|

Дархан-уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Орхон аймагт ажиллалаа

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХТ-ийн Ажлын албаны ажилтнууд, Орхон аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав. Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тус аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ИТХТ-ийн Ажлын албаны дарга С.Цэгмэд,  ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчид байлцаж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй санал солилцсон юм.
Б.Мягмарсүрэн /Орхон аймгийн ИТХ-ын дарга/: Орхон аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаад баяртай байна. Эрдэнэт хотын ажил амьдрал, нийгэм эдийн засгийн  хөгжил цэцэглэлтийг нуруун дээрээ үүрч байдаг Монгол улсын эдийн засгийн стратегийн байгууллага болох Эрдэнэт үйлдвэрээрээ бид бахархаж явдаг. Эрдэнэт хотын 6000 гаруй айл өрхийн амьдрал энэ байгууллагатай салшгүй холбоотой. Манай хотын ирээдүйн чиг хандлага бол Эрдэнэт үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай холбогдуулаад үйлдвэржилтийг дэмжих бодлогыг барьж жижиг дунд үйлдвэрийг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд  жижиг дунд нийлсэн 50 гаруй үйлдвэрийг барьж байгуулаад ашиглалтанд өгсөн нь манай аймгийн хөгжлийг хэр хэмжээнд байгааг харуулж байна гэж боддог. 
Үйлдвэр Технологийн парк түүний хүрээнд хийгдэх ажлынхаа чиг баримжааг гаргаж ажиллаж Монгол улсын хууль тогтоомж болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд ажиллаж байна. 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 31 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч Ардчилсан намаас, 10 төлөөлөгч Монгол ардын намаас, 2 төлөөлөгч МАХН-аас тус тус сонгогдон  ажиллаж байна гэв.
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ИТХТ-ийн Ажлын албаны дарга  С. Цэгмэд аймгийнхаа ИТХ-ын бүтэц зохион байгуулалт, хороодын үйл ажиллагаа, ажиллах журмыг  танилцууллаа.
Орхон аймгийн ИТХ нь нийт  31 төлөөлөгчдийн 16 хувь буюу 5 нь эмэгтэй төлөөлөгч байдаг. Төлөөлөгчдийн 9,5 хувь  буюу 3 төлөөлөгч докторын зэрэгтэй, 22,5 хувь буюу 7 төлөөлөгч магистр зэрэгтэй, 68 хувь буюу 21 төлөөлөгч баклаварын зэрэгтэй. Инженер мэргэжилтэй 12 төлөөлөгч, багш мэргэжилтэй 4, эдийн засагч мэргэжилтэй 5, сэтгүүлч мэргэжилтэй 2, агрономич, эмч, баяжуулагч, гадаад харилцааны менежер мэргэжилтэй тус бүр 1, эрх зүйч мэргэжилтэй 2 төлөөлөгч байна.
Бүрэн эрхийн хугацаанд:
Бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ нийт 29 удаа хуралдаж 86 асуудлыг хэлэлцэж баталсан. Тэргүүлэгчдийн хурал 77 удаа хуралдаж 384 асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоолуудыг баталлаа. Тэргүүлэгчид сард дундажаар 2-3 удаа хуралдаж аймаг, орон нутгийн ажил амьдралтай холбоотой олон асуудлаар шийдвэр гарган ажиллаж байна. 
Аймгийн ИТХ нь: 
  1. Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хороо 
  2. Төсөв, санхүү, үйлдвэрлэл, эдийн засгийн хороо 
  3. Нийгмийн хөгжлийн хороо 
  4. Хот байгуулалт дэд бүтцийн хороо 
  5. ХАА, байгал орчин, гэр хорооллийн хөгжлийн хороо
  6. Өргөдөл гомдолын хороо гэсэн 6 хороотой.  
Орхон аймгийн ИТХ-ын Хурлын ажлын алба нь Хуулийн зөвлөх бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Бодлогын асуудал, Хурлын зохион байгуулалт, Хүний нөөцийн асуудал, Тогтоол шийдвэрийн биелэлт хяналт үнэлгээ, Иргэний танхим, иргэний оролцоо, хэвлэл мэдээлэл, Хурал дахь намын бүлэг хариуцсан ажилтан гэсэн нийт 13 орон тоотойгоор ажилладаг байна.
Тус аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2016 онд 4 тэрбум гаруй төгрөгийн бараа ажил үйлчилгээ гүйцэтгэх бөгөөд Монгол улсын томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох Уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй "Хамтын ажиллагаа”-ны гэрээ байгуулан ажиллаж, жилд 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулдаг.
Аймгийн ИТХ нь төсөв санхүүгийн хувьд  байнгын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж бүрэн хангагджээ. Тухайлбал Хурлын хороо тус бүрт хариуцсан салбартаа үйл ажиллагаа явуулахад зориулж жилд 3 сая төгрөг, төлөөлөгчдөд сар бүр 200 мянган төгрөгийн санхүүжилтийг тогтмол олгодог байна. 
Мөн Орхон аймгийн  ИТХ-ын хуралдааны танхим болон хүндэтгэлийн өргөөг үзэж сонирхлоо. Хуралдааны танхимд техник тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж, Хурлын хуралдааныг аймаг даяар шууд дамжуулдаг байна.
 Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Орхон аймгийн Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530,0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4,5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
"Эрдэнэт" үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг бөгөөд Уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид "Эрдэнэт” үйлдвэртэй танилцах үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат: Орон нутгийн үйлдвэрлэгч томоохон ААНБ-тай "Хамтын ажиллагаа”-ны гэрээ байгуулан ажиллах туршлагыг Дархан-Уул аймагтаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа.