|

Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ?

 

Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ?

 

Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос Улсын их хуралд нэр дэвшиж сонгогдсон Б.Баттөмөр гишүүнийг шудар-га төрийн түшээ хэмээдэг. Тэрээр ямар ч үед ард түмний төлөө дуугарч, нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг нууж хаалгүй ил цагаан шууд хэлж байгаа харагддаг. "Монголчууд бидний амьдрал ядуу байна. Үүнээс илүү ядуурна гэж байх ёсгүй. Ажлын байр алга, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, нийгэмд шударга ёс тогтохгүй амьдрал хүнд байгаа нь үнэн биз дээ. Үүнийг өөрчлөх нь зөв биш гэж үү” хэмээн Монголын төрөөс ам асуугаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Мөн эрх баригчдын тухай "Удирдагч ямар ч байж болно. Харин шийдвэр гаргахдаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг түрүүнд нь тавьж чаддаг байх хэрэгтэй. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 27 жилд дүр эсгэсэн ардчилал, тийм удирдагч нарын балгаар улс гэр сүйрч, ард иргэд ядуурлын туйлд орсон нь үнэн. Өнгөрсөн хугацааны бидний алдаа бол удирдагчдаа зөв сонгож ажиллуулж чадаагүйд л байгаа юм.Улсын эрх ашгийг түрүүнд нь, бүлэглэл хувийн эрх ашгийг дараа тавьж чадвал хөгжил дэвшил өөрөө хүрээд ирнэ. Хөгжил дэвшлийг өөр газраас хайгаад хэрэггүй” гэж нэгэнтээ хэлсэн нь аргагүй л зарчимч, шударга, тулхтай төрийн түшээгийн үг мөн дөө гэх итгэл хүн бүхэнд төрөх нь мэдээж.

Эдийн засгийн ухааны доктор, эдийн засгийг хөгжүүлэхэд хорь гаруй жилийнхээ амьдралыг зориулж арав гаруй ном бүтээл туурвисны хувьд Их хурлын чуулганы танхимаас эдийн засгийн чиглэлээр түлхүү ярьдаг. "Монголбанк бол ашгийн бус байгууллага. Тэгсэн мөртлөө гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна” гээд л шүүмжилнэ. Банк нь гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмсэн нь ямар учиртай юм бэ гээд л төрийн индрээс хэлж байх жишээний. Ингэж аливаа асуудалд шударга ханддаг, үнэн зөвийг нь хэлдэг учир олон нийт Баттөмөр гишүүнд талархалтай ханддаг юм. Хэвлэл мэдээллийн бид ч "Баттөмөр гишүүн маань л ард түмний талд дуугарна даа. Үүсээд буй нөхцөл байдалд үнэн хариултыг тэр л өгнө” гэж итгэж олон ч ярилцлага авч сонин хэвлэлээр мандуулж ирсэн.

Тэгтэл ард иргэдийн энэ их итгэлийг Баттөмөр гишүүн хугалж орхисон нь харамсалтай. Учир нь хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдэх сургаар хамгийн түрүүнд өнөө шударга гишүүний эзэмшлийн гэгддэг "Тэс петролиум” компани үнээ нэмдэг байгаа. Нэг литр нь 1820 байсан бензиний үнийг 1880-1890 болгож даруй 70 төгрөгөөр нэмж, бараг л хоёр мянга руу тулгаад орхичихлоо. Мэдээж бусад шатахуун түгээх газрууд "Тэс петролиум”-ыг дагаад үнээ нэмэлгүй хаачихав. Шатахууны үнэ гэдэг Монголын нийгмийн хамгийн эмзэг цэг. Шатахууны үнэ нэмэгдэх л юм бол дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ёс юм шиг нэмэгддэг. Такси унаа, автобусны үнэ нэмэгдэнэ. Ядарч туйлдсан, өнөөдрөө яая даа хэмээн цөхрөлөө барж байгаа иргэдэд дахиад л маш хүнд цохилт болдгийг эдийн засгийн доктор, эрхэм гишүүн та мэдэхийн дээдээр мэднэ.

