|

Улаанбаатар-Дарханы зам дөрвөн эгнээтэй болно

 
Улаанбаатар-Дарханы зам дөрвөн эгнээтэй болноУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дарханы замыг  ирэх оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал 4 эгнээтэй болгож барих шийдвэр гаргасан тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Тэрээр ярихдаа, "Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хоёр урсгал 4 эгнээтэй болгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Одоогоор 60 сая ам.долларын хөрөнгийг шийдээд байгаа бөгөөд АХБ болон бусад эх үүсвэрээс нэмж санхүүжүүлэлт шийдвэрлэхээр ажиллаж байна. Хөндлөн огтлолгүй саадгүй зорчих дөрвөн урсгалтай зам барьснаар иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Оргил үедээ 12300 авто машин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ авто зам дээр олон  хүний амь нас эндэж буйд цэг тавина. Автозамын ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газраас 5 гүйцэтгэгчээр таван хэсэгт ажил өрнүүлж, богино хугацаанд барих тогтоол гаргасан" хэмээв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр шинэчлэл хийгээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдэрснийг мэргэжилтнүүд онцолдог. Тэгвэл аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой  бөгөөд дээрх шинэчлэлээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй болгож, 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох юм байна. Мөн  аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-ын даваа, 60-ын даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.
 
 УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ "МОНГОЛ ЭКСПОРТ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
 
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн 162 бодлого, хөтөлбөр, баримт бичгийг шүүж, цэгцэлж нэгтгэсэн "Гурван тулгуурт бодлого"-ын хүрээнд "Монгол экспорт" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр батлав. 
Тогтвортой өсөлтийг бий болгох, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, гарааны бизнесийг дэмжих, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх замаар экспортын нэг цонхыг бий болгохыг зорьж буйг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тодотгов.
"Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг гадаад худалдаа,  экспортын үйлдвэрлэл, худалдаатай холбоотой асуудал хариуцдаг яам, агентлагууд болон МҮХАҮТ-ын төлөөлөл  бүхий  ажлын хэсэг боловсруулжээ.
Хөтөлбөрийн зорилго нь  уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү болон татварын таатай орчныг тогтвортой болгох, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний экспортыг дэмжих,  өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх  зэрэг арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд чиглэжээ.
"Монгол экспорт” хөтөлбөрийг 2018-2022 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нэмүү өртөг өндөртэй экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо нэмэгдэж, экспортын гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа, зардал буурч, Монгол Улсын нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь хэмжээ, хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого өснө гэж тооцоолж байгаа аж.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг