|

ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨГЧ ТАГТААНУУДЫГ "БАРИВЧИЛЖЭЭ"

ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨГЧ ТАГТААНУУДЫГ "БАРИВЧИЛЖЭЭ"

 

Ираны Цагдаагийн газар хар тамхи зөөвөрлөдөг хэдэн зуун тагтааг илрүүлэн, "баривчилжээ". Ираны баруун хэсэгт орших Керманшах мужид тагтаануудын сарвуунаас жижиг боодолтой зүйл зүүлттэй байхыг нутгийн иргэд анзаарч, улмаар цагдаад мэдэгджээ. Тагтаануудыг барьж, сарвуунаас зүүлттэй зүйлийг задалж үзэхэд хар тамхи байсан гэнэ. Тусгай сургуультай тагтаанууд хар тамхи зөөвөрлөдөг нь шинэ тутам зүйл биш юм.

Өнгөрсөн тавдугаар сард Кувейтэд шууданч тагтааг ашиглан Иракаас хар тамхи зөөвөрлөж байсныг илрүүлсэн удаатай. Тэгэхэд тагтааны нуруунд нь жижиг боодолтой зүйл уяад нисгэсэн байжээ.

2011 онд Колумбын цагдаагийн газар нисч чадахгүй байгаа хэсэг тагтааг анзааран, шалгахад нуруунд нь тус бүр 45 граммын хар тамхи боосон байж. Тэрхүү хар тамхийг шууданч тагтаанууд Букараманга хотын шоронгийн хориглуудад хүргэх "үүрэгтэй" байсан гэдэг.

М.Болджин