|

Ногоон байгууламжийн цэнэг усалгааг хийж байна

Аймгийн НААҮГ 170 мянган ширхэг мод бут, 92 га талбай бүхий ногоон байгууламжийг хариуцдаг аж. Жил бүр хавар, намрын улиралд ногоон байгууламжийн цэнэг усалгааг технологийн дагуу хийдэг. Энэ дагуу 2020 оны хаврын цэнэг усалгаа 04 дүгээр сарын 10-наас эхэлжээ. Хаврын цэнэг усалгааг бүх ногоон байгууламжид 2 удаагийн давтамжтайгаар хийх график төлөвлөгөөтэй аж. 

Энэхүү усалгааг хийснээр хуурайшилтын улиралд гарч болох эрсдэлүүдийг арилгаж, мод, бутны амьдрах хувийг нэмэгдүүлэх, өвчлөл, хортон шавьжаас урьдчилан сэргийлэх, хөрсний чийгийг нөхөн төлжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ногоон байгууламжид хаврын цэнэг усалгааг хийхийг НААҮГ-аас зөвлөж байна. Ирэх сараас үргэлжлүүлэн ногоон байгууламжийн тарилт, нөхөн сэргээх ажлуудыг хийж эхэлнэ.  

Л.Отгонбаатар