|

ЭКСПОРТ 19.5 ХУВИАР ӨСЛӨӨ

ЭКСПОРТ 19.5 ХУВИАР ӨСЛӨӨ

 

Монгол Улс 2019 оны эхний улиралд дэлхийн 120 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.8 тэрбум америк доллар, импорт 1.3 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2019 оны 3 дугаар сард экспорт 678.0 сая америк долларт, импорт 448.2 сая америк долларт хүрч, өмнөх сараас экспорт 191.7 сая америк доллараар, импорт 114.7 сая америк доллараар тус тус өссөн байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 444.5 (17.0%) сая америк доллар, үүнээс экспорт 289.3(19.5%) сая америк доллараар, импорт 155.3 (13.7%) сая америк доллараар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний улиралд 351.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 134.0 сая америк доллараар өсөж, 485.9 сая америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны 3 дугаар сард 229.8 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 77.0 сая америк доллараар өссөн байна.

Экспорт 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 289.3 сая америк доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 132.3 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 71.6 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 155.3 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 36.6 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 29.2 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 30.0 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 87.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

П.АНИР