|

Хятадын алдартай жүжигчин 70 сая ам.доллараар торгуулжээ

Хятадын алдартай жүжигчин 70 сая ам.доллараар торгуулжээ

Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болох Фань Бинбин болон түүний компани татвараас зайлсхийж, мөн бусад зөрчил гаргасан учир 479 сая юань буюу 70 орчим сая ам.долларын торгууль оногдуулсан тухай тус улсын Татварын ерөнхий газрын мэдэгдэлд дурдсан байна.
Жүжигчин эмэгтэй хэдэн сарын турш олон нийтэд харагдаагүй бөгөөд түүнийг хууль сахиулах байгууллагынхан баривчилсан байж магадгүй гэж зарим хэвлэлүүд урьд нь мэдээлж байжээ. Гэвч Татварын газрын мэдэгдлээс үзвэл, жүжигчин эмэгтэй хууль зөрчсөнийхөө төлөө зөвхөн торгууль төлөн, эрүүгийн хариуцлага хүлээхээс зайлсхийсэн аж. Торгуулиас гадна, нуун дарагдуулсан 225 сая юанийн татварыг, мөн татвараа хугацаанд нь төлөөгүйн төлбөр болох 33 сая юанийг төлөх ёстой байна. Жүжигчин эмэгтэйд орлогоо нуухад нь тусалж байсан өөр хоёр компани тус тус 51 сая юань болон 65 сая юань төлөх ёстой аж.
Хэрэв жүжигчин нуун дарагдуулсан татвараа болон торгуулиа заасан хугацаанд төлөхгүй бол түүнийг шүүх байгууллагад шилжүүлж, мөрдөн шалгаж эхэлнэ.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг