч  өөрийг нь даргаар томилсон улстөрчид энэхүү эрхмийг байнга хайцаалж ирснийг тус салбарын ажилтан, албан хаагчид ний нуугүй ярьж буйг төр засгийн удирдлагууд анхаарах цаг болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.

Эцэст нь дүгнэж хэлэхэд өнөөдөр манай улсын төмөр замын салбар хамгийн хүнд сурталтай, хамгийн арчаагүй үйлчилгээтэй, хамгийн зэрлэг бүдүүлэг хэлбэр бүхий мафижсан байгууллага болсон гэдгийг төр засгийн эрхэм дарга анхааралдаа авч арга хэмжээ авах  шаардлагатай байна.

Тэр тусмаа  улсын өмч хөрөнгийг үргүй зардалд хийсгэж, төмөр замын салбарыг нураан сүйтгэж буй  тэдгээр нөхдүүдээс хариуцлага нэхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн дарга нэртэй хулгайчуудад  төмөр нүүрээ харуулах цаг нь болсон гэдгийг энд сануулая.

Ж.Бат

Эх сурвалж: Guren.mn