|

Гашуунсухайт дахь гашуун амьдрал

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж, БНХАУ-ын хилийн Ганцмод боомтод хүргэдэг жолооч нар хэрхэн ажиллаж, амьдарч байгааг сурвалжлахаар нийслэлээс хөдөллөө. 22.00 цагт Улаанбаатараас гарсан суудлын автомашин маргааш өдрийн 11.30 цагийн үед Цагаанхаданд хүргэв. Урд хөрш хилээ хааж, нүүрс авахаа зогсоосон үетэй давхацсан тул том машинууд зам дээр гацсан байв. Сул хөрсний бужигнасан шороо, нүүрсний хар тортог орчныг нь нэлд нь хучжээ. Хаашаа л харна халтар хувцастай, түүндээ эмзэглэж, тоосон шинжгүй "нөхөд” зогсоо зайгүй холхино. Хэд хэдэн дэлгүүр, гуанз байрласан хэсэг бол Цагаанхадны төв гудамж. Гашуунсухайт боомт болон Улаанбаатар хот, аймгийн төв рүү явах таксинууд тэнд эгнэн зогсох аж. Нүүрс тээвэрлэх машины цуваа 80-90 км-т хүрсэн тухай төв гудамжаар холхих хүмүүс ярьж байлаа.

ТОРГУУЛЬ ТӨЛӨХ НЬ ЮУ Ч БИШ

Тус аймгийн Цогтцэций сумын Ухаахудагийн ордоос нүүрс олборлодог "Энержи ресурс”, "Эрдэнэс Монгол”, орон нутгийн өмчит "Тавантолгой транс” гэсэн гурван компанийн уурхай бий. Уурхайнуудаас нүүрс тээвэрлэн, БНХАУ-ын Ганцмодны боомт хүргэхээр 12 500 жолооч өдөр, шөнөгүй, нойр хоолоо умартан зүтгэж байна. Тэд уртын урт, урт, богино гэсэн гурван төрлийн эргэлтээр нүүрс тээвэрлэдэг. Уртын урт тээвэр нь дээрх уурхайнуудаас урд хөршийн хил хүртэлх 237 км замыг бүрэн туулж нүүрсээ тушаахыг хэлдэг байна. Урт нь 219 км үргэлжлэх бөгөөд нүүрсээ Цагаанхаданд буулгадаг. Харин богино эргэлтийн тээвэр нь Цагаанхаднаас Ганцмод хүртэлх 20 км зам туулахыг хэлж байгаа аж. Гашуунсухайт боомт руу чиглэсэн нүүрс тээврийн хоёр өөр зам байх бөгөөд хоёуланд нь машинуудын урт дараалал үүсжээ. Үүний нэг нь төв замын дугаарлалт бол нөгөөх нь богино эргэлт хийх шороон зам гэнэ. Богино эргэлт хийх жолооч нар байнга даац хэтрүүлж, 100-гаас илүү тонн ачаа тээвэрлэдэг учир асфальтан замаар явахыг зөвшөөрдөггүй аж.

Энэ сарын 8-наас өмнө буюу урд хөрш нүүрсээ хэвийн татан авч байхад жолооч нар уртын урт эргэлтийн замыг 10 хоногт туулж байсан гэнэ. Гэтэл энэ удаа нүүрс ачуулснаас хойш 27, 28 хоносон ч замынхаа талыг ч "аваагүй” жолооч олон байлаа. Боомтоос 4-5 км-ийн зайд дугаарласан машинууд дээр очиход хувцас, нүүр, гар нь нүүрсний тортог, тоос шороонд танигдахгүй болтлоо халтартсан хэсэг жолоочтой таарав. "Зун бол таван литрийн цэвэр усны савны тагийг цоолж, ачаанаасаа зүүж байгаад л усанд орчихдог. Хүйтэрчихээр гар, нүүрээ ч угааж чадахгүй байна” гэсээр угтсан тэд уг замаар 6-12 жил нүүрс тээвэрлэжээ. Энэ удаа бүгд уртын урт эргэлтэд явж байгаа аж. Тэдний нэг нь "Би шороодож явсаар арай гэж 14 хонож ирлээ. Дугаарласан бол одоо Цагаанхад ч ороогүй” байгаа гэлээ. "Шороодох” гэдэг нь хулгайгаар шороон замаар явж, дугаарласан машинуудын дундуур чихэж орохыг хэлж байгаа аж. "Шороогоор явбал торгоно биз дээ” гэх миний асуултад тэд доогтойхон инээж "150 000 төгрөгөөр торгоод л өнгөрнө. 10 гаруй хоног дугаарлаж, хоол унд, түлшээ гарздаж зогссоноос нэг удаа 150 000 төгрөгөөр торгуулаад, 10 км газар ч болтугай дөхсөн нь дээр биз дээ. Гэхдээ торгуулийн мөнгөө бид бүгдийг нь гаргадаггүй. Хятад эзэн талыг нь төлнө” гэсэн юм.

Уг замаар нүүрс тээвэрлэдэг 166 компани байдгаас бараг 80 хувь нь хятад эзэнтэй гэнэ. Эзэд нь нүүрсээ аль болох хурдан хүлээж авахын тулд жолооч нарт "Хэдэн төгрөгийн торгууль төлөх вэ. Би өгье” гээд мөнгө шилжүүлж, "шороодох”-ыг ятгадаг гэнэ. Жолооч нар ч олон хоног даарч хөрөн, хоол ундгүй шахам дугаарлахын оронд торгуулиа төлөөд ч хамаагүй урагшлахыг боддогоо нуугаагүй. Мөн "шороодохоор” түлш ч их хэмнэдэг гэнэ. Нүүрс тээврийн машинууд ачаатай үедээ 100 км-т 50-70 литр түлш хэрэглэдэг. Харин хоосон бол 20-30 литр түлш зарцуулдаг аж. Тэдний нэг н.Ганбаяр "Би хилээс гарахдаа 500 литр түлш хийсэн нь Цагаанхад ороход дуусаж дахиад 60 литрийг нэмлээ. Ингээд зогсоод байвал үүгээрээ хил гарч чадах, эсэх нь эргэлзээтэй л байна” гэсэн.

ЕСӨН ХҮН НАС БАРЖЭЭ

Ачаагаа хурдан буулгахаар яарах жолооч нар цаг хожиж, жаахан ч гэсэн урагшлахын тулд бүх л аргаа хэрэглэдэг, түүнээс болж осол гарах нь элбэг аж. Цагаанхаднаас Гашуунсухайт хүртэлх 18-хан км замыг туулахад унасан, толгой нь чихэгдсэн хоёр ч автомашинтай таарсан юм. "Энэ хэзээ осолдсон машин бэ” гэхэд жолооч Ганбаяр "Нэг нь унаад долоо хонож байна. Нөгөөх нь саяхны хэрэг бололтой” гэж тоосон шинжгүй хариулах нь энд ийм төрлийн осол жирийн үзэгдэл мэт болсныг гэрчлэх шиг. "Цуваанд зогссон машинуудын хажуугаар нэгбүрчлэн явбал үүнээс ч нүд хальтрам дүр зураг олж харна. Энэ бол юу ч биш” гэж тэрбээр нэмж хэлсэн. Түүний хэлснийг бусад жолооч ч баталж, "Замын хажуу руу унах бол өдөр бүр л гардаг осол. Энэ асфальтан замын хөвөө нарийхан учраас гүйцэж түрүүлэх гэсэн юм уу, урсгал сөрсөн жолооч нар осолдох нь элбэг” хэмээлээ.

Цагаанхаданд гэрээт Цагдаагийн тасаг өнгөрсөн онд байгуулжээ. Тус тасгийнхан нүүрс тээврийн 237 км замаас гадна "Оюутолгой”-н, мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэлх шороон замын ойр орчимд хяналт тавьдаг аж. Тэдний хэлснээр энэ оны эхний 10 сард нүүрс тээврийн замд есөн хүн осолдож, нас барсан гэнэ. Харин нүүрс тээвэрлэж явах үедээ архины хордлогод орсон болон эрүүл мэндийн шалтгаанаар дөрвөн хүн амиа алджээ.

ЗАРДЛАА ХЭМНЭХИЙН ТУЛД ХООЛОО МАШИНДАА ХИЙЖ ИДНЭ

Дугаарласан машинуудын нэгэнд нь таван жолооч шахаад суучихсан, цонхоор нь утаа савсаж байхтай таарав. Тэд хүнсээ нийлүүлж, хоол хийж байлаа. Цагаанхаданд уг нь 25-30 цайны газар, гуанз байдаг ч хоолных нь үнэ тэнгэрт хадчихсан тул жолооч нар зардлаа хэмнэхийн тулд машиныхаа бүхээгт ийн хооллодог аж. "Гуанзны хоол хамгийн хямддаа 7000 төгрөгийн үнэтэй. Дугаарлан зогсож буй жолооч нар тийшээ очиж хоол идэх боломжгүй тул материалаа авч яваад замдаа хийж иддэг. Уг нь хоол, ус зардаг явуулын худалдаачин цөөнгүй ирдэг ч тэдний зардаг "юм” нь ямар ч баталгаагүй. Хордлогод орохыг хүсээгүй л бол тэднээс хоол авч идэх хэрэггүй. Хоносон, муудсан хоол барьчихаад "Орчин нь ийм шүү дээ” гээд хэнэг ч үгүй хариулах хүн ч бий” гэх жолооч ч байв. Ийм учраас жолооч бүр бүхээгтээ хийн зуух, төмс, сонгино, гурил, мах хадгалж явахаас өөр аргагүй. Мөн дугаарлах үедээ машинаа байнга асааж, халаах боломжгүй тул нэмэлт халаагч суурилуулжээ. Ингэснээр дулаан тохь тухтай байх боловч бүхээг халаагч нь маш их халдаг учраас ойр орчмынхоо зүйлсийг түлэх, цаашилбал, хажуу дахь хийгээ ч дэлбэлэх аюултай аж. Бас амархан эвдэрдэг гэнэ. Нүүрс тээврийн цуваан дундаас бүхээг халаагч нь эвдэрсэн машиныг олох амархан байв. Улаанбаатарын нийтийн тээврийн автобуснууд шиг цонх нь битүү цантдаг юм билээ.

 

Төмс, сонгино, гурил, мах гээд хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах сав. Хажууд байгаа нь бүхээг халаагч

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

Дугаарласан олон машины хажуугаар явж байхдаа хэд хэдэн эмэгтэй жолооч олж харлаа. Тэд эрчүүдтэй эн тэнцүүхэн "үзэлцдэг” аж. 30-40 эмэгтэй жолооч урт, уртын урт, богино эргэлтэд тээвэр хийдэг гэж жолооч нар хэлсэн. 30 орчим насны эмэгтэй жолооч, 2-4 насны хоёр хүүхэдтэйгээ явж байхтай ч таарав. Түүнийг н.Оюу гэдэг. Нөхрөөсөө салж, хоёр хүүхдээ ганцаараа өсгөхөөс өөр аргагүй болсон тэрбээр нүүрс тээвэрлээд хоёр жил болжээ. "Эмэгтэй хүнд хэцүү ажил биш үү” гэхэд "Амьдрахын эрхэнд л ингээд явж байна. Энэ эргэлтээ хийчихээд Улаанбаатар орж, хоёр хүүхдээ айлд үлдээгээд, цэцэрлэгт явуулна гэж байтал ингээд нам зогсчихлоо. Машин эвдэрчихвэл чадахыгаа өөрөө засаад, бүр болохгүй бол ойрхон яваа эрэгтэй жолооч нараас гуйдаг. 

Бүгд нэг зорилготой учраас татгалзах хүн байдаггүй. Өөр ажил хийнэ гэвэл хэцүү шүү дээ. Сард дунджаар 500 мянган төгрөгийн цалин авна. Ажил ч олдохгүй. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ цаг, минутаар өсөж буй энэ үед тийм бага мөнгөөр яаж амьдрах билээ. Энд хэдий хэцүү, нойр хоолгүй зүтгэж байгаа ч хятад эзэд бидний хөдөлмөрийг үнэлж чаддаг. Уртын уртад нэг эргэлт хийхэд 3000 юанийн цалин авна шүү дээ. Ийм цалинг Монголд өөр хаанаас ч авахгүй” гэсэн юм. Хүйтэрчихсэн учраас хүүхдээ авч явж буй жолооч цөөн. Хавар, зуны улиралд буюу сургууль, цэцэрлэг амарсан үед олон хүн н.Оюу шиг хүүхдээ, зарим нь эхнэрээ ч бүхээгтээ авч явдаг гэсэн. Бүр 3-4 жил эхнэр, хүүхэдтэйгээ хамт тээвэр хийсэн жолооч ч бий гэнэ. Хоёр жилийн өмнө нэгэн гэр бүлийн амьдрал энэ зам дээр дууссан эмгэнэлтэй түүх байдаг аж. 3-5 насны хоёр хүүхэдтэй залуу хос нүүрс тээврийн замд, машиныхаа бүхээгт амьдарч байгаад осолд орж, нэг нь ч амьд үлдээгүй гэнэ. Ийм гашуун түүхийг мэддэг хэрнээ л жолооч нар хүүхэдтэйгээ тээвэрт явсаар байгаа нь харамсалтай. Цагаанхад дахь гэрээт Цагдаагийн тасгийнхан хүүхдийг аюул ослоос хамгаалахын тулд төв гудамжийг автомашинаас чөлөөлжээ. Ингэснээр хүүхдүүд тэнд аав, ээжийгээ тээврээс иртэл нь хүлээх боломжтой, машинд дайруулах айдасгүй амьдрах боломжтой байжээ. Гэсэн ч уг шийдвэрийг нь худалдаа эрхлэгчид эсэргүүцэж "Бид жолооч нарт л худалдаа хийх гэж энд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл бидний ойр орчимд машин явуулахаа больчихоор орлогогүй болчихно” гэх болсон тул машинаас тусгаарласан хаалтаа авахаас өөр аргагүй болжээ.

 

Олон хоногоор тээвэр хийдэг тэдэнд үүнээс өөр орон зай байхгүй

"Монголын Солонгос” хэмээн "өргөмжлөгдсөн” газрын байдал иймэрхүү байна. н.Оюу жолоочийн хэлснээр нэг эргэлтдээ 3000 юанийн цалин авч, нэг эргэлтээ 10 хоногт амжуулчихаад байвал сард доод тал нь хоёр сая төгрөгийн цалин авах боломжтой аж. Жолооч нарын Цагаанхаданд хоргодох ганц шалтгаан энэ. Нүүр нүдгүй элсээр шуурах говийн их тоос, нүүрсний хар тордог дунд, амьд явах баталгаагүй, өвдсөн үедээ бараадах эмнэлэг ч үгүй орчинд мянга мянган монгол залуус ийн зүдэрч явна.

Unuudur.mn