|

Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний дэгдэлт ихэслээ

Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсэний улмаас аймгийн Онцгой комисс бямба гарагийн үдээс хойш яаралтай хуралдаж зохих шийдвэр гаргав.

Тус аймагт өнгөрсөн сард уг Улаанбурхан өвчний өвчлөл илэрсэн. Одоогоор аймгийн хэмжээнд 685 тохиолдол бүртгэгдэж дээрх тохиолдлуудаас гурван сартайгаас нэг настай дөрвөн хүүхэд нас барсан мэдээллийг холбогдох албаны хүмүүс өглөө.

Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт өнөөдрийн байдлаар 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иймд эмч, сувилагч, мэргэжилтнүүд асар их ачаалалтай ажиллаж байгаа ба эм тариа дутагдалтай ачаалал ихэссэн аж.

Хурлаар аймгийн Засаг дарга захирамж гаргаж холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө. Захирамжид Дархан-Уул аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчний халдвар дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймгийн Эрүүл Мэндийн газар, Боловсрол, Соёлын газар, их, дээд сургуулийн консорциумын дарга нарт тус тус даалгалаа. Мөн Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг аймгийн Мэдээлэл Технологийн алба, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дарга захирлуудад даалгав.

Түүнчлэн  Улаанбурхан өвчний эмчилгээ оношилгоонд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зохих журмын дагуу гаргаж хэрэгжүүлэхийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэст даалгаж аймгийн хэмжээнд сургалт явуулж байгаа их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулиудад олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай хязгаарлаж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт болон аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газарт тус тус үүрэг болголоо.

Уг өвчний дэгдэлт сүүлийн хэдхэн хоногийн дотор эрс нэмэгдэж байгаатай холбогдуулж аймгийн Эрүүл Мэндийн газраас шийдвэр гаргаж бүх өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж хариуцсан тойргийн бага насны хүүхэдтэй айл өрхүүдээр эргэлт хийж уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Түүнчлэн ерөнхий боловсролын "Од”, "Оюуны-Ирээдүй” цогцолбор болон ХААИС зэрэг хэд хэдэн ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын оюутан сурагчдад уг өвчний вакцины тарилгыг хийсэн бол цаашид энэ ажлыг улам эрчимжүүлнэ гэж аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл ярилаа. Мөн аймгийн Нэгдсэн Эмнэлгийн дарга н.Эрдэнэтулга хэлэхдээ тус эмнэлгийн Халдвартын тасагт одоогийн байдлаар 68 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь тус тасгийн ачаалал гурав дахин хэтэрсэн үзүүлэлт. Ачаалал хэтэрсэнтэй холбогдуулж эмч, сувилагчдыг уртасгасан цагаар нэмэлтээр ажиллуулж байгаа бол эм тарианы хангалт дутмаг, аппарат тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байгааг танилцуулсан юм. Аймгийн Онцгой комиссын хурлаас холбогдох салбар байгууллагуудын удирдлагуудад Засаг даргын захирамжийн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Тэрчлэн нөхцөл байдлын цаашдын төлөвөөс хамаарч сурагчдын амралтыг наашлуулах, бусад шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллана гэв.

Б.Норовсамбуу

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу