|

ГАМИНГИЙН ШОРОНД БОСООГООРОО НӨГЧСӨН МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН

 

"...Төрдөө үнэнч бие тулгуур чөмгөн дээрээ зогсож төгсөх ёстой” Ж.Дамдинсүрэн.

Элитийн батальоны анхны захирагч асан бэлтгэл хурандаа миний найз, ах Чимуу баавай буюу "өвөө” (Цэрэнчимэд) нэгэн өдөр "Чамайг их сонин хүнтэй танилцуулна” хэмээн намайг дагуулан явж Төв шуудангийн ард байрлах хуучнаар "Улаанбаатар” сонины байранд очсоноор тэнд Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ,зуучлалын бизнес эрхэлдэг биерхүү, нас зүс тэгширсэн, идэр насны "омог бардам” эртэй танилцуулсан нь Цэргийн нэрт жанжин Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн шууд асан удам, төрсөн ах "Заан” Шагдарынх нь ач хүү бэлтгэл хурандаа Билэгсайхан байсан бөлгөө.

Хурандаа Билэгсайхан болон түүний төрсөн дүү нар болох 1980-иад оны сүүлээр "Алдар” нийгэмлэгт сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагчаар ажиллаж байсан, одоо лигийн нэгэн багийг дасгалжуулдаг Гантөмөр, цагтаа цасан дээрхи зандан хүлгийн эд хавыг өөрийн хурд хүчээр гайхуулж явсан "Алдарын ногоон” хочит Цогоо нарын өнөө цагийн дүр төрх, галбир донжыг нь харахлээр Манлай ван үнэхээр иймэрхүү хүн байсан болов уу гэмээр мань мэтэд бодогддогийн учрыг нуух юун билээ.

Цэргийн нэрт жанжин, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн Манлайбаатар чин ван Ж.Дамдинсүрэн 1871 он буюу XV жарны цагаагчин хонь жил Өвөр Монголын Хар мөрөн мужийн шинэ Баргын Шулуун цагаан хошууны Хөлөнбуйр сумын "Цагаан хошуу” хэмээх газар сумын өрийн занги Жамсрангийн гэр бүлд төржээ. Угийн сэргэлэн цовоо Ж.Дамдинсүрэн түргэн сэтгэлгээ, хатуу шударга үг, чанга зориг, аливаад авхаалжтай зан чанараараа бусад ах, дүү нараасаа эрс ялгаран тодорч байсан гэдэг.

Тэр 7-8 наснаасаа нутгийн бичээч нэгнээр манж, монгол бичиг заалгаж сурсан бөгөөд 15 настай болсон үеэсээ Бүгдийн даргын яаманд туслах бичээчийн ажил хийх болсон байна. Эр өсч, эсгий сунаж 18 нас хүрсэн залуу Дамдинсүрэн сумын хуяг цэрэг болж, цэргийн эрдэмд сурах болсноор мэргэн бууч болох замаа нээсэн юм билээ. Тун удалгүй Дамдинсүрэнг Бүгдийн яам тэргүүн бичээчийн албан тушаалд томилсон хэдий ч цэргийн эрдэмд шамдаж суралцах эрхэм зорилгоо тэрбээр орхисонгүй ээ.

Улмаар залуу Дамдинсүрэн харц ард гаралтай боловч өөрийн авъяас чадал, мэдлэгээрээ тодорч, орлон хөөгч болсон бөгөөд үүнийхээ дараагаар сумын жинхэнэ занги болон дэвшсэний учир 1908 онд Манжийн хаанд бараалхахаар очиж байсан байна. Тэр үед Бээжинд ирээд байсан Түшээт хан аймгийн жанжин чин ван Ханддоржтой танилцан дотно нөхөд бололцож, Манжийн төрийн ялзарч буй байдал, шинэ засгийн бодлого зэргийг шүүмжлэн "Ийм үест бидний монголчууд олон ширхэгийг нийлүүлж, түмэн жингийн хүндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөхгүй ямар цагийг хүлээнэ” хэмээн ярилцжээ. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханд вантай ийнхүү ярилцсанаа өөрийн итгэлт нөхөддөө ярьж байсан гэдэг.

Чин улсын төрөөс хүчлэн явуулж байсан "Шинэ засгийн бодлого” гэгч нь дотоод, гадаад Монгол төдийгүй Хөлөнбуйрын Баргуудыг ч бас цочоож түйвээсэн бөгөөд Хаант Орос улсын улам бүр хүчтэй болж байгаа нөлөөг хаах нэрийдлээр Оростой хил нийлдэг Монгол нутагт үй олон хятад тариачин иргэдийг турхиран оруулж, малын бэлчээрийг хагалбарлуулж, тариа тариулан, тэднийг захирах хятад хошуу (сень) байгуулах болсноор барахгүй 1905 онд Баргын хилийн харуулуудыг хятад харуулуудаар сольж, орон нутгийн захиргааг хятад ноёд түшмэдүүдийн гарт өгсөн байна. Ийм нөхцөлд Чин улсын ноёрхолд байсан нийт монголчууд өөрсдийн хувь заяаны төлөө санаа зовохгүй байхын аргагүй болж өөр хоорондоо сэм сүлбэлдэж, яах учраа зөвлөлдөн байх болсон гэдэг.

Дамдинсүрэн Чин улсын шинэ засгийн бодлогын колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгон эсэргүүцэж байсанбөгөөд Баргад тэр үед өрнөсөн улс төрийн үйл явдал нь Их хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээх санаачлага гаргасныг бүрэн дэмжиж байлаа.

1911 оны 9-р сард Баргын ноёдын нууц хурал болсон бөгөөд уг хуралд Хөлөнбуйрын Өөлдийн бүгдийн дарга Шэн Фү, Хуучин Баргын бүгдийн дарга Цэгж, Солон хошууны бүгдийн дарга Цэнд (Бодлогот баатар, гүн Цэнд анх Монголын нууц товчоог хятад хэлнээс орчуулсан эрдэмтэн хүн болой. Ш.П) нар оролцож, Баргыг Манж, Хятадын захиргаанаас тусгаарлан гарах шийдвэрийг гаргаж зэвсэгт бослогод уриалсан байна. Их Хүрээний зааврын дагуу (Энэ нь нууц биш юм. Ш.П) Барга Монголчууд зэвсэгт бослого гаргаснаар 1912 оны 1-р сарын 2-нд Хүлэн (Хайлаар) хотыг, мөн сарын 22-нд Лүй Бин Фу (Манжуур)-ыг эзлэн авсан бөгөөд үүний үр дүнд Хятадын цэрэг, түшмэд Барга, Хөлөнбуйраас зугтан гарчээ. Энэ үйл явдлын дараа Баргын ноёд түшмэд дахин хуралдаж үндэс угсаа, шашин шүтлэг нэгтэй олноо өргөгдсөн Монгол улсын соёлд хамтран нэгдэхээр зөвлөлдөн хэлэлцээд Нийслэл хүрээ рүү Баргын бослогын удирдагчдын нэг Дамдинсүрэн, бичээч Гайхасуу (Богд түүнд Агваангомбо хэмээх нэр хайрласан бөгөөд Дотоод яамны дэд түшмэл байжээ. Ш.П) нарын тэргүүтэй долоон хүнийг томилон явуулсан байна.

Ж.Дамдинсүрэн нараар уламжлан хүргүүлсэн Хөлөнбуйрын ард түмний Монгол улсын тулгар төрд багтан орох гэсэн хүсэлт бичгийг Монгол улсын ЗГ талархан хүлээн авсан агаад түүнд улсад туслагч гүнгийн зэрэг шагнаж Гадаад яамны дэд сайдын албан тушаалд тохоон томилсон гэдэг. Түүнчлэн Хөлөнбуйрын тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүлсэн шинэ Баргын бүгдийн дарга Шен-Фү-д тамга шийтгэн олгож, Хөлөнбуйрыг ерөнхийлөн захирах сайдаар дэвшүүлэн талбижээ.

Дамдинсүрэн гүнгийн хуучин танил, ҮЭЧХ-ын гол удирдагчдын нэг Чин ван Ханддорж олноо өргөгдсөн Монгол улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 4-н жилийн тэртээ Бээжинд уулзалдаж, Монгол төрийг сэргээн мандуулах их хэрэгт хүчээ нэгтгэн хөдлөхөөр тохиролцож байснаас улбаатайгаар түүнийг дэмжин дэд сайдын албан тушаалд томилуулсан ч байж болох талтай.

Чин улсаас Улиастайд суугаа Гүй Фан тэргүүтэй эрх баригчид Монгол улсын Засгийн газрын шаардлагаар эсэргүүцэлгүй эрх тушаалаасаа 1912 оны эхээр огцорсон тул Улиастай хот тайван замаар чөлөөлөгджээ. Гэтэл Ховдын амбан Монголын ЗГ-ын шаардлагыг хүлээн авахгүйгээр барахгүй төрийн элч Торгуудын Төмөржин гүн, Сайн ноён хан аймгийн хошууны банди Ц.Лхагва нарыг баривчлан зэрлэгээр хороосны улмаас Их хүрээнээс Ховдыг чөлөөлөх цэрэг яаралтай хөдөлгөх болов. Ийнхүү Ховдыг чөлөөлөх ажиллагаанд Гадаад хэргийн дэд сайд, баргын гүн Ж.Дамдинсүрэн, Дотоод хэргийн яамны дэс түшмэл С.Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Зоригт ван Наваанцэрэн, Дотоод явдлын яамны дэс түшмэл харчин гүн Хайсан нарыг төвшитгөн тогтоох, илбэн тохижуулах, зөвлөн туслах зэрэг сайдуудаар томилон, Хужирбулангийн цэргээс нийт 50 цэрэг дагалдуулан дайлаар мордуулжээ.

Сайд Дамдинсүрэн Засагт хан, Сайн ноён хан аймгийн 42 хошуунд цэрэг дайчлах элч бичиг довтолгож нийтдээ зам дагуух хошуудаас 400 гаруй цэрэг дайчилжээ. (Сайн ноён хан аймгаас цэрэг дайчлахдаа Ламын гэгээний нутаг "Уран дөш” хэмээх хүрмэн чулуу бүхий галт уулын тогтоц толгойн ойролцоох газар буудаллаж байжээ. Иймээс энэ "Уран дөш” хэмээх толгойн урдхан талд байдаг түүхт жижиг толгойг "Жанжин толгой” хэмээн нэрийдсэн байна. Уг газар одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг бөлгөө. Ш.П)
Ховдод ирснийхээ дараа Баруун хязгаараас цэрэг дайчлан зохион байгуулах үүрэгтэй Магсаржав өмнө нь Халх жасаанд ажиллаж байхдаа гаргасан алдаанаасаа шалтгааан нэг ч цэрэг дайчилж чадаагүй юм гэдэг. Энэ мөчид Ховдын хязгаарт нэр хүнд нь асар их өсч байсан "2 тэмээт” хэмээх Жа лам өөрийн нэр хүндээ ашиглан Халх, Дөрвөд, Баяд, Урианхай, Өөлд зэрэг олон монголчуудаас бүрдсэн 5000 гаруй цэрэг дайчлан цуглуулж, ЗГ-ын цэрэгтэй нэгтгэжээ.

Ийнхүү Үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийн явцад Монгол угсаатны нэгдсэн зэвсэгт хүчний нэгтгэл анги бүрэлдэж, харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Монгол нутгаа бүрэн чөлөөлөх, үндэсний нэгдэл, төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэсэн эх оронч өөдрөг үзэл санаа нь монгол цэрэг эрсийг үнэнхүү зоригжуулж байлаа.

1912 оны 5-р сараас 8-р сар хүртэлх хугацаанд Дамдинсүрэн, Жа лам нарын удирдлаган дор Шинжааны зүгээс Ховдын амбанд хүч нэмэхээр том, жижиг янз бүрийн бүрэлдэхүүнтэй ирж байсан цэргийн бүлэглэлүүдтэй урьдчилан тавьж чадсан тагнуулуудынхаа тусламжтайгаар хэзээ, хаагуур, яаж орж ирэхийг нь илрүүлснээр тэднийг цэргийн ур ухаан, уран чадвар арга хэрэглэн угтан цохиж байсны хүчинд эдгээр тулгаралт, тулаануудаасаа зэвсэгжиж байсныг түүхийн олон сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

Ховдыг чөлөөлөх тулаан эхлэхийн өмнөхөн Оросын консул Люба (Дилав хутагт: Ар Монголын улс төрийн дуртгал” номондоо "Консул Лекшн” гэж бичсэнийг миний бие Люба болов уу хэмээн бодно. Ш.П) ирээд, Ховдын амбанд ухуулан хэлж байлдаангүйгээр болгоно хэмээн хэрэм рүү ихээхэн бардмаар нэвтэрэхийг оролдоход урдаас нь гэнэт бууджээ. Тэгнэ хэмээн огт санаагүй консул Люба өөрийн тэрэгнээсээ маш хурдан үсрэн бууж тэргэн доогуураа мөлхөн орж, биеэ нууж байгаад буудахыг зогсоход нь бөөн шороо болсон амьтан дутаан ирж "Энэ муу сохор хятадыг түргэн барьж ал” хэмээн уурлан хашигчиж байсныг тэнд байсан олон монгол түшмэд, цэргүүд нүдээр харснаар бөөн инээдэм болгон өөр хоорондоо ярьж байсан гэдэг.
Ховдын Наймаа хот, Сангийн хотыг дайран эзлэх ажиллагааг сайд Дамдинсүрэн, Жа лам нар шууд удирдаж, өөрсдөө тулалдаанд биечлэн, тэргүүлэн оролцож, 1912 оны 8-р сарын 5-7 хоорондох өдрүүдэд ширүүн тулалдааныг үргэлжлүүлснээр Манж Хятадуудыг буулган авсан юм.

Харин энд нэгэн зүйлийг сонирхуулахад тулаан эхлэхийн өмнө цэрэг эрсээ зоригжуулан хатамжилахаар Баруун ойрдын алдарт туульч Парчин гүн "Бум-Эрдэнэ” туулиа хайлахад нь Дамдинсүрэн болон түүний цэргүүд уяран сонсч, эрч хүч авч чадаж байгаагаа бахархан ярьсан байдаг.
Ховдыг чөлөөлснөөр Амбан сайдын шоронд хоригдож байсан Халх, Дөрвөд зэрэг олон ястны 400 гаруй хүмүүсийг сулласан нь Монгол улсын ЗГ-ын цэргийн нэр хүндийг тус хязгаар нутагт ихэд мандуулав. Мөн тус хязгаар нутгийн олон монголчууд Монгол улсад дагаар орж сурталд багтсан нь Монголын ҮЭЧХ-т тэмцлийн эхний шатны амжилт байлаа.

Ховдыг чөлөөлөх дайнд гарамгай гавъяа байгуулсан Дамдинсүрэн, Жа лам нарыг ялангуяа Жалханз хутагт онцгойлон тэмдэглэж Богд хаанд өргөн мэдүүлснээр Дамдинсүрэнд засаг төрийн бэйл Манлайбаатар цол, Дамбийжаад "Догшин ноён хутагт номунхан” цол өргөмжлөн олгосон байна. Энэ хоёроос гадна Богд хаан Магсаржавт Хатанбаатар цол, гүн Гэндэн, цэрэг Дорждэрэм нарт баатар цол, Найданжав, Баяр нарын олон хүнд ван гүн, бэйсийн зэрэг төрийн өндөр хэргэм зэрэг олгосон гэдэг.

Ховд хотыг чөлөөлсний дараа Жа ламтан томоохон найр хийж, тэнд байсан бүх ноёд түшмэд, хутагтууд, цэргийн эрхтэнүүд, дипломатууд, худалдаачдыг урьсан бөгөөд энэ найранд хамгийн түрүүнд манай нийтлэлийн гол баатар Манлай ван Дамдинсүрэн алд цэнхэр хадаг барин ирж, түүний их мэдлэг, цэгц шулуун зан, гүн бат зоргийг хүндэтгэх болсноо илэрхийлэн андын тангараг тавьсан байна.
Тэр үед Ховд хотоор явж байсан гадаадын нэгэн жуулчин Манлай вангийн тухай бичихдээ "Гэртээ бусад ноёдыг бодвол маш энгийн байдалтай амьдардаг. Ор нь банз бөгөөд хонь ямааны арьс хэдийг давхарлан дэвсэж, түүний дээр нэхий хөнжил байна.

Гэрийн хойморт бурханы хөрөг, маанийн хүрд байна. Ханын толгойд Монгол жанжны байлдааны том сэлэм, хуучин бирдаан буу, маузер, карабин буунууд өлгөөтэй байна. Дамдинсүрэн өөрийн гараар олон тооны дайсны зүрхийг сугалсан явдалдаа дурсгал болгож хуучин буунууддаа түрхсэн цусыг цэвэрлэсэнгүй. Гэрийн өмнө Монгол үсэгтэй соёмбо тэмдэгтэй мяндсан туг салхинд хийсч байна. Тугийн ишэнд дайсны зүрхийг өлгөжээ” хэмээн тэмдэглэжээ.
Ховд хотыг эзэлж Баруун хязгаарыг тохижуулсны дараа Манлайбаатар Нийслэл хүрээнд эргэж ирснээр Монгол улсын цэргийн сүр хүчийг дээшлүүлэхийн тулд хөгжингүй улсуудын жишгээр шинэчлэн зохион байгуулах, нутаг орноо бүрэн чөлөөлж нэгтгэхийн төлөө улам санаа тавин ажиллах болсон юм.

Манлай вангийн цэргийн мэдлэг, цэрэг удирдах авъяас чадварыг өндрөөр үнэлэх болсон учраас Монгол улсын Засгийн газар түүний цэргийн хэргийг Бүгд шийтгэх яамны эрхлэн зөвлөх, сайдаар хавсарган томилон ажиллуулав. ДИУ-ын Юань Шикай тэргүүтэй цэргийн эрхтнүүд Өвөр Монголд үргэлжлэн өрнөж байгаа ҮЭЧХ-ийг дарах, Ар Монголд нэгэнт тунхагласан төрийн тусгаар тогтнолыг цуцлахын төлөө илэрхий тэмцэж эхэлмэгц Монгол улс Өвөр Монголыг Хятадын түрэмгийллээс өмгөөлөн, тэдэнд туслахаар цэргийн таван зам хувиарлан 1913 оны эхээр мордуулсан бөгөөд Цэргийн яамны эрхлэн зөвлөх сайд, цэргийн жанжин Манлайбаатар засаг төрийн бэйл Ж.Дамдинсүрэн Зүүн өмнө хязгаарын цэргийг ерөнхийлөн захирах сайдаар томилогдон их цэрэг толгойлон хөдөлж чөлөөлөх дайны ажиллагааг удирдаж явжээ. Энэ үед Манлай вангийн захиргаанд 3000 гаруй цэрэг цугласан гэдэг. Манлайбаатарын цэрэг Хятадын хар цэрэгтэй их, бага 9-н удаа байлдаж гавъяа байгуулснаа зөвхөн анхны удаа л гэхэд Гошмогийн Цагааннуур гэдэг газар Долшуураас гарч ирсэн Хятадын Их хар цэргийг тосон уулзаж 1 өдрийн турш байлдаад ялалт байгуулан хятад цэргээс 1000 гаруйг нь устгаж 8 ш их буу, бага буу хэдэн зууг олзлон авсан тухай эх сурвалжуудад дурссан нь бий. Энэ бол зөвхөн Өвөр Монголыг чөлөөлөхөөр хөдөлсөн 5-н замын цэргийн нэг хэсэг нь бөлгөө. Уг дайнд Монголоос 1 түм цэрэг оролцсон байна.

ДИУ монголчуудын нэгдсэн цэргийн хүчийг дотроос нь задлах, удирдах бүрэлдэхүүнийг нь худалдан авч урвуулах явуулга хүчтэй хийж байв. Үүний нэг тод жишээ бол Чуулалт хаалганы /Цзянцзякоу/ хошуу захирагч сайдын газраас Дамдинсүрэнг урвуулахын тулд Монгол түшмэл томилон ирүүлж ДИУ-д дагаар орвол манай Жүнтэн /ерөнхийлөгч/ Танд ван цол шагнана. Та их баяжина гэхэд Манлайбаатар "...Бэйл, би Богд эзний хишгийг хүлээсэн гүн хүн. Манай улс хэрхэвчээр Иргэн улсад нийлэхгүй. Нэгэн аймаг шарын шашны олон Монгол аймгийг бүрнээ хураамжилж тусгай улс боллоо... Танай Жүнтэнгийн өргөмжлөх Вангийн хэргэмийг жанжин би Ваамба хэмээх мэлхийд ч харин хүрэхгүй хэмээн санана” хэмээн няцаагаад (Ваамба гэдэг нь хятадаар мэлхий гэсэн үг бөгөөд Манлай ван машид ихээр дүргүйцсэн үедээ энэ үгийг хэлдэг байжээ. Ш.П) Тэр түшмэлд хандан "..Та Монгол ард хүн байж иргэн хүний /Хятадын Ш.П/ баширлах зальт үгийг итгэж, нэгэн биеийн ашиг зэргийг хичээж, Монгол аймгийг иргэн улсад дагуулж Монгол газар орныг иргэн хүнд эзлүүлэн хойд өдөр Монголын хүүхэд дүү нарыг өөр үндэстний эрх мэдлийн дор үүрд дарлуулъя гэв үү” хэмээн түүнийг буруушааж, хөөн явуулсан байна. Таван замын цэрэг Өвөр Монголыг чөлөөлөхөөр шургуу тэмцэж байх хооронд Монголын ЗГ олон монголчуудаа нэгдэхийг уриалах, ухуулах, шаардах идэвхтэй үйл ажиллагаагаа өрнүүлсээр байв. Үүний нэг тод жишээ бол Монгол улсын Засгийн газраас гаргасан нэгэн уриалгад: "...Бид язгуураас нэгэн угсааны яс махны төрлөө дотоод, гадаад хэмээн ялгаварлах зохисгүй.... Та өөр өөрийн хошууны захад их цэрэг хүрэхийг үзэж, гар хөдлөн байлдаж, Хятадын түшмэд цэргийг хөөн илгээх бөгөөд тус бүрийн хүчийг нэгтгэж эртхэнээ шаламгайлан газар орноо эзлэн авсугай... Бид язгуураас нэгэн үндэсний тул зүй нь жаргавч, зововч, төрөвч, үхэвч хамт болбоос зохино” хэмээжээ.

Манлайбаатар Дамдинсүрэнг магтахгүй хүн нэг ч үгүй байлаа. Цэрэг захирахдаа маш чадамгай бөгөөд цэргийн хүний аяыг тааруулж үнэхээр өөрийн биедээ татаж чаддаг хүн байсан байна. Таван замын цэргийн Зүүн өмнө хязгаарын Дамдинсүрэнгийн удирдсан цэрэг 1913 оны намар болоход Шилийн гол, Цахар нутгуудыг хятад цэргээс чөлөөлсөн гэдэг.

1913 оны өвөл болж, цас их орон хүйтэн эхлэхэд Дамдинсүрэн бага зэрэг хойшоо бууж байршин цэргийн зэвсэг, агт морьдоо сэлбэн бэлтгэж нөгөөтэйгүүр Засгийн газартаа бичиж байсныг сийрүүлбэл:

Одоо Монгол улсын цэрэг сүр хүчтэй байна. Орос улсаас буу, сум авч түргэн хүргэж, дахин залгуулж өгвөл манай цэрэг давшин орж Дотоод Монголын олон чуулганы овог нэгтэй үндэстнүүдийнхээ газар оронг хамгаалж Хятадын хар цэрэг лүгээ дийлэх ба дийлдэхийг тасалсугай хэмээн бичсээр байтал Богдын талаас хариу өгөөгүй байна. 1913 оны өвлийн сүүл сард Манлайбаатар хатгаа авч өвчилснөөр Нийслэл Хүрээнд буцаж ирсэн ажээ. (Түүний оронд Харчин гүн Бавуужавыг томилсон гэдэг) Түүнийг буцаж ирсний дараа Жүн ван цол олгосон байна. 1914 он гарч удалгүй намар болоход Хиагтад Орос, Хятад, Монгол 3-н улсын төлөөлөгчдийн хурал хэлэлцээр хийхээр болж, Орос, Хятад 2 улсын шаардлага ёсоор Өвөр Монголд байлдуулж байсан таван замын цэргийг дотогш нь татаж Өвөр Монголоос татсан цэргүүдээ тараасан гэдэг.

(Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн 1913 оны сүүлчээр Монголын гадаад, дотоод байдал хүндэрч байсан тул Орос улсаас зээллэг авах, мөн "Нэгдсэн Монгол Улс” байгуулах асуудлыг зөвшөөрүүлэхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн Орос Улсад айлчилсан бөгөөд энэ айлчлалын үеэр Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн Орос-Хятадын тунхаг гэгчийг түүгээр зөвшөөрүүлэхийг Оросын тал шаардаж байсныг тэрбээр эрс шийдвэртэй эсэргүүцэж байжээ. Мөн Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрт орохыг шахсан шахалтыг арга буюу зээллэг авах аргад шахагдан тохиролцсон байна.) Ийнхүү Хиагт хотноо болох гурван этгээдийн хэлэлцээр хийх хуралд Жүн ван Дамдинсүрэнг түүний аугаа их туршлага зэргийг харгалзан төлөөлөгчөөр томилсон ажгуу. Энэ гурван этгээдийн хэлэлцээрийн явцад хамгийн идэвхтэй оролцож, Монгол улсынхаа тусгаар тогтнолыг авч үлдэхийн төлөө тууштай тэмцсэн хүмүүс бол Да лам Дашжав, Манлай ван хоёр юм. Тэднийг бүх мэдээлэл удирдамж, удирдлагаар Сайн ноён хан Намнансүрэн, Ханд ван нар хангаж байсан бөгөөд хамгийн их урам зоригийг тэдэнд өгч байсан байна.

Орос, Хятад хоёр улс Хиагтын гурван этгээдийн хэлэлцээр дээр өөрсдийн сүр хүчээр Монголын төлөөлөгчдийг айлган сүрдүүлж, өөр хоорондынхоо эрх ашгийн үүднээс Монгол улсыг тусгаар тогтнолоосоо татгалзахыг тулган хүлээлгэх гэсэн тэдний хорт санаархал Манлай ван, Да лам Дашжав нарын мэргэн холч ухаан, олон улсын эрх зүйн мэдлэг зэрэгт гацаж, зогсонги байдалд орж байсан тул тэд хагартлаа бухимдацгааж байв. (Миллер, Чин-Лю нар. Ш.П). Дамдинсүрэн ван Ховдод Дотоод Монголын байлдааны талбайд байсан шиг байдлаа өчүүхэн ч өөрчилсөнгүй, Монгол үндэстний олж авсан тэр том эрх ашгаас нэг ч хэлбийсэнгүй, голч бодлогыг баримталж байсан учир Орос, ДИУ хоёрын төлөөлөгчид түүнийг хэтэрхий ширүүн "Омгорхог”, Да лам Дашжавыг "Улс төрийн бодлогогүй” хэмээн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хасах саналыг гаргажээ. Монгол улсын Гадаад хэргийн яам уг саналыг хүлээж авахгүй байлаа.

