|

Усалгаатай тариалан эрхлэхийг дэмжиж ажиллана

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Орхон сумын услалтын системийн ашиглалтын байдал, цаашид усалгаатай газар тариалан хөгжүүлэх талаар Орхон сумын Засаг дарга Б.Батбаяр танилцуулав.

Тэрбээр "Орхон сумын услалтын системийг эзэмшдэг "Хуртай” ХК нь орон нутаг дахь өмч хөрөнгө ашигладаггүй, эзэнгүй орхисон иргэдээсээ суваг ашиглалтын мөнгө авдаггүй, авахаар ямар нэгэн оролдлого хийхгүй олон жил болж байгаагаас сумын иргэд хохирсоор байна” гэж ярилаа. Иймээс "Хуртай” ХК-наас "Төв услалтын систем”-ээ буцаан авч сум өөрийн иргэдийн өмчлөлд авах, услалтын системийн тодорхой төлбөрийг төсвөөс гаргуулж уг компанийн эзэмшлийн 10 га газрыг хураан авч цаашид уг газрыг эргэлтэд оруулан услалтын системийн засварлаж тариалалтын бэлтгэлээ хангамаар байна. Услалтын системийг сумын иргэд буцаан авахад эрх зүйн орчин хүндрэл учирч болзошгүй тул улс, аймгийн төсөвт уг системийг сэргээн засварлахад тодорхой хөрөнгийг гаргаж өгөхийг хүсч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байгаа маань энэ” гэлээ.

Одоогийн байдлаар "Хуртай” ХК-ийн эзэмшилд тус сумын Баян-Өлзийт багийн услалтын систем, 79-ийн тохойн ашиглалтгүй услалтын систем, САА-н гараашийн барилга 110.0 сая төгрөг, 10 га газар байна. Барилгын ҮХЭХ-ийн албан татвар 2.7 сая, ус ашигласны төлбөр 1.1 сая, газрын төлбөр 1.5 сая, бүгд 5.3 сая төгрөгийн өртэй юм байна. Энэ асуудлыг Тэргүүлэгчдийн хурал авч хэлэлцээд аймгийн хэмжээнд усалгаатай тариалан эрхлэхийг дэмжинэ гээд уг асуудлыг дахин судлахаар нээлттэй үлдээлээ.

Б.Норовсамбуy