Гэвч та хамгийн түрүүнд яарч сандран үнээ нэмж ард иргэдийн амьдралыг "элэгдэж” унагалаа. Бодоход бусад компаниуд үнээ нэмье гэж тохироод таныг түрүүлээд нэмчих гэж хэлсэн байх хэмээн бид таамаглаж байна. "Та гишүүн юм чинь хэл ам бага ирнэ. Дарамт шахалтанд өртөхгүй, бид бол хэцүү шүү дээ” гэж хэлээд шатахуун импортлогч компаниуд танаар хамгийн түрүүнд үнээ нэмүүлсэн байх. Эсвэл "Нэг өдөр, нэг цаг минутад үнээ нэгэн зэрэг нэмье” гэж үгсэн хуйвалдчихаад нөгөө нөхөд чинь таныг хүлээж байгаад хамгийн түрүүнд нэмүүлсэн ч байж болох юм. Тэгж галыг танд үүрүүлсэн ч байж болох талтай. Яадаг ч байсан нийгмийн ийм эмзэг, иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг энэ асуудал дээр Баттөмөр гишүүн та үнэхээр гоомой юм хийлээ. Таны энэ удаагийн үйлдэлд танд итгэж найдаж байсан ард түмний итгэл алдарлаа.

Нэр алдарт хүрэх амархан, харин түүнийг дааж, хамгаалж хадгалж, явах хэцүү гэдэг. Өөрт тань итгэсэн олон түмний энэ их итгэлийг ганцхан удаагийн гоомой үйлдлээрээ алдсан нь харамсалтай. Одоо та хичнээн шударга үнэнийг яриад нийгэм урьдынх шигээ талархан хүлээж авахгүй. "Ярьдаг шигээ шударга хүн биш байна лээ. Хийж байгаа үйлдэл нь хударга хүн байна лээ. Яагаав нөгөө бензиний үнэ...” гээд л ард түмэн огтоос итгэхээ болино. Энэ удаад та шүдээ зуугаад тэсээд байж байхгүй яав даа. Өөрийн хэлсэн ярьснаа санаад, өргөн олны итгэл сэтгэлийг бодоод, Монгол төрийн түшээ гэдгээ эрхэмлээд тэсээд өнгөрөхгүй яав даа. Ядарсан, тамираа барсан иргэдийнхээ халааснаас таван төгрөг илүү монжих, эс бөгөөс дутуу авлаа гээд та хотойх хүн биш сэн дээ, уул нь. Хэдэн жилийн өмнө Баттөмөр гишүүнийг Татварын ерөнхий газрын дарга байхад жилийн орлого нь бараг нэг тэрбум буюу 961 сая төгрөг, "Ойн бирж”, "Тэс петролиум” хэмээх хоёр компани нь "Монголын топ-150” аж ахуйн нэгжийн тоонд орлоо гээд яригддаг байсан. Мөн баттай үнэн эсэхийг мэдэхгүй ч дээрх хоёр компаниас гадна Баттөмөр гишүүн "Мондем” ХХК-ийн 80 хувь, "Жэй Эм Ойл” ба "Сэлэнгэ петрол” ХХК-ийн тус бүр 50 хувийг эзэмшдэг, дээрээс нь "Багануур”, "Монгол нэхмэл” зэрэг хэд хэдэн компаниас хувьцаа хүртдэг гээд л тухайн үед бичигддэг байсан.

Төрийн түшээгийн компани хамгийн түрүүнд үнээ нэмсэн байхад "Синчи Ойл” зэрэг шатахуун түгээх газрууд одоо ч үнээ нэмээгүй, хуучин үнээрээ байна. Яваандаа нэмэх байх л даа. Гэхдээ тэд үнээ нэмэлгүй болоод л байна. Хэрвээ Баттөмөр гишүүний эзэмшлийн гэх "Тэс петролиум” компани бензинийхээ үнийг нэмэлгүй "Синчи Ойл” зэрэгтэй ижил түвшинд байсан бол олон нийт танд дахиад л талархах байлаа. "Энэ 76-г бүгдээрээ зүхэх юм. Эдэн дунд чинь ард түмнээ боддог хүмүүс байдаг юм шүү. Баттөмөр гишүүний колонк бензиний үнээ нэмээгүй байна” гэх яриа хөөрөө газар авч олны итгэл дүүрээд ирэх байлаа. "Тэс петролиум компани надад одоо хамаагүй. Захирал удирдлага нь тусдаа. Би Их хурын гишүүн, төрийн түшээ хүн. Аж ахуйн ажлаас хөндийрсөн” гэж та хэлэх нь дамжиггүй. Иймэрхүү яриа хамгийн түрүүнд эрх баригч, дарга сайд нараас гардгийг бид мэдэлгүй яахав. Гэхдээ бодит амьдрал дээр үүн шиг худлаа юм гэж байдаггүй. Яаж ч бодсон энэ компани тантай хамааралтайг бүгд мэдэж байгаа. Хамаагүй байсан ч гэлээ "Миний нэрийг хорлох гэж байна уу, үнээ нэмэхээ азна” гэж хэлж болох байсан. Хүний нэр төр гэдэг ямар нандин эрхэм байдгийг төрийн түшээ та юу эс андах билээ.

Анзаараад байх нь ээ, Баттөмөр гишүүний гэгдэх "Тэс петролиум” зөвхөн энэ удаад ч үнэ нэмж байгаа юм биш. Өмнө нь мөн л бензиний үнийг бусдыгаа хошуучлан манлайлж нэмж байсан гэдэг. "Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг хоёр ч удаа бууруулаад амжсан. Тухайлбал шатахуун, түлшний онцгой албан татварыг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар дахин 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталсан. Үр дүнд нь шатахууны татвар 160 мянга, дизель түлшнийх 180 мянган төгрөг болон буурч, шатахуун импортлогч компаниудынхаа ачааллыг багасгасан. Гэвч газрын тосны бүтээгдэхүүн импортлогч "Тэс петролиум” уржигдраас эхлэн шатахууны үнээ нэг литр тутамд нь 10-40 төгрөгөөр нэмсэн байна. Ингэснээр "Тэс петролиум”-ийн шатахуун "Петровис”, "Сод Монгол” зэрэг компанийнхаас 20-30 төгрөгөөр илүү үнэтэй зарагдах болов” гэх мэдээлэл хоёр жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сард цацагдаж байсан. Мөн эрхэм гишүүнийг татварын дарга байхад шатахууны үнийг үгсэн хуйвалдсан гэх асуудлаар компаниудад 17.2 тэрбум төгрөгийн нөхөн торгууль ногдуулж байсан. "Чухам яагаад 17 тэрбумын торгууль хэрэгсэхгүй болсныг татварын даргаас өөрөөс нь асуух хэрэгтэй” гээд бас л нэг хэсэг шуугьж байсныг нийгэм мартаагүй л байгаа.

"УИХ-ын гишүүний мандат авсан хүмүүст давуу, сул тал аль аль нь бий. Монгол Улсыг хөгжүүлж, ард түмний амьдралыг дээш татаж шударга үнэний талд зогсож, амжилт гаргаж чадаж байвал Ерөнхий сайд хаанаас тавигдах нь гол биш. Монголын бүх цэцэн мэргэд, ухаантан, эх орончид шалгараад УИХ-д суучихсан гэж би боддоггүй. Монголын төр Засгийн газраа манлайлагчаараа удирдуулах торгон агшин ирснийг мэдэрч байна. Дахиж алдаатай, буруу томилгоо хийвэл алдаагаа бид засаж чадахгүй. Хэнд мэдлэг, чадвар, туршлага хүч чадал, эх оронч үзэл байна, тэр манлайлагч байдаг. Харамсалтай нь бид манлайлагч нараа дандаа хойноо хоёрдугаар эгнээнд авч явдгаас мухардалд ороод байгаа юм. Хямрал удирдагч нарыг сорьж, шалгалт авч, тодруулж өгдөг гэдэг. Одоо зарим хүмүүст тодрох боломж, цаг хугацаа ирж байна” гэж хэлээд та Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож байсан. Гэвч энэ Засгийн өнгөн дээр шатахууны үнийг хамгийн түрүүнд нэмлээ. "Монголчууд бидний амьдрал ядуу байна. Үүнээс илүү ядуурна гэж байх ёсгүй” хэмээгээд та өмнөх Засгийг нь огцруулж байсан бус уу. Ингэж л эрхэм гишүүн таны ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа?

Эх сурвалж: Өдрийн сонин


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу