|

Ниссаны экс боссыг Японы хилээр нууж гаргасан хоёр хүнийг АНУ-д баривчилжээ

Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гон өнгөрсөн оны сүүлээр Токиод гэрийн хорионд байхдаа хилийн чанад руу оргосон юм.

Түүнийг Японы прокурорууд Ниссан компанийн их хэмжээний өмч хөрөнгийг ($93 сая орчим) хувьдаа завшсан хэмээн буруутгаад шалгаж байжээ. Гэрээсээ оргосон Гон хоёр хоногийн дараа Ойрх Дорнодын Ливан улсын нийслэлд ил гарч, хүмүүсийг гайхшруулсан юм. Тэрбээр Бразилд төрж, хүүхэд насаа Ливанд өнгөрүүлсэн бөгөөд Бразил, Франц, Ливан гурван улсын иргэний давхар харьяалалтай ажээ.

Мөрдөн байцаалтын явцад хэсэг этгээд Карлос Гоныг хөгжмийн зэмсгийн хайрцагт нууж, хилээр гаргасны дараа хувийн нисэх онгоцонд суулган Ливаны нийслэл Бейрутад хүргэснийг тогтоосон байна.

Ингэхдээ Туркийн Истанбул хотоор дамжиж байжээ.

Ливан, Япон улсууд гэмт хэрэгтэн харилцан шилжүүлэх гэрээгүй тул Токиогийн эрх баригчид Карлос Гоныг буцааж ирүүлж чадахгүй байгаа юм.

Саяхан Туркийн прокурорууд Гоныг оргуулахад оролцсон долоон хүнд ял төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Тэдний дотор хувийн нисэх онгоцны дөрвөн нисгэгч багтсан байна.

Оргуулах ажлыг зохион байгуулсан гурван хүнийг Японы цагдаагийн газар энэ оны нэгдүгээр сараас хойш эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл тэдний хоёрыг өчигдөр АНУ-ын хууль хүчнийхэн Массачусетс мужийн Харвардаас баривчилжээ.

Тэдний нэг нь АНУ-ын зэвсэгт хүчний "Green Beret" гэгддэг тусгай тасагт алба хааж байсан 59 настай Майкл Тэйлор, нөгөөх нь түүний хүү 27 настай Питер Тэйлор юм байна.

Японы хуулийнхан АНУ-ын талтай хамтран ажиллаж, сэжигтнүүдийг шилжүүлж авахаар бэлдэж эхэлжээ. Гоныг оргохын өмнөх өдөр Питер Тэйлор ганцаараа Японд ирсэн бол маргааш нь Майкл Тэйлор, гурав дахь этгээд болох Жорж Антуан Заекын хамт Токиод хөгжмийн зэмсгийн том хар хайрцагтай ирснийг шалгаж тогтоосон байна.

Эцэг, хүү Тэйлоруудын өмгөөлөгч Пол Кэлли "ахмад дайчин, эх оронч” Майкл Тэйлорыг хүүгийнх нь хамт Японы талд шилжүүлэхийн эсрэг тэмцэхээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters