|

Венецийн кино наадам эхэллээ

Италийн Лидо аралд Венецийн олон улсын кино наадам эхэллээ. Энэ жил 76 дахь удаагаа зохиогдож буй наадмыг Японы найруулагч Хироказу Корээдагийн бүтээсэн "Үнэн” киногоор нээх ажээ.

Ирэх сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх уг наадамд уран сайхны 21 кино оролцож байгаа юм. Наадмын улаан хивсэн дээгүүр "Үнэн” киноны гол дүрүүдийг бүтээсэн Францын алдарт жүжигчид болох Катрин Денев, Жульетт Бинош нар алхана. Түүнчлэн Жеймс Грейн найруулсан "Оддын зүг” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Брэд Питт, найруулагч Стивен Содербергийн бүтээл "Угаалгын газар” кинонд тоглосон Оскарын гурван удаагийн шагналт алдарт Мерил Стрип тэргүүтэй жүжигчид, Колумбын найруулагч Сиро Геррагийн "Зэрлэгүүдийг хүлээж байна” киноны гол дүрийн жүжигчин Жонни Депп нар Лидо аралд хүрэлцэн ирэх ажээ. Наадмын хаалтын ажиллагаанд "The Rolling Stones” хамлагийн гоцлол дуучин Мик Жаггер оролцож магадгүй байна. Тэрбээр Италийн найруулагч Жузеппе Капотондигийн бүтээсэн "Шаргал улаан тэрс үзэл” кинонд тогложээ. Уг киногоор энэ жилийн кино наадмыг хаах юм.

Венецийн кино наадам анх 1932 онд болж байсан бөгөөд анхны наадмыг Америкийн найруулагч Рубен Мамуляны бүтээсэн "Доктор Жекилл ба ноён Хайд” киногоор нээж байжээ.

Д.Жаргал