|

"Алив нэг хуцаадах, яасан хөөрхөн юм бэ"

Монгол Улсад Авлигатай тэмцэх газрыг байгуулаад арваад жил боллоо. Авлигын индекс муудаж байгаа нь АТГ-т тавьсан дүн биш, албан тушаалтнуудын авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зориг, үйл хөдлөлийн хэмжүүр гэсэн. АТГ өнөөдөр ч орон нутагт салбар нэгжгүй. Үндсэн хуулийн бус байгууллага гэдэг нэрнээсээ одоо ч салаагүй. Үе үеийн парламентад, "АТГ-ыг татан буулгая” гэж занагчид байсаар ирсэн. Арайхийн яваад 2014 онд батлагдсан орон тоогоо 172 байсныг энэ жил 60-аар нэмүүлсэн нь дээдийн заяа болж.

Улстөрчид өөрсдийг нь шалгадаг АТГ-ыг "хоточ банхар” гэж гаднынханд сонирхуулах мөртлөө ийнхүү арван жил дөнгөлжээ. "Алив нэг хуцаадах, яасан хөөрхөн юм бэ” гэж сонгуулиар хаяахан өхөөрдөнө. Ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой заргалдвал хормойгүйн үлгэр АТГ-т ч, УИХ-д биелэлээ олж, арван жил явжээ.

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах замаар авлига илчилсэн хүмүүст авлигын мөнгөнийх нь 10 хувийг өгч байхыг хуульчилъя гэв. Ийнхүү авлигыг багасгахын тулд авлигачдыг матсан хүмүүсийг 10 хувиар авлигадах зохицуулалт санаачилжээ. Г.Занданшатар дарга өөрт нь сайн болж харагдах тачаалтай хүмүүсээс матаасны мэдээ, хов жив их дуулддаг л байх. Улс төрийн түгжил соёлыг хууль сахиулах мэргэжлийн ажилтай хуульчлан хольж болохгүй байх аа.

Авлигатай тэмцэе гэж байгаа бол авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоё. Авлигатай тэмцэе гэвэл авлигын хэрэгтнүүдийг төрд буцааж авахаа больё. Авлигатай тэмцэе гэвэл албан тушаалтнуудыг шалгадаг АТГ-ыг хүчтэй болгоё.

АТГ-т хандсан нийт өргөдлийн 60 хувь нь орон нутгаас ирдэг. Хүнд суртал, чирэгдэл, шударга бус байдалтай орон нутгийн иргэд тулгардаг. Ийм учраас Босоо хөх Монголынхон биш АТГ-ынхан орон нутагт хэрэгтэй. Тэнд байнга ажиллуулахын тулд орон тоо, төсвийг нь нэмэх шаардлагатай.

Г.Улсболд     

Эх сурвалж: newspress.mn