|

Хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйг нэрлэв

"Forbes" сэтгүүл Америкийн дуучин, жүжигчин Рианнаг хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйгээр тодруулсан байна. Тус сэтгүүл дуучин бүсгүйн хөрөнгийг 600 сая ам.доллароор үнэлжээ.  

Рианна хөрөнгийн хэмжээгээр Мадонна /570 сая ам.доллар/, Селин Дион /450 сая ам.доллар/, Бейонсе /400 сая ам.доллар/ нарыг гүйцэж түрүүлсэн байна. Дуучин бүсгүй хөрөнгийнхөө ихэнх хэсгийг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн гол тоглогч болох  "LVMH Moet Hennessy Louis Vuitton” компанитай хамтран ажилласны ачаар хуримтлуулжээ. Тус компанийг тэрбумтан Бернар Арно тэргүүлдэг бөгөөд 76 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгөтэй тэрбээр "Forbes"-ийн жагсаалтад хоёрдугаарт бичигддэг.

2017 оны есдүгээр сараас худалдаанд гарч эхэлсэн "Fenty Beauty” гоо сайхны брэндийг Рианна "LVMH” компанитай хамт эзэмшдэг байна. Уг брэндийн бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсан эхний хэдэн долоо хоногт 100 орчим сая ам.доллар олжээ. Рианна 71 сая дагагчтай инстрагам хаягаараа дамжуулан гоо сайхны брэндээ сурталчилсан нь ийм хэмжээний орлого олоход гол нөлөө үзүүлсэн гэж Forbes мэдээлж байна. Үүнээс гадна, Рианна дотуур хувцасны "Savage X Fenty” брэндийг Америкийн "TechStyle Fashion Group” компанитай хамтран эзэмшдэг ажээ. Тэрбээр мөн тоглолт болон гаргасан дууны цомгуудын борлуулалтаас олон сая ам.доллар олдог байна.

Д.Жаргал