|

Да Винчигийн “алдагдсан” зураг олджээ

Да Винчигийн “алдагдсан” зураг олджээ

 

Алга болсонд тооцогдож байсан, Леонардо да Винчигийн "Ертөнцийг аврагч” зураг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салманы дарвуулт онгоцон дээр хадгалагдаж байгаа тухай урлагийн мэдээллийн "Artnet” цахим хуудас уран зураг худалдан авах хэлцэлд оролцогч эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Леонардо да Винчигийн "Ертөнцийг аврагч” зураг "алдагдсанд” тооцогдоод удаж байгаа юм. 2017 онд болсон дуудлага худалдаагаар нэгэн хувийн цуглуулагч уг зургийг 450 сая ам.доллароор худалдан авч, хамгийн өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээл болсон билээ.

"New York Times” сонинд мэдээлснээр, зургийг Мухаммед бен Салманы найз Бадр бен Абдулла бен Мухаммед бен Фархан Аль Сауд худалдан авчээ. Дараа нь дуудлага худалдааны "Christie's” ордны мэдээлснээр бол да Винчигийн зургийг Абу-Даби хотын Соёл, аялал жуулчлалын газар худалдан авсан байна. Хэсэг хугацааны дараа Арабын Нэгдсэн Эмирт Улс дахь Францын алдарт Луврын музейн салбар уг зургийг үзүүлнэ гэж зарласан боловч "тайлбаргүй шалтгаанаар” цуцалсан байна. Үүний дараа музейн ажилтнууд "Ертөнцийг аврагч” чухам хаана байгааг мэдэхгүй байна гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч эхэлжээ.

"Artnet” цахим хуудсанд мэдээлснээр, уг зургийг хунтайжийн "Serene” дарвуулт онгоц руу аваачсан бөгөөд Саудын Арабын эрх баригчдыг Аль-Ула хотод соёлын томоохон төв байгуулах хүртэл тэндээ хадгалах аж.