|

ОЙЛГОЛЦОХЫН ЗОВЛОН

ОЙЛГОЛЦОХЫН ЗОВЛОН

 

Төгөлдөр уриатай, төгрөгөн бороотой сонгуулиар манай тойргоос тодорсон эрхэм гишүүн хэдэн сарын дараа суманд минь ирсэн юм. Түүний мэнд ус, явдал суудал сонгуульд өрсөлдөж явснаасаа их л өөр болжээ. Тэрээр нэгэн яам толгойлох болсон нь  намынхаа  шилдгийн шилдэг хүн гэдгийн нь батлах аж. Сонгуулийн үеэр энэ хүний буянаар  шартаж, шараа тайлж үзсэн манайхан гарыг нь харсхийж суутал яриагаа эхэлсэн юм.

-Өнөөдрийн энд зохион "байгуулагдаж байгаа арга хэмжээ надад аймаар гоё арга хэмжээ гэж ингэжойлгогдож байгааг хэлэх нь зүйтэй байх гэж ингэж бодогдож байна”. "Тэгэхлээр  энэ дээр” УИХ, Засгийн газраас сүүлийн үед "авагдаж байгаа арга хэмжээнүүдийг”  та бүхэн "юу гэдгийн” надаар хэлүүлэлтгүй мэдэх тул "тиймээ” олныг нуршаад хэрэггүй байх "гэж ингэж хэлмээр байна”.

Бас дээрээс нь хэлэх "өшөө нэг асуулт” бол "тиймээ, үнэнийг хэлэхэд” ажилдаа хариуцлагагүй хандсан, "бас” хээл хахуульд "холбогдогдсон” зарим нөхдөд хатуу "арга хэмжээ авагдах” ёстой боловч гишүүдийн халдашгүй эрхийг хүндлэх нь зүйтэй гэдэг "өнцгөөр  харж байгаа”. "Энэ утгаар нь, ер нь бол”харьд нууц даанстай гэж "сэжиглэгдэн гүтгэгдэж” байгаа ...-ны дарга, ... -ы дарга, ...-ны сайд ...ыг "юугэдгийн” шалгуулахын оронд ...-ны даргаас нь огцруулах "арга хэмжээ” авах нь зүйтэй "гэж ингэж шийдэгдсэн”.   

Засгийн газрын гишүүдийн талаар "сошиал ертөнцөөр яригдаж” байгаа асуудлыг шалгах ажлын хэсэг ирэх намрын чуулганаар "байгуулагдаж, шалгалт хийгдсэний” дараа ирэх жилийн хаврын чуулганаар авч "хэлэлцэгдэх” санал "боловсруулагдаж” байгааг "юу гэдгийн хариуцлагатай "мэдэгдэж” байна. Олонхын бүлэг дээр асуудал ингэж шуурхай "шийдэгдэж” байгааг "хэлэх гэсийн”.

Манай яамнаас өргөн "баригдахаар бэлтгэгдэж” байгаа хуулийн төсөл  бол "аягүй сайнболовсруулагдсан байжаагаа”. УИХ-аар "хэлэлцэгдэх” үед нь та нөхдөд "анхаарагдах” байх "гэж ингэж бодогдож” байна. "Бас, юу гэдгийн,  хариуцлагатай мэдэгдэх өшөө” нэг зүйл бол манай засгийн газар гадаадаас авсан зээлээр "санхүүжигдэн хийгдсэн” ажил "аймаар” их тул хэрхэн зарцуулсан тухай тооцоо судалгаа "нэхэгдэх” үндэслэлгүй юм. Энэ бол сөрөг хүчний арга ядсан "улстөржилт, найруулж буй хор”. Нэгэнт бүтээн байгуулалтанд "зарцуулагдсан” юмыг юуг нь тооцдог юм, тийм зав ч бидэнд алга, "хийгдэх”ажил "өшөө” их байна. Дараа дараагийн сумынханд "боонд, лицээнц, концээс, бийрж, офшоор, лийзэнг, контээнт, интэрнээт, ай тий, мооргэж, ипоотээх, Ай пии юу...” зэрэг ойлголтууд "яригдах” тул тэднээс гар утсаар мэдээлэл "авагдаж” болохыг "зөвлөмөөр” байна.  

"Энэ дээр” зориуд "яг үнэнийг” хэлэхэд манай нам дараагийн сонгуульд "дэмжигдсэн” зөвхөн тэр л "өнцгөөр” танай сумаас их, дээд сургуульд "суралцагдан боловсрогдож” байгаа бүх оюутны төлбөр "юу гэдгийн, тиймээ” боондын үлдэгдэл мөнгөөр "төлөгдөх асуудал хөндөгдөж байгаа”,  бас танай сумын бүх багийн төвөөс гадна дөрвөөс дээш сонгогчидтой айлуудын "цастай, хавсрагатай, нартай, бас юу гэдгийн навч унах үеүдэд нүүж очоод түр байршдаг”  цэгүүд төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй боондын үлдэгдлийн үлдэгдлээр "холбогдох төлөвлөлт хийгдэхээр”  засгийн газраас "өргөгдөн баригдсан” асуудал намын бүлэг дээр "дэмжигдсэн” болохыг баяртайгаар "хэлмээр байна”. "Өшөө басзарим "арга хэмжээ” төсвийн тодотгол, тодотголын тодотголд "тусгагдна”.

За ингээд уулзалт "өндөрлөгдөж” байна. "Дараа нь дээрээс нь бас” энэ орон нутагт "боловсрогдсон” мал аж ахуйн гаралтай "дайвар бүтээгдэхүүн, дээрээс нь бас сүү, сүүн бүтээгдэхүүнээр нададзориулагдан бэлтгэгдсэн” үзэсгэлэнг үзэх, "амтлагдах” зүйлүүдийг амтлах, хүлээн авалтанд "дайлагдах арга хэмжээ хүлээгдэж” байгаа тул, "мөн дээрээс нь бас” дараагийн сумын сонгогчидтой "хийгдэхуулзалтын арга хэмжээ хүлээгдэж аймаар завгүй” байгаа тул та бүхнээс "тавигдах” зөвхөн нэг л асуулт "хариулагдах” боломжтойг "мэдэгдье”. Одоо танай сумаас шагнагдсан хүмүүсийн шагнал "гардуулалтгүйцэтгэгдэнэ” гээд  зөвхөн өөрийнхөө намын гишүүн  10 гаруй хүнд баахан салбарын тэргүүний ажилтны тэмдэг өгөөд хөлсөө арчин суусан юм.  

Сайд ийнхүү ажлаа амжуулаад өмнөх цэвэр уснаасаа балгангаа цагаа хяламхийн харах зуур өвгөн Сүх босч ирээд "Зоогоо л шуурхайхан барьчихвал, дараагийн сум орох ч юухан байхав дээ, цай буцлахын зуурт л пурхийгээд буучихна шүү дээ, хүү минь” гэснээ "Мөхөс миний бие таны ярианаас томжигтой юм тогтоож авч гавьсангүй. "Аймаар юм, аягүй юм, хэлмээр юм, юу гэдгийн нь мэдэхгүй юм, өшөө хүрмээр юм, арга хэмжээ авч шийтэгмээр юм, өнцөгдөж байгаа юм, худал хэлэхээс аргагүй юм, хөндүүр юм, хортой юм дээр дээрээсээ” овооролдооод л байгаа бололтой юм уу даа, янз нь. Хэдий тийм боловч ах дүү, үр хүүхэд, ач, зээ, хүргэн бэр, худ худгуй гээд зуугаад сонгочтой манайхан шиг өнөр өтгөн айлууд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаандаа, таны хэлснээр "цастай, хавсрагатай, нартай, навч унах үеүдэд нүүж очоод түр байршдаг газартаа” байнгын цахилгаантай болох нь, аштай юу даа, төрийн минь сүлд. Төрд маань ийм бололцоо нэгэнт бий болсон хойно бусад нь ч яахав,  ганцхан өвөлжөө рүү, өвөлжөө гэнэ шүү зөнөг толгой, юу билээ, аа тийм, "цастай үед нүүж очоод түр байршдаг газар” руу маань тосон зам тавиад өгвөл буян чинь дэлгэрмээр байна санж. Өршөөгөөрэй сайдаа, сурснаараа ярьчихъя, манайхны өвөлжөө эндээс хоёр өртөө орчимд, айлууд хоорондоо 2-3 саахалт газарт нутаглацгаадаг юм л даа” гээд тавьчихлаа.

Сүх өвгөн ийн хэлэхдээ сайдынхаа ядмаг дорой яриа, мэдлэг чадваргүй байдал, ээлжит худал амлалт гурвыг ёжлонгоо монгол хэлний хичээл "зааж” байгаагийн учрыг огт ойлгоогүй гишүүн нилээн хямсгар байдалтайгаар "Энэ дээр” юуны өмнө "мэдэгдэхэд” би таны хүү биш, жинэхэнэ хан үндэст...” гээд хэсэг түгдэрснээ "тавигдсан” асуудал, "яригдаж” байгаа зүйл огт "ойлгогдохгүй, аймаар” утгагүй байна. "Дээрээс нь басюу гэдгийн” хоцрогдсон бүдүүлэг үгс "аягүй” их байна гэдгийг "хэлэх нь зүйтэй байх”. "Энэ утгаар” нь хэлэхэд хоолыг зоог гээд байгаа юм уу, хаашаа юм, тэр чинь "баригддагггүй иддэгддэг” юм. "Дараа нь дээрээс нь бас” мөхөс гэж юу гэсэн үг вэ, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг үү? Миний ярианд "хөндөгдсөн”зүйлүүд тархинд чинь "ойлгогдох” учиртай болохоос махан биед чинь "тогтоогдох” албагүйг "хэлмээр байна”. Пурхийх, өртөө, саахалт энэ тэр чинь юу болохыг "юу гэдгийн” төсвөөс "санхүүжигдэх” эрдэм шинжилгээний институтийн судалгаагаар "нарийвчлагдан тогтоогдсон” цагт яамны коллеги дээр "тиймээ” асфальтан зам тавих асуудал "хэлэлцэгдэх” учиртай. Тосоор зам "тавигддаг” гэж хаанаас сонсов оо? "Бас дээрээс нь” буян муян гээд шашны хоцрогдсон юм "яригдаж” байгааг зогсоох нь зүйтэйг "сануулмаар” байна. Хугацаа минутаар "тооцогдох” ёстой байдал цай буцлах зуур гэж юу гэсэн үг вэ? Хоёр литр цай юу, хорин литр цай юу, плиткээр үү, гаазаар уу гэдгээс "юу гэдгийн” цай ямар хугацаанд "буцлагдах” нь "хамаарагдах” болохыг "биологийн” шинжлэх ухаанаар "аймаар” эрт "тогтоогдсон байжаагаа”. Ер нь настай хүн гээд "боловсрогдоогүйгээ” харуулж, бүдүүлэг, хоцрогдсон, шинжлэх ухааны үндэслэлгүй юм яриад байвал залуу үед муугаар "үлгэрлэгдэнэ” гэснээ "толгойд өвдөлт өгөгдөж байна” гээд халааснаасаа алтан хайрцагтай юм гарган нэгийг авч амруугаа хиймэгц цэвэр усаар даруулаад хаалга чиглэн алхахад ярианаас нь юу ч ойлгоогүй бид сурсан зангаараа гарыг нь дагуулан харсаар сууж байтал аманцар Туул "Гишүүн гуай, нааноо технологи гэж юуг яриад байна аа” гэснээ бидэн рүү нүдээ ирмээдэхлээ. Сайд явдал дундаа "Энэ бол "наалдуулалт гүйцэтгэн” хийх технологи юм. Энэ талаар дараагийн сумынханд "яригдана” гэж уцаартайхан хэлээд дагалдаж яваа 20-иод хүн, сумын маань 10-аад даргыг манлайлан шурхийн гарахад "Ийм сайдтай яам, ийм гишүүнтэй бид, ийм хүмүүсээр жолоодуулсан төр, улс минь яана даа, хүүхээд. Ёстой л аймаар юм болж байна даа. Зүрх савлачихлаа байна” гэж шаналантайяа өгүүлсээр уртаар санаа алдан суугаа Сүх өвгөний дэргэд ирсэн Туул бүсгүй "Гайгүй ээ, ийм хүмүүсээс ирэх сонгуулиар эгнэгт сална даа” хэмээн чангаас чанга хэлж билээ...

Үдэш нь зурагтаа харж суутал сайд гишүүнийг дагалдан явсан арван хэдэн сэтгүүлчийн нэг нь "УИХ, ЗГ-аас "авагдаж” байгаа, "авагдахаар төлөвлөгдөж” байгаа "арга хэмжээнүүд” иргэдэд "талархагдаж” байгаа нь УИХ-ын гишүүн, ...-ийн сайд ...-тэй ... аймгийн ... "сумуудад зохион байгуулагдсан уулзалтуудын арга хэмжээнүүдээс харагдаж байна” гэхэд нөгөө нэг нь "Энэ өнцгөөс” нь харвал манай сайдын нэр хүнд хөдөө орон нутагт "аягүй өндөр” байгаа нь эдгээр "уулзалтуудаар  тодорхойлогдож” байгааг "хэлмээр байна” гэж сайдынхаа "аймаар гоё” хэлээр "аягүй сайхан”-аар шулгануулж байлаа. Сайдын төрх төлөв, мэдлэг боловсрол, яриа хөөрөө, сэтгүүлчдийн мэдээллийн хэл найруулга, утга учрын тухай эргэцүүлэн бодоод өөрчилж солимоор, засаж залруулмаар цаг ирснийг ухаарахын хамт ийм хүмүүсийг сонгосноосоо ичиж үхмээр болсноо нуух юун. Дараагийн сонгууль даанч хол байна даа... 
           
Төгс Олхонууд Довдонгийн Данзан(МУСГЗ, 
МЗЭ-ийн шагналт яруу найрагч)
2016.04.07
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу