|

Венесуэл даяар цахилгаан хангамж тасарчээ

Венесуэл даяар цахилгаан хангамж дахин тасарсан нь манай усан цахилгаан станцын эсрэг үйлдэж буй "цахилгаан соронзон халдлага”-тай холбоотой гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ. Даваа гарагийн орой нийслэл Каракас хот тэргүүтэй 10 гаруй мужийн цахилгаан тасарсны улмаас замын хөдөлгөөний түгжрэл үүсэж, нийтийн тээврийн үйлчилгээ зогссон байна. 

Харилцаа холбооны сайд Хорхе Родригуезийн хэлснээр, холбогдох албаны төлөөлөгчид цахилгаан сүлжээний ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байгаа ажээ. Мөн тэрбээр, тайван хүлээцтэй байхыг ард иргэддээ уриалаад, болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тул эмнэлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн байна.

Венесуэл улсад өнгөрсөн гуравдугаар сард 23 мужийн цахилгаан долоо хоногийн турш тасарсан юм. Тус улсын эрх баригчид үүнд АНУ-ыг буруутгаж байсан бол мэргэжилтнүүд үүнийг хөрөнгө оруулалт дутмаг, зохион байгуулалт тааруу хийгээд авлига хээл хахууль газар авсантай холбон тайлбарлажээ. 

Э.Хулан