|

Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна

Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажил эхэлснээс хойш гурван сарын хугацаанд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтээд байна. Түүнээс хойш хэд хэдэн ноцтой осол гарсан юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 28-ны шөнө Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн билээ. Түүнчлэн, эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр зам дээр иргэд автомашинаа эвдэх, осол гаргаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Иймд олон нийтийн зүгээс Дарханы зам хугацаандаа ашиглалтад орох уу гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Энэ талаар бид Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодруулахад "Хоцрогдлыг арилгуулах шаардлага өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавьж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээнэ” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, замын засвар, шинэчлэлийн ажлын явц 28 орчим хувьтай явааг онцолж, хоцрогдолтой байгаа 2, 4 дүгээр багцын ажлыг эрчимжүүлж хоцрогдлыг арилгуулж хөдөлгөөнийг нээнэ хэмээлээ. Мөн компаниудтай байгуулсан нэг жилийн хугацаатай гэрээ ирэх оны зургадугаар сард дуусна гэдгийг сануулж байсан юм.

Үүний дараахан салбарын сайд Б.Энх-Амгалан Дарханы замын засвар, шинэчлэлийн ажил хугацаандаа багтахгүй хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Авто замын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явагдаж байна. Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, дөрөвдүгээр багцын ажил удаашралтай байна. Яамнаас газрын дарга нар, ажлын хэсэг оролцсон хурлыг хэд хэдэн удаа хийсний үр дүнд техник, ажиллах хүч нэмэгдсэн. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байна. Бид ажлаа шуурхайлахыг шахсаар байна” хэмээн ярив.

Хоцрогдолтой яваа 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэж буй компанийн тухайд техник, тоног төхөөрөмжөө оруулж ирэх, мэргэжлийн боловсон хүчний зөвшөөрөл авах, туслан гүйцэтгэгч компаниудтай үнээ тохирох асуудал удааширснаас ийн ажил "уягджээ”. Тус замыг Хятадын "Шиньжан рөүд” компани гүйцэтгэж байгаа аж. Иймд салбарын яамнаас хугацаатай үүрэг өгч, энэ долоо хоногт ажлын явцтай танилцаж, шаардлагатай гэж үзвэл гэрээг цуцлах асуудлыг хөндөнө хэмээлээ.

Замын инженерүүдийн тайлбарлаж байгаагаар хэдий хэр хугацааны хоцрогдолтой яваагаас ихээхэн зүйл хамаарна. Хэрэв олон хоногийн хоцрогдолтой бол хугацааг нөхөж ажиллахад ихээхэн төвөгтэй. Ялангуяа, үүнд цаг агаарын нөхцөл байдлыг сайн тооцоолох хэрэгтэй. Тиймээс салбарын сайдын хэлсэнчлэн ирэх арваннэгдүгээр сард Дарханы замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дуусч, бүхэлд нь ашиглалтад оруулах боломжгүй байна. Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн яамны зарим удирдлага Дарханы зам арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнөө бүрэн нээх мэтээр ярьж, ард түмэнд ташаа ойлголт өгөх хэрэг юу байсан бэ. Бухимдалтай байгаа иргэдийг тайвшруулах гэж оролдов уу, эсвэл шахаж шаардаж байгаад хугацаанд нь ашиглалтад өгч сайддаа сайрхах гэв үү. Ямартаа ч олон нийтийн хамгийн их хүлээлттэй, ач холбогдол өгч буй асуудлаар ташаа мэдээлэл өгөх нь зүйд нийцэхгүй юм.

Г.БАТ

Эх сурвалж: Өдрийн сонин