Манлай ван хэлэлцээрийг үймүүлэх гэж ширүүлж омгорхож байсангүй, зөвхөн өөрийн олон цэргийн амь насыг алдан байж их үнээр олж буцааж авсан Өвөр Монголын өргөн уудам нутаг ус нь хайран байлаа. 1919 оны 2-р сард цагаан сарын дараахан Гадаад хэргийн сайд, Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Чин ван Ханддоржийн амь насанд халдсан улс төрийн аллагаас хойш тун удаагүй өмөөрч хамгаалах хүнгүй болсон Дамдинсүрэн, Дашжав нарыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хүссэн зоргоороо хасч, оронд нь Цэрэндорж, Ширнэндамдин нарыг томилуулж авсан нь тэднийхээр "омгорхдоггүй, улс төрийн бодлоготой” хүмүүс байсан бололтой. Ийнхүү гурван этгээдийн хэлэлцээр Орос, Хятадын түрэмгий шаардлагын дагуу Монголын бялдууч, Хятадын шалиг баримтлагч арчаагүй урвагч ноёдын "алсын хараатай” бодлогын уршгаас Хятадын талд ашигтайгаар эргэж, Монгол улс ДИУ-ын харъяанд автономит эрхтэйгээр үлдэж "Олноо өргөгдсөн” гэдэг эрхэм сонсголонт тодотголоо хураалгасан эмгэнэлт, хүлцэж, уучилж болшгүй түүхийн хар толбо эхлэн тавигдсан байна. Энэ байдал Монголын тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй үнэнч шударгаар тэмцэж байсан олон олон эх орончдод хүнд цохилт болсон билээ.

Шударга бус шийдвэр гаргасан гурван этгээдийн хэлэлцээрийн дараа Монголоо гэж ирсэн олон Өвөр Монгол ноёд ихэс дээдэс, цэргийн зүтгэлтнүүд Богдод гомдсоноо илэрхийлээд, төрийн албаа орхиод нутаг буцацгаажээ. Харин Манлай ван ажлаасаа хоёр сарын чөлөө авч Барга нутагтаа очиж буурал ээжийгээ эргэхээр явсан байна. Төрсөн нутаг, буурал болсон эхээ харах нь Манлай вангийн хувьд гашуудсан сэтгэлийнхээ зовиурыг тайтгаруулах гэсэн арга байсан байж болох юм.

Чөлөөгөөр явахынхаа өмнөхөн Монгол улсын Дээд хурлын хуралдаанд Дамдинсүрэн баахан хожимдож, нэлээд хөлчүү ирэхэд хуралдаанд сууж байсан "Парламентчид” согтуу ирэв хэмээн өөр хоорондоо ярилцахыг сонссоноор тэдгээр лам ноёд томчуудад ялангуяа Цэрэндорж, Бадамдорж нарт хандан доромжлон хэлсэн нь "Миний согтуу өнөөдөр орой буюу маргааш өглөө гарна, эргүү та нарын согтуу үүрд гарахгүй” хэмээжээ. Харин та нар минь нутаг хошуунаасаа буцаж ирэхэд "Монголын төрөө Хятадад худалдах гэж байгаа биз ээ. Мөн голомтоо хийсгэж тулгын дөрвөн тотгоо дотогш нь харуулах гэж байгаагаа мэдэж байна уу?” гээд мордсон юм гэдэг.

Тэр буцаж ирэхдээ өөрийн гэр бүл, төрөл саднаа нүүлгэн авчрахад нь Монголын Засгийн газар Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошууны хойд залгаа таван харуулын нутгийг олгон тусгай хошуу болгон, 1912 онд шагнасан үе улиран залгамжлах хошуу засаг ноёны тамгыг нь олгожээ. Засаг ноён Дамдинсүрэн Монгол улсын цэрэгт ирээд Хиагтын гурван этгээдийн гэрээний дараагаар тарж сарнисан 100 гаруй цахар, Дотоод чуулганы цэргүүдийн сайн дурыг үндэслэн хошуунаасаа нутаг гарган нутагшуулж, өөрийн хошууны харъяат албат болгосон байна.

Хойтон жил нь буюу 1917 онд Хөлөнбуйрын шинэ Баргаас дагаар орсон Хөвөөнт цагаан хошууны 88 өрх буюу 800-н хүн, Шулуун шар хошууны 63 өрх буюу 237 хүн бүхий ард олныг өөрийн хошуундаа харъяалан авснаар 192 өрх бүхий 1503 хүнтэй хошуу болон өргөжсөн гэдэг.

Манлай ван өөрөө харц гаралтай байсан учир ард хамжлага, харъяат хүмүүсдээ асар анхаарал халамж тавьдаг нэгэн байжээ. Элдэв алба гувчуурыг багасгах, харъяат ардуудаасаа халхын ноёдуудын адил жил бүр татдаг 390 гаруй хонийг татахгүй байх, бусдад тавьсан өрөө тэднээр төлүүлэхгүй байх гэх мэт арга хэмжээг авч байсан бөгөөд мөн хошууныхаа ядуу ардыг тэнхрүүлэх зорилгоор өөрийнхөө таван жилийн цалин пүнлүүг урьдчилан авч тараах саналыг 1916 онд Сангийн яаманд тавьж байсан боловч тэр үеийн Халхад тийм журам байгаагүй учир уг саналыг хүлээн авахаас татгалзсан байна.

Засаг ноён Дамдинсүрэн ард олонтойгоо туйлын эедэг зөөлөн харилцдаг байсан агаад дээдсийг бялдуучилж, дорд ардыг харгисладаггүй байсны улмаас түүнийг "ардач үзэлтэй” ноён хэмээдэг байжээ. Тэрбээр ямар ч хүнтэй таарсан "За, нөхөр сайн байна уу”, "Та бага насандаа сайн эр явсан уу?, Ямар ажилтай явсан нөхөр билээ?” гэж мөрийг нь алгадан асуугаад ярилцдаг байсан гэдэг. Манлай вангийн эхнэр "Хүний ямар явсан нь юун хэрэгтэй юм бэ?” гэхэд "Сайн эрийн явдал мэдэх нь хожим хэрэгтэй. Ямар ч ядуу дорой харагдавч түүнд ямар эрдэм чадал байхыг хэн мэдэх билээ” гэж хэлдэг байсан гэнэ билээ. Үүнийг манай одоогийн ихэс дээдэс, баячууд өөртөө тусгаж аваасай билээ дээ.

Хошуу нутгаа зохион байгуулах ажлаас гадна өөрийн хашдаг төрийн сайдын дээд албан тушаалаа хашсаар байв. Гэтэл түүнийг ямар нэг арга саам хийж Нийслэл Хүрээнээс холдуулж, Сайн ноён хан Намнансүрэнтэй холбогдох вий гэхээс жанзаб Бадамдоржийн талынхан үхтэл айцгааж байлаа.

Харамсалтай нь 1919 оны эхээр Сайн ноён хан Намнансүрэн хорлогдон нас барснаар Монголын ҮЭЧХ-ний гол удирдагчид үндсэндээ бүгд ертөнцийг орхисон гэж хэлж болох бөгөөд Манлай ванд Зоригтбаатар Э.Тогтохоос өөр түших тулах итгэлт нөхөр үлдээгүй гэж хэлж болох талтай. Тогтох тайж, Манлайбаатар нар 1919 онд хүж барилцан ах, дүүс бололцож хамгийн дотно найз нөхөд болжээ.

Нэг удаа Манлай ван Тогтох гүнд ярихдаа "Би энэ биеэ Хөлөнбуйрын ард түмний төлөө зүтгэж байгаад үхнэ. Богдын хэргэм шагналд шунахайрч, энэ зорилгоо алдваас хойт төрөлдөө уртаас урт чихтэй илжиг болно” хэмээн ам алдахад Тогтох гүн "Эр хүн ийм л байх ёстой” хэмээн сайшаасан юм гэдэг.

Орос улсад Большевик хувьсгал ялснаар Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрийг Оросын талаас харгалзах зүйлгүй болж, хятадууд дураараа дургиж эхлэв. Хятадын элчин Чин-И автономит эрхтэй Монголын эрх баригчдаас автономит эрхээ устгаж хуучин хэвээр Манжид байсан мэтээр ДИУ-д захирагдвал тэднийг Чин улсын үеийнхнээс илүү эрх мэдэлтэй болгоно хэмээн ятгаж байлаа. Энэ ятгалганд шанзаб Бадамдорж нарын ихэс дээдэс хуйвалдан оржээ. Ийнхүү 1920 оны 7-р сард ДИУ-ын Да Жунтан зарлиг гаргаж Монгол улсын автономит эрхийг устгаснаар тун удалгүй Хятадын генерал Сюй Шү Жаны цэргүүд түрэмгийлэн ирж Нийслэл хүрээг эзэлсэн байна. Үүнд дургүйлхсэн Манлай ван, Тогтох гүн, Ялгуунбаатар Лаврын Сумъяа нар бусад эх оронч ноёд ихэс дээдэстэй хамтран хэлэлцэж, эсэргүүцэн босох цэргийг ойрын аймаг хошуудаас дайчилж, Богдын өргөөнд хадгалагдаж буй зэр зэвсгээр зэвсэглэн, цэргийн агтанд Богдын есөн цагаан сүргийн морьдыг хэрэглэхээр тооцож, Хятадын цэргийг хөөн гаргахаар төлөвлөн бэлтгэж байсан байна. Мөн энэ үед хувьсгалч эх орончдын нууц бүлэг нам үүсэл тэмцлийн анхны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байсныг Манлай ван дотроо дэмжиж байлаа.

Монгол улс Хятадад дагаж орсны ёслол Богдын Шар ордны үүдэнд болоход Зоригтбаатар Э.Тогтох, Манлайбаатар хоёр шалтаг заан очоогүй бөгөөд тэнд очоод ирсэн хурц ван Түдэнгээс Тогтох гүн : "Жа, Та нар Богдыгоо Хятадын журагт мөргүүлээд ирэв үү?” хэмээн шоолонгуй асуухад Түдэн "Богд мөргөөгүй, мэхэсхийсэн” гэж сандрангуй хэлжээ. Үүнийг сонсож суусан Манлай ван илт дургүйцэж "Мэхэсхийсэн гэдэг чинь мөргөлөө гэсэн үг, Ваамба!” хэмээн уурлаж байсан гэлцдэг. Манлайбаатар Дамдинсүрэнг 1920 оны 7-р сарын 29-ны шөнө гамингууд баривчилж эрүү шүүлт тулган тамлан зовоож эхлэжээ.

