|

Дарханчууд долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд наадамлана

Дарханчууд долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд наадамлана

 

Аймгийн Засаг даргын энэ сарын 20-ны өдрийн захирамжаар Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Дарханчууд долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин Орхон сум долоодугаар сарын 15-16, Шарын гол сум долоодугаар сарын 16-17, Хонгор сум долоодугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах юм.

 

Баяр наадмын комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, комиссын Орлогч даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар томилогдсон байна.

Тус комисс наадмын бэлтгэл ажлын талаар өнөөдөр /2016.07.05/ хуралдав. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буйгаараа онцлог бөгөөд баярын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч ажиллах тухай Баяр наадмын комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр мэдээллээ.

Хүннү үеэс улбаатай морь, бөх, сурыг багтаасан эрийн гурван наадмын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна шагайн харваа, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хэсэг, худалдаа үйлчилгээ хариуцсан ажлын хэсэг, хэв журам хариуцсан ажлын хэсэг, тохижилт, реклам чимэглэл хариуцсан ажлын хэсэг, үйлчилгээ хариуцсан ажлын хэсэг зэрэг найман ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажилд ороод байна. Энэ жилийн аймгийн баяр, наадмын төсөв 30 сая төгрөгөөр батлагджээ.

Мөн дээрх ажлын хүрээнд долоодугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагт Залуучууд театрын Их танхимд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Дархан хотын 55 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Баярын хурал болно. 

эх сурвалж: darkhan.gov.mn