|

Дархан-Уул аймагт байгалийн аюултай үзэгдэл болж, таван том объектын дээвэр хуурчээ

Дархан-Уул аймагт байгалийн аюултай үзэгдэл болж, таван том объектын дээвэр хуурчээ

 

Өчигдөр буюу долдугаар сарын 30-ны орой 19:49 цагаас 21:49 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт хүчтэй салхи шуурч, аадар бороо орон цаг агаарын аюултай үзэгдэл болжээ. Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын талбайд Дархан суманд салхины хурд 18 м/сек хүрсэн үзүүлэлттэй байсан аж. Цаг агаарын аюултай үзэгдлийн дараа мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь ажиллаж барилга байгууламжид учирсан хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар үнэлэх үзүүлэлтээр салхины хүчийг 28,5 м/сек хурдтай байсан байж болзошгүй гэсэн мэдээллийг өгчээ. Энэхүү хүчтэй шуурга 30 минут үргэлжилсэн бөгөөд 17,5 мм тунадас оржээ.

Харин тус аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдад орсон тунадасны хэмжээ харьцангуй бага ч салхины хурд хүчтэй байсан байна. Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн хөдөөгийн гурван суманд хохирол гарсан талаарх мэдээ ирээгүй байгаа юм. Харин Дархан суманд хүчтэй салхины улмаас таван том объектын дээвэр хуурч, мод бут хугарсан, зарим айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хашаа нурсан талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас Дархан сумын Гамшгаас хамгаалах орон тооны бус албанд эхний байдлаар ирүүлжээ.