|

Монгол хүн бүр эх хэлээрээ ярьж, бичих эрхтэй

Монгол хүн бүр эх хэлээрээ ярьж, бичих эрхтэй

 

П. Амгаланбаяр

Аялгуу төгс Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна Тэр хэлэнд би хачин их хайртай гэж Д.Урианхай хэлсэн байдаг. Өвөр Монголд суугаа алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий минь мөн ч зовлон үзэж байна даа гэж бодогдмоор. Үүний нэг нь ӨМӨЗО-ны сургуулиудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэр билээ. Их гүрний тэр том давалгаан дор шувууны өндөг шиг л өчүүхэн харагдана. Гэвч бид зүрх сэтгэлээрээ нэгдэж чадвал өчүүхэндэх газар үгүй шүү дээ. Тиймээс уг шийдвэртэй холбогдуулан Монголын сүм хийд, Сүсэгтний холбоо, лам нарын төлөөллийн зүгээс ГХЯ-нд хүргүүллээ. Үүнд: БНХАУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд "Үндэстэн бүр өөрийн хэл, бичгээ ашиглаж хөгжүүлэх, ёс суртахуун, зан заншлаа хадгалж өөрчлөх эрх чөлөөтэй” гэж заасныг зөрчиж байгааг илэрхийллээ.

Энэ үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав "БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар есдүгээр сарын 15,16-нд өдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ гэж ГХЯ-наас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Хятадад болж байгаа үйл явдал, түүний дотор монгол хэл заахтай холбоотой асуудлыг ГХЯ анхааралтай ажиглаж байгаа. Мэдээж Хятадын Гадаад хэргийн сайд айлчлал хийх үеэр албан ёсны яриа хэлэлцээр хийнэ. Хятад, Монгол Улс хоёр иж бүрэн стратегийн түншлэлтэй улсууд. Өвөрмонголд болж байгаа энэ асуудлаар яригдах байх аа. Айлчлалын дараа бид хэвлэлийн хурал хийж ямар асуудлаар ярьж, ямар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэх болно. Бид цааш нь та бүхний энэ бичгийг дамжуулах болно” гэсэн юм. Энэ асуудлыг эерэгээр шийдэж чадваас эх хэлээрээ ярьж, өв соёлоо түгээх Монгол цус тэртээд тодоор цохилох аж.

http://www.npost.mn/a/169828