|

Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулжээ

 

Өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын 60 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барьсан. Тус тогтоолын төсөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө ард нийтийн санал асуулга явуулах, түүнтэй холбогдон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзсэн талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлж байсан. Үүний дагуу  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Ард нийтийн санал асуулга явуулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.

Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасныг баримтлан Монгол Улсын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан болохыг Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр УИХ-ын даргад танилцуулсан юм.

Ард нийтийн санал асуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр явуулахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд энэ өдөр нь 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан түүхт өдөр юм байна. Энэхүү ард нийтийн санал асуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан зөвшөөрөх асуудлаар 1945 оны 10 дугаар сарын 20-нд явуулсан анхны бөгөөд цорын ганц санал асуулгын 70 жилийн ойн жил тохиож байгаагаараа онцлогтой аж.