|

Перугийн экс Ерөнхийлөгч авлигын хэргээр баривчлагдахаасаа өмнө өөрийгөө буудан хөнөөлөө

Перу улсын Ерөнхийлөгч асан 69 настай Алан Гарсиа өөрийн толгойд буудаж хүнд шархадсаны улмаас нас барсан гэдгийг одоогийн Ерөнхийлөгч Мартин Визкара мэдэгдлээ. Орон нутгийн цагаар өчигдөр буюу лхагва гаригийн өглөөний 6:30-д Алан Гарсиаг түүнтэй холбоотой авлигын хэргээр баривчлахаар тус улсын цагдаа нар гэрт нь очсон аж. Цагдаагийн алба хаагчид түүнд прокурорын баривчлах шийдвэрийг танилцуулах үед тэднийг гэртээ оруулахаас татгалзаж өөрийн өмгөөлөгчөө дуудна гэж хэлээд унтлагын өрөөндөө орсон байна. Тун удалгүй унтлагын өрөөнд буун дуу гарах үед цагдаа нар хаалгыг эвдэн орсон бөгөөд энэ үед Ерөнхийлөгч асан Алан Гарсиа толгой тус газраа хүнд шархадсан байдалтай газар хэвтэж байжээ. Түүнд яаралтай түргэн тусламж үзүүлж ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч шархаа дийлэлгүй нас барсан аж.

Алан Гарсиа нь 1985- 1990 болон 2006-2011 онд Перу улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлж байжээ. Тус улсын прокурорын байгууллагаас түүнийг Ерөнхийлөгч байх хугацаандаа үйлдсэн их хэмжээний авлига болон мөнгө угаасан гэх гэмт хэрэгт нь мөрдөн шалгаж байсан юм. Мөн Алан Гарсиаг Латин Америкийн орнуудыг удирдаж байсан маш олон төрийн тэргүүн холбогдсон авилгын сүлжээтэй холбоотой дуулиант хэргийн гол зохион байгуулагчдын нэг гэж үздэг. 

Тэрээр Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Перу улсын нийслэл Лима хотын цахилгаан галт тэрэг болон метроны төслийг хэрэгжүүлж байсан Латин Америкийн хамгийн том барилгын компани болох Бразилд төвтэй "Odebrecht” корпорациас их хэмжээний авлига авсан аж. Алан Гарсиа 2001-2016 оны хооронд Засгийн газрын дэд бүтэц хөгжүүлэх төслүүдээс 800 сая ам.доллар авлигад авсан гэж үздэг. Өнгөрсөн онд прокурорын байгууллага түүнийг Перу улсын нутаг дэвсгэрээс 18 сар гарахыг хориглосон байдаг. Тухайн үед Алан Гарсиа Уругвай улсаас улс төрийн орогнол хүссэн ч тус улсын Засгийн газар татгалзсан хариу өгч байжээ.

Алан Гарсиа хамгийн сүүлд өнгөрөгч мягмар гаригт өөрийн хувийн твиттер хуудсаараа дамжуулан "Прокурорын зүгээс мөрдөн шалгаж буй хэрэгт намайг буруутгах ямар ч нотолгоо байхгүй. Энэ бүхэн бол гүтгэлэг” гэсэн юм. Түүнийг эмнэлэгт нас барахаас хэдхэн хормын өмнө өмгөөлөгч нь болох Эрасмо Рэйна "Ерөнхийлөгч асан Алан Гарсиа өөрийгөө буудах шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн юм. Харин Перу улсын одоогийн Ерөнхийлөгч Мартин Визкара түүнийг нас барсан болохыг зарлах үедээ "түүний төрөл төрөгсөд болон ойр дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье" гэсэн юм.

О.Мөнхбат

Эх сурвалж: CNN