|

Амьд явахгүйн баталгаа

 

Монголд хүний амь шиг үнэгүй юм алга. Иргэд нь гэнэтийн осол аваар, гэмт халдлагын улмаас, эсвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах заяамал эрхээ эдэлж чадаагүйгээс цаг бусаар эндсээр байхад эрх баригчид нэг ч удаа уучлал гуйсангүй. Буруутай албан тушаалтнууд хариуцлага хүлээсэн удаа ч үгүй.

Цагаан сарын амралтын гуравхан өдөрт л гэхэд 13 хүний эрдэнэт амь хот, хөдөөгийн авто зам дээр эндсэн. Үндэсний их баярын дүйвээнд үхсэн хүмүүсийн хохь болоод л үлдсэн. Түүнээс биш авто зам дээр гарсан осолд юу нөлөөлөв, замын чанар муугаас болов уу гэдгийг шалгах юм бол төрийн буруу байж л байгаа. Орон нутгийн замын тендерүүдийн ихэнх нь улстөрчдийн хамааралтай компанид очиж, тавьсан зам нь там болж эздийнхээ чихийг халууцуулсаар буй жишээ олон. Ийм хэргээр хэд хэдэн улстөрч хууль хяналтын байгууллагын хаалга татсан. Хэрэг нь эхнээсээ шүүхээр орж шийдэгдэж байгаа аж. 

Жилд 500-600 хүн автын ослоор хорвоог орхидог гэсэн статистик Монголоос өөр улс оронд бол онц байдал зарлах хэмжээний эмгэнэл, гамшиг юм. Төр нь ийнхүү иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа тул монгол хүн амьд явах баталгаа үндсэндээ алдагджээ гэж хэлж болно. 

Өнгөрсөн хоёрдугаар сард "Эко Алтан Заамар” гэгч уул уурхайн компанийн уурхайд нуралт үүсч дөрвөн хүн шороонд дарагдаж амиа алдлаа. Уг уурхай аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчсөнөөс ийм харамсалтай осол гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Ийм байдалд хүрэхээс нь өмнө хяналт тавьж, хууль, журмын хэрэгжилтийг яв цав шалгаж, ягштал мөрдүүлэх үүрэгтэй төрийн байгууллагууд "Эко Алтан Заамар”-ынхантай хамт хариуцлага хүлээх л ёстой. Харамсалтай нь Монголд тийм жишиг байхгүй л дээ. Урьдчилан хорих төвд хүний амь эрсэдсэн хэрэг олныг цочирдуулсан ч тэгсхийгээд анхаарлаас гарлаа. Төрийн байгууллагууд уучлал гуйсангүй. Гэм бурууг нь бие бие рүүгээ түлхэх гэж үзэв. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор талийгаачийг амиа хорлосон болгоод хэргийг хаах гэж ч байх шиг. Төрийн байгууллагуудын хийж байгаа мэдэгдлээс нэг л зүйл ажиглагдаад байгаа нь талийгаачийг гэм буруутай гэдгийг олон нийтэд ойлгуулах гэсэн оролдлого. Төр иргэнээ дайчлан баривчилж саатуулж байхдаа амь насыг нь хохироочихоод ийм л хүйтэн, хөндий хандаж байгаа юм. 

Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж болохгүй гэдэг хуулийн алтан зарчим хаачаа вэ? Цаашид энэ мэтээр гэм буруутай гэж бодсон хүнээ хууль хяналтынхан шүүхийн шийдвэргүй ч хамаагүй барьж аваачаад амийг нь аваад байх юм уу?

Урьдчилан хорих байранд хүний амь хохирч байгаа нь анхных биш. 2014 онд тухайн үеийн Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан эрхэм мөн урьдчилан хорих төвд хоригдож байхдаа амиа алдсан. Тухайн үед төр буруугүй, иргэн буруутай, Баяраа өөрөө уначихсан юм билээ штээ гэдэг шиг талийгаач хүнд өвчтэй байснаас амиа алджээ гээд л өнгөрсөн. Амь насанд нь халтай хүнд өвчтэй хүнийг урьдчилан хорих төвд хорьсноороо уг нь төр буруутай л баймаар. Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг нас барсан хэрэг эцэслэн шийдэгдээгүй л байна. Төр иргэнийхээ амь насыг хамгаалж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйсангүй. Буруутай албан тушаалтнуудаа ажлаас нь чөлөөлөх төдийгөөр өнгөрөв. Мөн хоёрдугаар сарын 02-нд баруун хил дээр алба хааж байсан цэрэг улсын хил даван Тувагийн нутагт амиа алдсан. Төр төмөр нүүрээ харуулаад л өнгөрөв.

Уг нь төрийн төмөр нүүр гэдэг эгэл жирийн иргэддээ сүр далайлгадаг илд, бамбай биш юм. Тэр байтугай төр хүчирхэг байх ч шаардлагагүй. 

Сүр далайлгаж, дүр эсгэсэн хүчирхэг төр иргэдийнхээ эсрэг сэлэм эргүүлж, өөрөөсөө бусдыг сөхрүүлж сөгдүүлж дуусдгийг олон улс орны жишээ харуулж буй. Тийм улс орнуудад иргэд нь ядуу, дорой, боловсролгүй харанхуйд живж, ажил хөдөлмөр эрхлэх, бүтээлч сэдэл санаа гаргах зүйлгүй нийгмийн халамж, төрийн "хайр хишиг”-т алга тоссон арчаагүй сэтгэлгээтэй болж хувирдаг билээ. Манай төрийн түшээд энэ жишгээр будаа, гурил, бэлэг сэлт барин тойргууд руугаа гүйж сурсан улс. Цагаан сарын өмнө "Оргил”-ын гэгдэх Ж.Ганбаатар гишүүний тойрогтоо зохион байгуулсан ийм буяны ажиллагааны үеэр хүний амь эрсдсэн ч төр төмөр нүүрээ дарж, түмэн чихээ тагласаар дуугүй л өнгөрсөн.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг

Хүний амьд явах эрх бол төрөлхийн заяамал эрх юм. Ямар ч тохиолдолд тухайн хүнээс булаан авч болдоггүй эрхийн нэг. Хүн төрмөгц л амьд явах эрх нь үйлчилж эхэлдэг. Хүний амьд явах эрх өөрөөсөө үл шалтгаалсан байдлаар зөрчигдөж байна. Энэ бол төртэй холбоотой. Хүний амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төр. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр аливаа нийгэмд бүх улс өөрийн гэсэн хууль эрх зүйн орчинтой байдаг. Тэр хууль эрх зүйн орчин нь хүний амьд явах эрхийг хэр баталгаажуулж өгсөн бэ гэдгээс тухайн улсын олон улсын тавцанд үнэлэгдэх шалгуур болдог. Аливаа улс орон эрх зүйн тогтолцоогоороо тодорхой төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохоор байх юм бол шүүхийн хамгийн сүүлийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүний амьд явах эрхэнд халддаг. Гудамжинд явж байгаад хүн ямар нэг зүйлд цохиулаад амиа алдах, бэртэж гэмтэж буй нь хуулийн хэрэгжилт байхгүйг харуулж байгаа юм.

"Өнөөдөр” сонин

Улаанбаатарын утаа бол төрийн буруутай бодлого, үйл ажиллагаанаас болж үүссэн, иргэдийн амь насанд заналхийлж буй бодит аюул. Гэтэл төр утаагаар бизнес хийж байгаа нь иргэдийнхээ амьд явах эрхийн эсрэг хийж буй гэмт хэрэг юм. Өнгөрсөн жил гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит 17 дахь илтгэлд Улаанбаатарын агаарын бохирдлоос болж иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх олон талаар зөрчигдөж байгааг онцолсон байв. Гудамжинд алхаж явахдаа, автобус унаанд суухдаа, бүр агаар амьсгалж, хоол идэж, ус уухдаа ч амиа алдаж болзошгүй эрдсэлтэй "Аз жаргалтай Улаанбаатар”-ын иргэд бид хэзээ амьд явах эрхээ баталгаатай эдлэх юм бол оо.

Эх сурвалж: http://eagle.mn