|

"Дархан-Ус" ХК дотоод нөөц боломжоо ашиглан амралтын газар байгуулжээ

"Дархан-Ус суваг” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа амралт, чөлөөт цагт зориулсан амралтын газар байгууллаа. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Зулзагын голын ойролцоо байгуулсан "Чандмань-Эрдэнэ” амралтын газар нь "Дархан-Ус суваг” ХК-ийн нийт 280 гаруй ажилчид тэдний гэр бүлийнхэнд зориулагдсан ч зорьж ирсэн хүн бүхэнд нээлттэй аж.  

Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах, 150 хүний хүлээн авалт хийх хүчин чадалтай ресторантай юм. Энэ жилийн тухайд ажилчдаа хүлээн авах зориулалттай 10 гэр, хүлээн авалт зохион байгуулах байрыг ашиглалтад оруулсан бол ирэх жилүүдэд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх урлаг, спортын заал, гадна тохижилт зэргийг хийхээр төлөвлөжээ. Энэхүү амралтын газрыг тус компани өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан байгуулсан байна.

Амрагчдын ундны усанд анхаарч 200 гаруй метрийн гүнээс цэвэр ус гаргаж, гадаа талбайд сагсан болон гар бөмбөгийн талбайг байгуулсан нь ажилчдын талархлыг хүлээж байв.

24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг, дарханчуудыг ундны цэвэр усаар найдвартай тасралтгүй ханган ажилладаг тус байгууллагынхан ийнхүү өөрийн амралтын газартай болж, ажилчдынхаа амралт, чөлөөт цагт анхаарлаа хандуулан тав тухтай тохилог орчныг бүрдүүлсэн амралтын газар байгууллаа. Тэд эхний ээлжинд компанийн ахмад ажилчдаа хүлээн авч амраажээ. 

Л.Отгонбаатар