|

Ялаа хасах гээд өөртөө ял нэмжээ

Ялаа хасах гээд өөртөө ял нэмжээ

П.Батсүх 12 аймаг, 9 дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хохирлоо огт барагдуулаагүй байгаа учраас хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж ийнхүү өөрт холбогдох хэргээ хулгайлж шатаасан нь харин ч эсрэгээр болж өөртөө ял нэмжээ.

П.Батсүхийн хавтаст хэрэг хулгайлсан хэргийг 2015.03.02-ны өдөр Дүүргийн 1-р шүүхээр хэлэлцэж МУ-ын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1-д заасан зүйлээр яллаж, 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дахин бүрдүүлж дуусган прокурорт шилжүүлсэн байна. Одоо П.Батсүхэд холбогдох хулгайн үндсэн хэрэг нь дүүргийн 2-р прокурорын газрын хяналтанд байгаа бөгөөд Дүүргийн 2-р шүүхээр хэлэлцэж ял оногдуулах юм байна. П.Батсүх нь дээрх 3 жилийн ял дээрээ МУ-ын Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлэх юм байна. П.Батсүх нь ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаагаа шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn