|

НОГООН ГЭРЛЭЭР “ЗОРЧИХ” ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

НОГООН ГЭРЛЭЭР “ЗОРЧИХ” ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

 

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хуулийг төслийг хэлэлцүүлж эхэллээ. Энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа 2000 онд орсон 7 нэмэлт, өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж, тавыг нь засан сайжруулж:  

• Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах;
• Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах;
• Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах;
• Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулна гэдгийг хууль санаачлагачид дуулгаж байна. 

Эдгээр багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг хамарч байгаа юм. Энэ долоо хоногт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.

Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хэлэлцүүлэг олон жил явагдсан. Олон нам, улстөрчдийн, иргэдийн санал бодол орсон гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хуулинд ололттой олон зүйл байгаа ч эргэж харах зүйл бас байгаа. Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө хуульд тавьсан шаардлагад нийцүүлж байж хэлэлцүүлгийг эхлэх ёстой.. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг хуульд нийцүүлэн өргөн бариагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Зургаадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталчихаад энэ хуулийн хэрэгжилт эхлээгүй байхад хуучин хуулиар хэлэлцэж байгаа нь буруу. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч, шинэ хууль баталсан. Гэтэл энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр явж байгааг туйлын буруу гэж харж байна  АН-ын зөвлөлөөс хуулийн дагуу завсарлага  авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах боломжгүй. Тиймээс Хууль журмын дагуу шаардлагыг нь хангаж хэлэлцүүлгийг эхлээч гэсэн шаардлагыг дахин тавья. Зөвшилцлөө хийж, улс төрийн намуудын саналыг аваач ээ. Цөөнх, сөрөг хүчин гэж байгаа бидэнд нэг л боломж үлдлээ. Хэлэлцүүлгийг хууль журмын дагуу эхлүүлтэл АН-ын зөвлөл чуулганы хуралдааныг орхин гарахаас өөр аргагүй” гэдгийг хэллээ.

Ийнхүү АН-гүй Үндсэн хуулийн хэлэлцүүлэг үргэлжлэх нь ээ. Нэг үгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ногоон гэрлээр "зорчих” нь. 
П.ГОО
Оллоо.мн