|

1.7 тэрбумаар санхүүжсэн Дарханы зам “там” болж байна

 

1.7 тэрбумаар санхүүжсэн Дарханы зам “там” болж байна

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Уг 204.11 км авто замыг шинээр барих ажлыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн холбогдох удирдлагууд удаа дараа мэдэгдэж байв. Гэтэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил удаашралтай, товлосон хугацаанд ашиглалтад орох нь эргэлзээтэй төдийгүй түр замаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдал, амь насанд халтай болоод байна. Улаанбаатар-Дархан чиглэлд өмнө нь иргэд 4 цагийн дотор зорчдог байсан бол уг замын ажил эхэлж, түр зам тавигдсанаар 15 цагийн турш явж ирлээ хэмээн бухимдсан хүмүүс олон болжээ. Түүнчлэн замын бүтээн байгуулалтын ажлыг авахаар анхнаасаа хэдэн компани тендерт оролцож, хэрхэн шалгаруулсан нь одоо хэр тодорхойгүй байна. Энэ талаар бид иргэн Ж.Энхбаттай ярилцлаа.

 

- Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын өнөөдрийн нөхцөл байдлыг харахад товлосон хугацаандаа ашиглалтад орохгүй бололтой. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байна?

- Засгийн газраас Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбатарын чиглэлд 204.11 км-ын хоёр урсгал, дөрвөн эгнээтэй замыг тендер зарлахдаа 40км буюу таван багц хувааж уг замын ажлыг эхлүүлсэн. Дарханы замын ажил эхнээсээ маш олон асуудлыг дагуулсан байдаг. Нэгдүгээрт, тендерийн нөхцөлд Монголын авто замчдаа дэмжсэн ямар нэг бодлого, заалтуудыг оруулаагүй. Тавигдах шаардлага, технек тоног төхөөрөмж, санхүүгийн хувьд Монголын компаниуд дийлэхээргүй нөхцөлтэй байсан. Өөрөөр хэлбэл Монголын компаниуд нийлээд ч замын ажилд орох боломжгүй өндөр нөхцлийг тавьсан гэсэн үг л дээ. Хоёрдугаарт, тендер зарлахдаа хятадын компаниудад илүү уян хатан нөхцлийг бүрдүүлж егсөн нь тендерээсээ авхуулаад будлиантай болсныг харуулдаг. Мөн шинэ зам барихын тулд "түр зам” тавьсан. Мэдээж түр замыг стандартын дагуу тавьж болдог. Гэтэл хуучин замаа хуулаад зүгээр нэг явган хүний замыг хусаад тэрийгээ түр зам гэж нэрлээд байна. Түр зам гэдэг нь тээврийн хэрэгслийн хэвийн нөхцлийг хангасан замыг хэлдэг. Уг түр замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийсэн. Цагдаагийн байгууллагаас түр зам чинь болохгүй байна. Зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлж байна гэсэн мэдэгдлийг Зам тээврийн хөгжлийн яаманд өгсөн байгаа юм. Уг мэдэгдлийн үндсэн дээр санхүүжүүлэгч болох Азийн хөгжлийн банкинд хандаад 6.4 сая ам долларыг хайргажуулалт хийхээр нэмж авсан байна. Гэтэл 2012-2015 оны хооронд нийт 3405км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан байдаг. Зам барьж байх үед аль болох жолооч зорчигчдыг бухимдуулахгүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хохирол учруулахгүй байх тал дээр бодлогын хэмжээнд ажилласан. Жишээ нь: Яармаг, Нисэхийн замын хувьд хуучин замыг ашиглаж байгаад хажууд нь шинэ замын нэг урсгалыг барьж ашиглалтад оруулаад дараа нь хуучин замаа хуулж шинэ замын эсрэг урсгалыг барьж ашиглалтад оруулж байсан. 2012-2016 оны хооронд иргэд маань жижиг тэргээ унаад хөдөө амралт зугаалгаар явж байсан бол бид өнөөдөр хотоосоо гарч чадахгүй Налайх, Тэрэлж орох гэж бүтэн өдрийг алдаж бухимддаг боллоо. Энэ нь бодлого менежментийн хувьд алдаа, дутагдал байна гэж иргэн хүний хувьд дүгнэдэг. Мөн хотоос гарсан иргэд түр замаар явж хэсэгтээ бухимдаж байгаа бол тээврийн жолоочид, нийтийн тээврийн жолоочид, бизнес эрхлэгчид байнга зорчиж ажил амьдралаа залгуулдаг хүмүүс үнэхээр бухимдаж байгааг өдөр бүрийн телевиз, сошиалаар харж байна.

- Та түрүүн замын тендерт хятадын компаниудад давуу байдал үүсгэсэн гэж хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг таван багцаар буюу таван хятадын компани гүйцэтгэж байна. Тодруулбал,

- БАГЦ-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26км авто зам. Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Хэйлон жианжинье рөүдэнд бридж

- БАГЦ- 2 Хар модот давааны араас Урьхан хүртлэх 45.5км авто зам. Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг

- Багц -3 Урьхнаас Сүмбэрийн уулзвар хүртлэх 45.74км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Гуйжоу Хайвэй

- Багц-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртлэх 45.08км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг

- Багц-5 Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртлэх 30.53 км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци

Дээрх гүйцэтгэгч компаниудыг харвал хятадын компаниудад давуу эрх олгож Монголын замын компаниудад хэт өндөр шалгуур тавьсан. Хэдий таван багцад хувааж өгсөн гэх боловч 2,4-р багцыг нэг компанид давуу эрх олгож өгсөн нь илт харагдаж байна. Хэд хоногийн өмнө салбарын сайд нь эдгээр компаниудын хоёр нь ажлаа хийж чадахгүй, хангалтгүй, ажиллах хүчгүй байна гээд долоо хоногийн хугацаа өгсөн. Заасан хугацаанд нь замын ажил урагшуулахгүй бол гэрээгээ цуцална гэж мэдэгдсэн. Тиймээс энэ асуудалд надад хардах сэдэл төрсөн. Яагаад анхнаасаа ажиллах хүчгүй компанийг гүйцэтгэгчээр оруулав. Техник, тоног төхөөрөмж хангалтгүй компаныг анхнаасаа юунд шалгаруулав. Тэгэхээр тендертэй холбоотой асуудал анхаарал татаж байгаа юм. Компаниудыг хэрхэн сонгосон, яаж шалгаруулсан гэх мэт асуудал байна. Түүнчлэн мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж байгаа учир ямар ч тооцоо судалгаагүй ажлууд өрнөдөг. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

- Замын ажил эхэлснээс хойш зам тээврийн хэд хэдэн ноцтой осол гарлаа. Ослын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, эрүүл мэндээрээ хохирч байна. Түр замыг стандартын дагуу тавиагүйгээс шалтгаалж байна уу?

- Яг тийм. Өнөөдөр Дарханы түр зам хэвийн бүү хэл тамын зам болж хувирсан. Маш өгсүүр, огцом эргэлттэй. Үүнээс үүдэж зам тээврийн ослын тоо нэмэгдсэн. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн мэдээлснээр 2019 оны 6 дугаар сарын 15-аас 8 дугаар сарын 8-ны байдлаар Дарханы түр зам дээр 65 зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын улмаас 6 хүн амиа алдаж, 19 хүн гэмтсэн. Энэ гэхдээ наймдугаар сарын эхний долоо хоногийн тоо мэдээ шүү. Үүнээс хойш хоёр ч удаа том оврын машин, нийтийн тээврийн автобус осолдож хүний амь нас эрсдэж, эрүүл мэндээрээ хохирлоо. Ингэхээр түр зам нь иргэдийн ая тухыг алдагдуулж, амь насанд нь аюул учруулсаар байна. Авто замын тухай хуулийн 35.2 т Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө хэмээн заасан байдаг.

- Замын ажил удаашралтай байгааг тус замаар зорчиж буй иргэдээс сонсч байна. Яг өнөөдөр нөхцөл байдал хэр байсан бэ?

- 18 хоногийн удаашралтай, ажлууд хийгдэхгүй байна гэдэг дүгнэлтийг өөрстөө гаргасан байсан. Миний хувьд саяхан тус замаар зорчиход зам дээр ажиллаж байгаа хүн алга. Бүх техник, хэрэгслээ хураагаад ажил цогсчихсон байдалтай байна. Ядаж түр замаа өдөрт нь услаад, тэгшлээд байж болно шүү дээ. Гэтэл арчилж, тордож байгаа зүйл алга, Шороо тоос бужигнасан зам л байна.

Эх сурвалж:mglpress.mn

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу