|

Монголчууд Цагаан сарын баяраа 845.1 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ

-Нэг өрх баярт  дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг- 

Монголчуудын үндэсний уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирж айл, өрх бүр баярын бэлтгэлээ базааж байна. Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна. Иймд цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг Үндэсний статистикийн хорооноос тооцож гаргажээ. Үүнд, ууц 250 мянган төгрөг, архи гурван шил буюу нэг бүрийг нь 12 мянган төгрөг гэж тооцвол 39 мянган төгрөг, нэг ширхэг буузыг 200 төгрөг гэж үзвэл 650 ширхэг бууз 130 мянган төгрөг болох нь. Ингээд  нэг өрхийн бор идээний хэрэглээ 419 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна. 

Харин нэг өрхийн цагаан идээний хэрэглээнд тавгийн боов  нэг бүрийг нь 2200 төгрөгөөр 21 ширхэг боов авна гэвэл 46 мянга 200 төгрөг, ааруул килограммыг нь 13 мянган төгрөгөөр хоёр килограмм нь 26 000, цагаан будаа килограмм нь 2850-аар хоёр килограмм нь 5700 төгрөг гээд үзэм, лууван, төмс, майонез гээд ойролцоогоор бодоход нэг өрхийн цагаан идээний хэрэглээнд 280 орчим мянган төгрөг зарцуулагдах нь. Тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-18  мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780  мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийг зарцуулдаг байна. 

Харин өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл,  30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 464 мянган төгрөг, 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 591.9 мянган төгрөг гэх мэтчилэн нас өндөрсөх тусам гарах зардал нь нэмэгдсээр байна. Ингээд 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 856.6 мянган төгрөг,  60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 1.094.3 мянган төгрөгт хүрэх нь. 

Монгол Улс 2018 оны 12 дугаар сарын байдлаар 895.1 мянган өрхтэй бөгөөд үүний  64 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн үг. Иймээс цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтай. 

"Mongolian Marketing Consulting Group" Цагаан сарын баярт хандах хандлагын судалгааг өнгөрсөн онд хийжээ. Энэхүү судалгаагаар нийт өрхийн 62 хувь нь зээл авч Цагаан сарын баяр тэмдэглэдэг гэсэн үр дүн гарсан байна. Үүнээс зочдод өгөх бэлэг санхүүгийн хувьд тулгамдсан асуудал болдог гэж судалгаанд оролцогчдын 60 хувь нь үзжээ. Хэдий тийм боловч Цагаан сараар бусдаас авсан бэлэг хэрэгцээгүй байдаг гэж 64 хувь нь үзсэн нь анхаарал татаж байгаа юм. 

Б.МЯГМАРЖАВ