|

Дархан-Уул аймагт халдварын хоёр тохиолдол нэмэгдэж, нийт 13 боллоо

 

Дархан-Уул аймагт халдварын хоёр тохиолдол нэмэгдэж, нийт 13 боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр 21:30 цагт мэдээлэл хийж, халдварын 2 тохиолдол нэмэгдэж 13 болсныг мэдээллээ.

Аймгийн онцгой комисс өчигдөр Хонгор суманд ажилласан. Хонгор сумын 3 дугаар баг Салхит өртөө 500 өрхийн 1600 иргэнтэй. Энд 400 орчим иргэн төмөр замд ажилладаг бөгөөд тэднээс хоёр тохиолдол илэрчээ. Тиймээс ойрын хавьтлуудыг тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа юм байна. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний оройны байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан 13 тохиолдолтой боллоо. Шинээр хоёр тохиолдол нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар төмөр замын ажилтан, албан хаагч 1000 гаруй иргэн, ар гэрийнхнээс коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ авлаа. Ингэхэд сул эерэг гарсан оноштой иргэдээс хоёр тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт 13 тохиолдол бүртгэгдлээ" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид бүх хүчээ дайчлан Салхит өртөөнд дөрвөн бүлэг ажиллаж, тус өртөөний бүх иргэнийг шинжилгээнд ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Дархан-Уул аймаг дахь төмөр замын ажилчдыг хянах тандах ажил өнөөдөр үргэлжлэх бөгөөд тус аймагт төмөр замд ажилладаг 1088 иргэн, тэдний гэр бүл 3500 орчим хүн байдаг аж.