|

“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

Манай улс 2017 онд Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудыг нэрлэдэг жагсаалтад орж, 2018 онд гарсан. Энэ удаад Европын холбооны "хар жагсаалт”-д шинээр Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве улсуудтай зуузай холбов. Энэхүү "хар жагсаалт” нь "Терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой, өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалт” юм. Тус "хар жагсаалт” ФАТФ-ын саарал жагсаалтаас хавьгүй өндөр эрсдэл дагуулж буйг сануулж буй хүн олон байна. 
Европын холбоо Монгол Улсыг "хар жагсаалт"-д тавдугаар сарын 7-ны өдөр оруулсан. Өөрөөр хэлбэл Европын Комисс "хар жагсаалт” батлах тухай тогтоолд дурдсанаар "Монгол Улс Европын Холбооны 2015/849 дүгээр Тогтоолын 9.2 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангаж буй учир терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой буюу өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалтад оруулах нь зүйтэй” гэж үзжээ.
"Covid-19”-тэй холбоотойгоор Европын комиссын тогтоолын Монгол Улсыг "хар жагсаалт”-д оруулах тухай заалт 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. 
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайдын мэдэгдэлд дурдсанаар, Монгол Улс ФАТФ-ын "Өндөржүүлсэн шалгалт хийгдэж буй” улсын жагсаалтад байгаа учир Европын Комисс "хар жагсаалт”-д оруулахаар болжээ.  Шинжээчид монголчуудад сонгууль гэж хөөрцөглөхгүйгээр "хар жагсаалт"-аас яаралтай гарах арга замыг эртнээс эрэлхийлэхийг анхааруулж буй юм. Тухайлбал, Европын комиссын тогтоолд хориг тавих замаар дээрх заалтыг хүчингүй болгох боломжтойг хэлж байна. 
"Хар жагсаалт” нь Европын Холбооны аливаа зээл олгогч байгууллага, санхүүгийн байгууллага, хуульч, аудитор, татварын зөвлөх зэрэг мэргэжлийн зөвлөх байгууллагад шууд үүрэг оноох байдлаар үйлчилдэг ажээ. Мөн Европын Холбооны гишүүдээс гадна Ази болон АНУ-ын нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн зөвлөхүүд "хар жагсаалт”-д заасан шаардлагыг биелүүлэн ажиллах магадлал өндөр юм байна.  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдтэй данс нээх, гүйлгээ хийх, гэрээ хийх гэх мэт бизнес харилцаанд шинээр орохдоо өндөржүүлсэн магадлан шинжилгээ хийх магадлалтай аж. Мөн "хар жагсаалт”-аас өмнө үүссэн бизнес харилцаандаа дахин шалгалт оруулж, Европын Холбооны хар жагсаалтад заасан шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулах юм байна. 
"Хар жагсаалт”-д орсны улмаас олон улсын бизнесийн түнш, хөрөнгө оруулагч, зээл олгогч байгууллагууд нэмэлт бичиг баримт, мэдээлэл шаардаж эхлэх, бизнестэй холбоотой аливаа олон улсын гүйлгээ мэдээлэл дутуу, тодорхойгүй гэсэн шалтгаанаар саатах, буцах боломжтой аж. Мөн зээл, хөрөнгө оруулалтыг буцаан татах, түншийн харилцаагаа зогсоох эрсдэл өндөр юм байна. 
Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, "хар жагсаалт”-д багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох, Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болохоос гадна зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдэл хүлээж буй аж. 
Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18 хүртэл Монгол Улсын статус өөр буюу хамтран ажиллаж байна гэсэн статустай байжээ. Одоо дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй болж байгаа юм. Биднийг сонгуульдаж, шоудах зуур "хар жагсаалт”-тай холбоотойгоор эдийн засаг улам уруудах эрсдэл өндөр байна. 
Цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг хэн ч тооцож чадахгүй байгаа энэ үед Moody’s манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулсан нь Монгол Улсын эдийн засаг муудах нь ээ гэдгийг урьдчилан хэлж анхааруулж буй юм. Манай улс шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр тусах нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс сонгууль гэж туйлшрахгүйгээр ирээдүйгээ харж, хямралаас хохирол багатай ангижрах арга замыг эрэлхийлэхийг эдийн засагчид анхааруулж байна.  
 
Б.Жаргал 
Эх сурвалж: News.mn