|

ДАРХАН-УУЛ: ​Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалт авч байна

 

ДАРХАН-УУЛ: ​Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалт авч байна

 

 Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаал гарсан. Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Удирдлагын академи зэрэг байгууллагын төлөөлөл оржээ. Өчигдөр Дархан-Уул аймагт ажлын хэсэг хүрэлцэн ирж 300 гаруй төрийн жинхэнэ албан хаагчдаас текстийн шалгалт авч эхэллээ.

Текстийн шалгалтаас гадна Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуулийг төрийн албан хаагчдаар судлуулсан байдал, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоол, Төрийн албаны ажилтны улсын зөвлөгөөний мөрөөр хийсэн ажлын үр дүнг байгууллага нэг бүрээр шалгах юм байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, мэргэшлийн түвшин, тухайн хүний ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр шалгаж дүгнэх ажээ. Төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах юм байна.