|

АНУ-ын хоригоос шалтгаалж Мексикийн хөлбөмбөгч шилдэг тоглогчийн шагналаа авч чадахгүй

 

АНУ-ын Сангийн яамны "хар жагсаалт”-д орсон болохоор хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний шилдэг тоглогчийн шагналыг Мексикийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Рафаэль Маркес авч чадахгүй  хэмээн америкийн New York Times мэдээлэв.

Рауль Флорес Эрнандесийн үүсгэн байгуулсан мансууруулах бодисын картелийн үйл ажиллагаатай холбоотой байх магадлалтай учир хөлбөмбөгч хоригт өртжээ. Хоригийг Маркестай холбоотой байгууллагууд, түүний дотор өөрийнх нь нэрэмжит хөлбөмбөгийн сургуулийн эсрэг тогтоосон ажээ. Хөлбөмбөгч "Эрнандестай эртнээс холбоотой” байсан, түүний дотор санхүүгийн асуудлаар, мөн картель, түүний толгойлогчийн ашиг сонирхлыг төлөөлж байсан хэмээн АНУ-ын Сангийн яам онцолжээ. АНУ дахь Маркесийн хөрөнгийг царцааж, визийг нь цуцалсан юм байна. Хуулийн дагуу АНУ-ын нэг ч иргэн, эсвэл компани Маркестай ямар нэгэн холбоо харилцаа тогтоож болохгүй.

АНУ-д үйлдвэрүүдтэй олон улсын Anheuser-Busch InBev корпорацийн Bud шар айрагны шошгоор хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг брэнд болгосон юм байна. Тийм учраас өөрийн бүтээгдэхүүний нэрийг Маркестай холбоотой гэж хэлүүлэхээс тус компани зайлсхийж байгаа ажээ.

Хоригийн улмаас 39 настай хамгаалагч шигшээ багтаа өвөрмөц онцгой нөхцөл байдалд оров. ДАШТ-ний ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүн хэрэглэх, багт албан ёсоор ундаа нийлүүлэгчийн лонхноос уух, ивээн тэтгэгчдийн лого бүхий шигшээ багийн бэлтгэлийн хувцас өмсөх зэргийг түүнд хоригложээ. Үндэсний шигшээ багийн ахлагчийг АНУ-ын компаниудын бүтээгдэхүүнгүй тусгай өрөөнд ганцааранг нь байрлуулсан (тоглогчид гол төлөв хосоор байрладаг) бөгөөд америкчуудтай харилцахаас зайлсхийж чадахгүй бол түүнийг дахиж өөр байранд оруулна хэмээн Мексикийн хөлбөмбөгийн холбоо онцлов. "АНУ-ын хууль тогтоомжийг зөрчихгүйн тулд бид эрх баригчдын тогтоосон хориг арга хэмжээнд нухацтай хандаж байна” гэж холбооныхон тэмдэглэсэн байна.

Хоригийн талаар АНУ-ын хууль тогтоомжийг зөрчихгүй гэдгээ Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) ч мөн илэрхийлсэн байна.

 

Маркесийн тав дахь ДАШТ

 

Ням гарагт Мексикийн шигшээ баг өнөөгийн дэлхийн аварга Германы багийг 1:0 харьцаагаар хожсон билээ.

Мексикчүүд талбай дээр ч, үзэгчдийн суудал дээр ч өнөөгийн дэлхийн аваргуудыг дийлжээ

74 дэх минутад талбайд гарсан Маркес тав дахь ДАШТ-нд оролцож байгаа гурав дахь хөлбөмбөгч болж түүхэнд тэмдэглэгдэх болсон. Мөн тэрээр 39 нас 124 хоногоор ДАШТ-ий түүхэнд талбайд тоглосон хамгийн ахмад тоглогчийн жагсаалтын дөрөвт Оросын хамгаалагч Сергей Игнашевичийн (38 нас 355 хоног) өмнө оржээ.

Мексикийн шигшээ багт Маркес 1997 оноос тоглож байгаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд Маркес холбоодын (конфедерацийн) цом, КОНКАКАФ Алтан цомыг хоёр удаа тус тус хүртсэн.

Испанийн Барселонагийн (2003-2010) бүрэлдэхүүнд тоглож байхдаа тэр Лигийн аваргаар хоёр удаа, Испанийн аваргаар дөрвөн удаа, дэлхийн багийн аваргаар тус тус шалгарч олны танил болсон. Мөн Испанийн Супер цомын эзэмшигчээр гурван удаа шалгарч, Испанийн цом, УЕФА-гийн супер цомын эзэн болж байсан.

Мексикийн шигшээ баг дараагийн тоглолтоо Ростов дахь Донд Өмнөд Солонгосын багтай зургадугаар сарын 23-\ нд хийнэ. Зургадугаар сарын 14-нд нээлтээ хийсэн хөлбөмбөгийн ДАШТ долдугаар сарын 15-нд өндөрлөх бөгөөд тэмцээнүүд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

 

Д.ЭНХЭЭ /ЗУУНЫ МЭДЭЭ/