|

Хүүхдийн эрх ихэвчлэн гэр бүлийнхнийх нь хүрээнд зөрчигддөг

 

Хүүхдийн эрх ихэвчлэн гэр бүлийнхнийх нь хүрээнд зөрчигддөгМонголд анх удаа "Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг хийжээ. Тус судалгааг "Хүний эрхийн Үндэсний комисс”, "Гүүд Нэйборс”-ын  Монгол дахь  Төлөөлөгчийн газар  хамтран хэрэгжүүлсэн аж.   Харин  өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв”-д судлгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү судалгааг " Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн хүрээнд хийж, Нийслэлийн долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны 4264 хүүхэд, 2773 эцэг эх, 152 хамтарсан багийн гишүүд, нийт 7159 хүн хамрагдсан байна. Судалгаанд оролцсон хүмүүсийг орон даяар түүврийн аргаар сонгон авчээ.

Судалгааны гол зорилго нь, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголт, хандлага, хэрэглээг тодорхойлоход орших аж.

Хүний эрхийн коммисийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл хэлэхдээ "Манай улсын хэмжээнд  хүүхдийн оролцооны эрх,  мэдлэг ойлголтыг судалсан судалгааг  Японы "Хүүхдийг ивээх сан”-гийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэн хийсэн. Үүнийг эс   тооцвол хүүхдүүд болон насанд хүрэгчдийн эрхийн талаарх цогц судалгаа хийгээгүй  байна.  Тиймээс   эцэг, эх асран хамгаалагчид болон анхан шатны нэгж дээрх хүүхэд хамгааллын багийн гишүүдийн   хүүхдийн эрх хамгааллын талаарх мэдлэг, хандлага ямар түвшинд байгааг тодорхойлж байгаа юм” хэмээв.

"Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт судалгааны зарим  үр дүнгээс дурьдахад , 10 хүүхэд тутмын найм нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг. Харин  хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэл дунд байдаг. Мөн найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртсөн гэсэн судалгааны үр дүн гарсан ажээ.

Эдгээр хүүхдийн эрхийн зөрчлүүд хаана илүү их үйлдэгдэж байна гэсэн  асуултад  15.6 хувь нь гэр бүлийн орчинд, 36.2 хувь нь сургууль орчимд гэсэн бол 53.8 хувь нь гудамж, талбайд гэж хариулжээ. Харин хүүхдийн хамгааллын хамтарсан багийн гишүүдийн 84.7 хувь нь  гэр бүлийн орчинд хүүхдийн эрх илүү зөрчигдөж байна гэж үзсэн байна. Харин  50.7 хувь нь сургуулийн орчинд, 44.7 хувь нь гудамж, нийтийн эзэмшлийн орчинд  хүүхдийн эрх илүү их зөрчигдөж байна гэж үзэж байгаа ажээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн  хоёр хүн тутмын нэг нь хүүдийн эрх зөрчигдөж байгааг хаана мэдээлэхээ мэддэггүй аж. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хаана мэдэгдэхээ мэддэгүйгээс үүдэж хүүхдийн хүчирхийллийг нуун дарагдуулах, даамжруулах, асудлыг улам хүндрүүлэх магадлалтай гэж судлаачид үзжээ.