Хятадын Силинбуугийн яамны шоронд Хатанбаатар Магсаржаваас эхлээд олон ихэс дээдэс баригдсан боловч хятад цэрэг Монголчуудын зэр зэвсгийг хураахад Манлай ван зэвсгээ хураалгаагүй эсэргүүцсэн нэрийн дор зөвхөн түүнийг үндсэндээ албаар ганцааранг тамлаж байв. Манлайбаатар ванг эсэргүүцэв хэмээн шүрэвгэр өндөр цагаан хятад офицер олон удаа маш хэрцгийгээр зодож, өшөөгөө авч буй мэтээр тавлаж байгаад хөгшин настай болсон түүний биед зориуд үхлийн цохилт хийсэн гэдэг.

- Төрийн хэргийг хүн амьддаа гүйцэтгэдэг бөгөөд бие хайргүй зүтгэж үхэхийн цагт төрдөө үнэнч бие тулгуур чөмгөн дээр тулж зогсож төгсөх ёстой” гээд хүнээр түшүүлэн босоод гарамгай жанжин Манлай ван зогсоогоороо амьсгаа хураасан байна.
Ийнхүү Монголоо гэсэн сэтгэлтэй цагийг эзэлсан гарамгай баатар, төрийн зүтгэлтэн Жамсрангийн Дамдинсүрэн атаат дайсны тарчилгаанд шүд зуун байж ард түмэн, тусгаар тогтнолынхоо төлөө үнэнч байсаар баатарлагаар амь үрэгджээ.

Дамдинсүрэн ван өндөр чилгэр чацархаг биетэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ширвээ хар сахалтай, хурц ширүүн харцтай сүрлэг, манж, хятад хэл нэвтэрхий мэддэг, ярианы болон бичгийн соёл сайтай яруу найрагч хүн байсан гэдэг. Тэрбээр дан ганц цэргийн хэргийг эрхлэж байсангүй. 1914 онд батлагдсан 65 зүйлт хууль эрх зүйн бичигт цэргийн асуудлаар санал оруулан батлуулж байснаас харахад эрх зүйн өндөр боловсролтой Монголын анхны хууль тогтоох эрх мэдлийн шинжтэй байгууллагын "гишүүн” байжээ. Мөн Монголын ирээдүйн сайн сайхны төлөө санаа бодлоо зориулж, нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагын зохион байгуулалтыг шинэ түвшинд гаргах, гааль, татварын бодлогыг шинэчлэх, газрын хэвлийн эрдэс баялгийг зөв зохистой ашиглах үйлдвэрлэл хөгжүүлж, буу зэвсэг, сум дарь үйлдвэрлэх, эрүүгийн болон иргэний эрх зүйд шинэчлэл хийх, газар тариалан эрхлүүлэх боловсролыг хөгжүүлэх талаар өөрийн гэсэн санаа бодолтой байж, түүнийгээ Богд хаанд болон Улсын дээд хуралд санал болгон оруулж байсан байна.

Эдүгээ түүний төрсний 135-н жилийн ой тохиож байгаа бөгөөд түүний гэр бүл, төрөл төрөгсдийнх нь талаар товч боловч өгүүлэхэд "Хөдөө”, "Хүрээ” хоёр хатантай байсан бөгөөд хөдөө хатан буюу авааль гэргий Олзадын Бүтэд зан сайтай, хүнийг дээр дор гэхгүй зочилсон хүний дээд хайлан байсан бөгөөд түүнээс Долсон, Дампил, Уртнасан гэсэн гурван хүү төрсөн байна.

Хүрээ хатан буюу залуу гэргийг Жамъянмядаг гэдэг сайхан бүсгүй байсан байна. Түүнээс ганц охин төрсөн. Түүнийг Нацагханд гэдэг байв. Тэр багаасаа орос, хятад, герман хэл сурсан агаад төр, засгийн газар ажиллаж байгаад 1953 онд нас баржээ. Нацагхандын охин Должин, Должингийн хүү (нэрийг нь мартжээ. Ш.П) Дорноговь аймгийн цагдаагийн газарт одоо ажилладаг бололтой.

1938 онд Дамдинсүрэнгийн дунд хүү Дампил нас барсан байна. Харин их хүү Долсон ван, бага хүү Уртнасан нарыг "Урт гар орж” хэлмэгдүүлжээ.
Харин Долсонгийн охин Должингийн төрүүлсэн хүүхдүүд болох Лхамжав, Эрдэнэзаан нарын зэрэг хүмүүс байдаг сурагтай.
Манлай вангийн төрсөн ах заан Шагдарын охин Дариас гарсан Лянхуа, хүү Хаян, охин Долгор нараас гадна нийтлэлийн эхэнд дурдсан бичигч молхи миний танил гурван "Омог бардам” эрсийг дурдахгүй байж болохгүй ээ. Манлай вангийнхнаас хэн нэгнийг үлдээсэн бол хүлцэл өчье.
Монголчуудын хувь заяаг мөнх хөх тэнгэр үүрд ивээг!!!

 

ГАМИНГИЙН ШОРОНД БОСООГООРОО НӨГЧСӨН МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН

 

ГАМИНГИЙН ШОРОНД БОСООГООРОО НӨГЧСӨН МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН

 

ГАМИНГИЙН ШОРОНД БОСООГООРОО НӨГЧСӨН МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН