|

“15-ны Цагдаа” цомын эзнийг тодрууллаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа 2008 оноос эхлэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүнээс ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилсан албан хаагчийг шалгаруулж "15-ны Цагдаа" цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай. Тус үйл ажиллагаа энэ сарын 25-нд аймгийн Цагдаагийн газарт болов. Энэ жилийн "15-ны Цагдаа"-гаар Замын цагдаагийн тасгийн цагдаа, замын зохицуулагч Бандийн Зоригтбаатар тодорч цом өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Б.Зоригтбаатар нь 21 жил цагдаагийн албанд ажиллаж буй шилдэг ахлагчдын нэг аж. "Түвшин сэтгэл сан"-гаар дамжуулан шалгаруулдаг тус үйл ажиллагаа 12 дахь жилдээ ийнхүү эзэндээ хүрлээ.

Энэ үеэр Цагдаагийн газрын алба хаагчдын дотор шинээр мэндэлсэн 27 хүүхдэд тус бүр 100.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг бэлэглэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шилдэг тэргүүний 2 албан хаагчдад тус бүр 500.000 төгрөг бэлэглэлээ. Цагдаагийн газрын алба хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үндсэн үүргээ сайн биелүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах, урам зориг идэвх санаачилгыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад тодорхой хувь нэмэр оруулах, албандаа хандах хандлага, эр зориг, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх зорилготойгоор жил бүр дээрх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг аж. Ташрамд өнгөрсөн жилийн "15-ны Цагдаа"-гаар Цагдаагийн газрын ахлах ахлагч, замын зохицуулагч Ш.Батжаргал шалгарч байжээ.

Л.Отгонбаатар