|

Ж.ЧИНБҮРЭН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: ХАВДАР ТУСАХГҮЙН ТУЛД МЭДЭХ ЁСТОЙ ГУРВАН ЗҮЙЛ

Монгол улсад жилд 6000 орчим хүн хорт хавдар тусдаг. Гэтэл 60 орчим хувь нь жил хүрэхгүйн хугацаанд нас бардаг. Үүний гол шалтгаан нь хожуу оношлогддогт байгаа юм.
Монгол улсын Хүний Гавьяат эмч, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн: Хувь хүнээс хамаарах хэд хэдэн зүйлс байна.
Нэгдүгээрт: Монголд хамгийн элбэг тохиолддог хавдар бол элэгний B,C вирусийн гаралтай элэгний хорт хавдар. Гэтэл надад B,C вирус байгаа юу гэдгээ та үзүүлсэн үү? Өөрөөсөө асуу? Жилдээ нэг удаа үзүүлэхэд л болно. Хэрвээ танд B,C вирус байгаа бол эмчилгээнд хамрагдах ёстой. Тэгээд элэгний хорт хавдрын үзлэг, оношилгоонд жилдээ нэг удаа орох ёстой.
Хоёрдугаарт: Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хавдрын хоёрдугаарт байдаг. Мөн ялгаагүй шалтгаан нь вирус. Тэр вирус надад байгаа юу гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв дээр энэ үзлэгийг хийдэг болчихсон. 2019 онд 3000 эмэгтэйд вирусын тархалт хэдэн хувь байна гэдгийг үзлээ. Монголчуудын дунд вирусийн халдвар байна. Энэ вирусийн халдвартай хүн л умайн хүзүүний хавдар тусна. Тиймээс үзүүл.
Гуравдугаарт: Энэ бол өөрөөс чинь хамаарах зүйл. Энэ нь илүүдэл жингийн асуудал юм. Илүүдэл жингүй, архи, тамхи хэрэглэхгүй бол хавдар тусах магадлал 30 хувь буурна гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоо бий. Тиймээс илүүдэл жингүй байх, эрүүл амьдралын хэвшлийг бий болгох, гэр бүл, үр хүүхдэдээ өвлүүлэх нь өвчин тусахгүй байх үндэс юм.