|

Аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилтийн талаар хэлэлцлээ

Аймгийн Онцгой комисс өчигдөр /2016.01.05/ хуралдаж, өвөлжилт болон улсын нөөцийн 570 тн өвсийг сумуудад хуваарилах талаар хэлэлцэж, зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. 
Дархан-Уул аймгийн дөрвөн суманд өнөөдрийн байдлаар өвөлжилт хэвийн байна. Хонгор, Шарын гол, Орхон сумдын нутгаар цасан бүрхүүлтэй, цас хунгарласан газраа 40-50 см, тал хээрийн бэлчээрт 7-9 см байна. Малчид хүндэрсэн зүйлгүй, малын тарга тэвээрэг дунд түвшинд, өвс тэжээлийн нөөцийг хэрэглэж эхлээгүй, отрын байдлаар 100 гаруй өрх ойн сан бүхий газар, бусад аймаг сумын нутгаар өвөлжиж байна.

Сумдын удирдлагууд эдгээр айл өрхүүдийн бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийн судалгааг гаргаж, долоо хоног бүр харилцаа холбоотой байж, хяналт тавин ажиллаж байна. Харин Дархан сумын хувьд орон сууцны хорооллын өвөлжилтийн ажил голлож байдаг. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-ны өдөр аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг Дархан сумын сургууль, цэцэрлэг, нийтийн орон сууцны СӨХ, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулан ажилласан байна. Харин өнгөрөгч сарын 28, 29-нд тус сумын 10 дугаар багийн 5-ийн 3 дугаар байранд нэг блок хоёр орц дулаангүй болсон гэсэн дуудлагаар аймгийн Захирагчийн алба холбогдох байгууллагуудтай хамтран газар дээр нь ажиллаж, зохих арга хэмжээг авчээ. Дархан Сумын Засаг дарга Б.Азжаргал дээрх байртай адил асуудал гарч болзошгүй, зайлшгүй дулааны шугам сүлжээг солих шаардлагатай хэд хэдэн орон сууцны байр байгаа гэлээ.

Тухайлбал 8, 13 дугаар багийн зарим байрнууд нэрлэгдэж байна. Мөн энэ жил Өргөө багийн 21 дүгээр хороолол, брак, 9 дүгээр багийн зарим байрнуудын халаалт муу байна гэсэн гомдол иргэдээс ирэх болсон. Үүнтэй холбоотойгоор ДДЦС ТӨХК-ийн ерөнхий инженер Г.Туяахүү ярихдаа: - "ДДЦС ТӨХК-ийн зүгээс температурыг 100 градусаас доошгүй өгч байгаа. Энэ нь алдагдалд хүргэж байгаа хэдий ч байгууллага тухайн алдагдлыг хүлээж байна” гэсэн юм. Тэгэхээр эх үүсвэрээс дулааныг хэвийн өгч байгаа тохиолдолд газар дээр нь шалгалтыг хийх нь зүйтэй хэмээн аймгийн онцгой комисс үзлээ. Мөн иргэд стандарт бус шугам хоолойг дур мэдэн тавих, цаг хугацаанд нь сантехникийн гэмтлээ засаагүй зэргээс болж олон хүндрэл учирдаг талаар холбогдох албаны хүн мэдээллэж байв.

Орхон, Шарын гол, Хонгор сумдад болон Дархан сумын 1, 2 дугаар багт ажилладаг таван дэд Дулаан, Эрчим хүчний станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сумдууд 15-аас 30 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Цаашид цас нэмэгдэж өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа гэнэ. Иймд зам харилцааг нээх, туулах чадвар сайтай машин техник, түлш шатахууныг бэлтгэх, отроор өвөлжиж байгаа малчин өрхүүдэд хүн, мал эмнэлэг, төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй хүргэх талаар Сэлэнгэ аймгийн удирдлагуудад уламжлах зэрэг өвөлжилттэй холбоотой олон ажлуудыг энэ үеэр хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнээс гадна аймгийн удирдлагууд малчин өрхүүдийн өвөлжилтийн байдалтай энэ сарын 15-аас 20-ны өдрүүдэд танилцахаар боллоо.