ДАРХАНД Ц.СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН IV УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙН ТОГЛОЛТ БОЛОВ

 

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит "Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан” Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр /2016.10.01/ Дархан хотноо уралдааны шилдгийн шилдгүүд уран бүтээлээ өргөн барьлаа.

Тус уралдааныг Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, ҮДБЭЧ хамтран Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан юм.

Тоглолтын эхэнд Монголын урлагийн ажилтны холбооны Ерөнхийлөгч Б.Тунгалаг хэлсэн үгэндээ: - Монголын урлагийн ажилтны холбооны нэг том үйл ажиллагаа бол Төрийн шагналт, АЖ Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын уралдаан юм. Энэ уралдаан нь бүжгийн урлагт цаашид хүндтэй үүргээ гүйцэтгэсээр байх болно. Бидэнтэй БСШУСЯ, Дархан-Уул аймгийн ИТХурал, ЗДТГазар, Дарханчууд маань өөрсдийн нэрийн уралдаан болгон хамтран ажиллаж ирсэн нь энэ уралдааны нэр хүндийг улам өндөрт өргөж монголын бүжгийн урлагийн хөгжлийг дэмжиж байгаад МУАХ, Бүжгийн нийгэмлэг, монголын бүжигчид сэтгэл хангалуун байдгаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилсээр байх болно гэлээ.

Үндэснийхээ бахархал болсон бүжгийн урлагаа сэргээн хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеийнхээ авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой гурван жил тутам зохион байгуулдаг тус уралдаанд мэргэжлийн бүжигчид болон бүжиг дэглээчид оролцож буйгаараа онцлогтой.

Уралдаанд ЦДБЭЧ, СУИС, Сүлд чуулга болон Хөвсгөл, Завхан, Дундговь, Дорнод, Увс, Хэнтий, Дархан-Уул аймгийн 270 гаруй уран бүтээлч гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, бүжиг дэглээч гэсэн төрөлд авьяас чадвараа сорьсон байна. Уралдааны гранпри шагналын эзнээр Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын бүжигчид шалгарсан байна. Гран при шагналын эзнийг БСШУЯ-наас 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. 

Уралдааны шүүгчээр Монголын Урлагийн Ажилтны холбооны тэргүүн УГЗ Ч.Даваасүрэн, УГЗ, Төрийн соёрхолт, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, МУГЖ, бүжиг дэглээч Л.Ганчимэг, ӨМӨЗО-ны Бүжгийн нийгэмлэгийн тэргүүн Жимсээ, ХБК-ийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун нар ажилласан байна.

Дашрамд дурьдахад, Ц.Сэвжидийн нэрэмжит улсын анхдугаар уралдаан 1996 онд болж, 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж байжээ.

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